Зохиолч Х.Болор-Эрдэнэ- “Зарим нь”

12337

Зарим нь алдсан нохойныхоо араас уй гашууд автаж байхад зарим нь аврах боломжтой хүний үхэхийг хүлээн инээд алдаж зогсох.

Зарим нь хоногийн хоолны төлөө биеэ үнэлж байхад зарим нь хоносон хоолоо хог руу шидэх.

Зарим нь нутаг нэгтнээ мөрөөсөн гансарч суухад зарим нь элэг нэгтнээ гадуурхан сагсалзах.

Зарим нь майжига ч болов бүтэн хөл мөрөөдөж байхад зарим нь мах мариагаа хайчлуулж илүүрхэж байх.

Зарим нь олсон ганц талхаараа олон хүнийг тэтгэж байхад зарим нь оффшортоо сая доллар мартаад шунаж суух.

Зарим нь ганц нүдээр ч болов хайртай хүнээ харахыг мөрөөдөж байхад зарим нь ханилсныхаа ясыг хугалчихаад дэвсэлж байх.

Зарим нь аяга цайныхаа усыг савлан зөөж байхад зарим нь асгаж цутган булхаж суух.

Зарим нь хүний чимээ чагнан гиюүрч байхад зарим нь “хөл дарлаа” хэмээн уурсаж хаалгаа оньслох.

Зарим нь амласнаа биелүүлэх гэж амиа золин зүтгэж байхад зарим нь ангайх бүртээ худлаа хэлээд ажиггүй инээж явах.

Зарим нь аврах нөхөр үгүйлэн аз сорьж байхад заримд нь арссан бүхэн дайсан болж харагдах.

Хүнд гарзгүй ганц баялаг заяасан нь үг хэл юмсан. Үнэн үгээ харамлаж, чин сэтгэлээ нууж, туйлбаргүй хольбир зангаар туулж хорвоог барахаар зүтгэх шилэн нүдтэй хүмүүсийн дундаас шингэхэн харцыг олж үзэх нь бэрх агаад бүтэшгүй хоосон бус гэдэгт итгэнэм. Итгэхийг хүснэм.

Гэрэл асаахыг оролдох бүртээ гэтүүлж, эмтлүүлсээр цөхөрсөн, тэгээд мөнх харанхуйд нуугдсан гэрэлт тэр хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэе.

Tours. 2016.07.31


URL: