Өөнтөглөх хэрэггүй

-4526753844480056767_800_x_533

Дэлхий нийтийг хамран тархсан шинэ коронавирусийн халдварын улмаас үүссэн нөхцөл байдал хүмүүн төрөлхтнийг ёс зүй, оюун бодол, сэтгэл зүй, амьдрах чадвар гээд олон талт “шалгалтад” оруулж байна. Улс, үндэстнүүдийн хувьд ажилгүйдэл, эдийн засгийн хүндрэлтэй тулгарсан нийтлэг дүр зурагтай байгаа энэ цаг үед манай нийгэмд нэгэн “тулаан” үүсээд буй. Үүний нэг талд нь гадаадаас эх орондоо ирэхийг хүссэн монголчууд, тэднийг хурдан шуурхай татаж авахгүй байна хэмээн төр, засгаа шүүмжлэгчид. Мөн улс нь иргэдээ үнэ төлбөргүй авчрах үүрэгтэй гэсэн үзэл бодолтой хүн олон бий.

Тэдний байр сууринаас авч үзвэл буруу гэх зүйлгүй мэт боловч нөгөө өнцгөөс харвал зөвтгөхөд бас бэрх.

Ер нь аль ч нийгэмд үйлчилгээ авахын тулд мөнгө төлдөг журамтай. Дэлгүүрээс талх, сүү үнэгүй авдаггүйтэй утга нэг. Тийм байтал Монгол Улс гадаадад гацсан иргэдээ үнэ төлбөргүй, тэгээд шуурхай татан авахгүй байгаа нь хүмүүнлэг бус хандлага гэж буйтай санал нийлэхгүй нь. Иргэд гадаадын улс орнуудын хийж байгааг дөвийлгөн, сайшаагаад өөрийнхийг өөнтөглөөд байх шиг.

“Ковид-19” өвчин урд хөршид голомтлон тархсан нэгдүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл Монгол Улс дэлхийн өнцөг булан бүрийн 40 улсаас 15 мянга гаруй иргэнээ татан аваад байгааг чамлаж болохгүй. Өдгөө нутаг буцах хүсэлтээ гаргасан барагцаагаар 12 мянган монгол хүн 49 улсад дарааллаа хүлээж байгааг холбогдох албаныхны мэдээллээс харж болно. Тэгэхээр эх орондоо ирэхээр хүсэлт гаргагсдын талаас илүү хувийг тээвэрлэн авчирчээ. Хилийн чанадаас ирсэн хүмүүсийн олонх нь агаарын тээврээр үйлчлүүлсэн байна. Өөрийн эзэмшлийн ганц (Боинг 767), түрээсийн таван онгоцтой Монголын хувьд энэ нь чамлах бус, сайшаах үзүүлэлт. Тэдгээр онгоцыг хөдөлгөдөг 60-аад нисгэгч, бүхээгийн “байлдагч” 120 гаруй үйлчлэгч бий. Тийм байтал МИАТ баруун, солгойгүй хүнээ тээвэрлэхгүй байна, тасалбарын үнийг буулга, чартер нислэгийн тоо цөөн гэхчлэн шүүмжлэх нь харгис хандлага. Өмнө нь явж байгаагүй чиглэлд онгоцоо нисгэхийн тулд бууж, хөөрөхөөс эхлээд, түлшээ цэнэглэх, зорчигчдыг байрлуулах орц, гарц гэхчлэн түмэн асуудалтай тулгардаг, үүний тулд олон улсын хэмжээнд өч төчнөөн гэрээ хийж, түүнийгээ баталгаажуулж, ажил хэрэг болгох нь наян уулыг мөлхөж давахтай ч зүйрлэх аргагүй ярвигтай, шат дамжлагатай том үйл хэрэг байдгийг албаныхан, мэргэжлийнхэн гэлтгүй хэн хүнд ойлгомжтой санагдах юм. Үүссэн нөхцөл байдлыг ойлгохгүй, эсвэл ойлгохыг хүсэхгүй байгаа хүмүүсийн дайралт зөвхөн МИАТ-т тусаагүй. Энд нэг зүйлийг нэмж тодруулахад, МИАТ хэдийгээр төрийн өмчит компани гэдэг тодотголтой ч гэсэн улсаас сохор зоосны ч татаас авдаггүй юм. Орлого, зарлага, цалин хөлс, засвар, үйлчилгээ, түрээс гэхчлэн бүгдийг бор зүрхээрээ авч яваа зараал төдий.

Боломжит бүх “нүх сүвээрээ” иргэдээ оруулахгүй байна, санаачилга, сэтгэл дутлаа гэх. Хэдийгээр авлигад автсан дарга нартай гэж чичилдэг ч гэсэн хилийн дээстэй тусгаар улс байна даа, онцгой нөхцөл байдалд хэрхэн ажиллахаа мэдэж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй буй за. Орчин цагийн монгол хүмүүний “доторыг” шинэ вирус “ухаж”, илчлээд өгөх шиг. Юм л бол үнэгүй үйлчилгээ нэхэж, юм л бол муулж, гоочилдог бидний муу зан энэ өдрүүдэд улам тодроод байх шиг.

Төр, засаг руугаа “нулиман” байж эх орондоо ирсэн зарим иргэн улсаас баталсан дүрэм журмыг үл тоож, тусгаарлах байрны үйлчилгээний төлбөрөө өгөхгүй байгаа нь харамсалтай. Эл шалтгаанаас болж УОК-т 17.9 сая төгрөгийн өр үүссэн талаар албаныхан мэдээлсэн. Энэ мөнгө улсын халаасанд бус, үйлчилгээ үзүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны зардал шүү дээ. Танай гэрт танихгүй хүн хоноглож, хооллоод нэг ч төгрөг өгөхгүй байгаатай утга нэг юм. Тийм муйхар, хувиа бодсон хүмүүсээс болж тусгаарлах байрны үйлчилгээ доголдох эрсдэл ч бий.

Монгол хөгжил буурайдуу, халаас нимгэн улс. Гэсэн ч дайны үеийнх шиг онцгой нөхцөлд баян улс шиг “бийлэгжүү” байж, нэг цустайгаа батлан нэгдэж чадахыг өнөө цагт харлаа. Аюулт вирусийн тархалт намжих нь дамжиггүй. Энэ бол цаг хугацааны л асуудал. Тэр цагт харин нүүдлийн шувуу болон одохоор төлөвлөж байгаа бол Монгол Улсын иргэн та одоо байгаа газартаа үлдээрэй, бас уучлаарай.

Сурах, ажиллах, амьдрах, эмчлүүлэх, үр хүүхдүүдийнхээ урилгаар явах гээд гадаадыг зорих шалтгаан хүн бүрт адилгүй. Тэр хэрээр эх нутагтаа харих эрмэлзэл, хүсэл нь өөр өөр. Гарцаагүй шалтгаанаар “гарсан” улсууд энэ өгүүлбэрийг өлгөж бүү гоочлоосой.

Бэлтгэсэн: Э.Хана

Unuudur.mn


URL: