Онцгой үеийн түр томилгоонууд
Засгийн газар зарим агентлагийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулалтгүй томилж байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Тодруулбал, Засгийн газар ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилохдоо сонгон шалгаруулалтаа баримталсан. Бусад томилгоог шууд хийгээд байгаа юм.
Ийнхүү шууд томилгоо хийж буй нь Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тухай хуулийг зөрчиж байгаад шүүмжлэлийн гол учир нь оршиж буй. Тухайлбал, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар л гэхэд олонх нь 2016 оны сонгуулийн дараа сонгон шалгаруулалтад орж хуулийн дагуу зургаан жилийн хугацаатай томилогдсон. Тэгэхээр 2022 он хүртэл хуулийн дархлаатай гэсэн үг. Иймээс хэвлэлүүд шүүмжлэлт өнцгөөс хандаж байгаа юм. Манай сонин “Хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх Төрийн нарийн бичгийн дарга нар хэн бэ”, “Хуулийн дархлаатай төрийн нарийн бичгийн дарга нарыг ямар “цоорхойгоор” чөлөөлөөд байна вэ” асуудал хөндсөн нийтлэлүүдийг бичиж байв. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд олуулаа ялалт байгуулж, төрийн бараг бүх эрх мэдлийг төвлөрүүлсэн МАН “Амьтны ферм” шиг ажиллаад эхэлснийг шүүжилсэн хэрэг. Тэгвэл энэ асуудлаар Засгийн газрын ХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар тайлбар хийжээ. Тэрээр сонгон шалгаруулалтгүй томилгоо хийж буй талаар ”Коронавируст халдвар /Ковид19/-ийн цар тахлын үеийн урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг УИХ-аас баталсан байгаа. Энэ хуулийг барьж шийдвэрлэж байгаа зохицуулалтууд юм. Өөрөөр хэлбэл, түр зохицуулалтууд гэж ойлгож болно. Тухайлбал, энэ хуулийн хүчинтэй хугацаанд л томилгоонууд түр хийж байна гэж ойлгож болно” гэв. Энэ хуулийн 1.1-т “Коронавируст халдвар /КОВИД-19/-ийн цар тахал /цаашид “цар тахал” гэх/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна” гэж зорилтоо тодорхойлжээ.
Харин тус хуулийн 3.2-т “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заажээ.
Тэгэхээр сая томилогдсон агентлагийн дарга нар, зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга түр томилогдсон гэсэн үг юм. Энэ нь сонгон шалгаруулалтын дагуу томилогдож ажлаа хүлээж аваад байгаа Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраас бусдад нь хамаатай болж таарч байна.
Өөрөөр хэлбэл, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмарын хэлж байгаагаар бол коронавирусын тухай хуулийн хүчин төгөлдөр хугацаа дуусмагц шууд томилгоонууд нь Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны тухай хуулийнхаа дагуу хийх юм байна гэж ойлгогдож байна. УИХ-д 62 суудал авч, төрийн эрхийг үргэлжлүүлэн барьж буй МАН-аас “Төрийн бодлого, залгамж чанарыг хангахад байгууллага бүр онцгой анхаарна” хэмээн удаа дараа мэдэгдэж байсан. Тухайлбал, тус намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанар, тогтвортой байдлыг хангаж, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулан, нийгмийн баталгааг нь бэхжүүлэх чиглэлээр байгууллага бүр тодорхой, үр дүнтэй ажил зохион байгуулах ёстой. Хуулиа дээдэлж, ёс зүйг эрхэмлэн шударгаар ажиллаж буй төрийн албан хаагчдаа Монголын төр бүх талаар дэмжиж, хамгаалан ажиллах болно гэдгээ хэлье” хэмээн амлаж байв.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Төрийн алба улс төрөөс хараат бус, тогтвортой ажиллуулах шинэтгэлийг хийсэн” хэмээн мэдэгдэж байв. Түүнчлэн төрийн албанд мерит зарчмыг хэрэгжүүлэхээ МАН 2020 оны сонгуулийн амлалтдаа ч мөн тусгасан. Тиймээс коронавиурсын хүнд үе дуусч бүх зүйл хэвийн горимд шилжсэний дараа олон нийтийн таамаглаж байгаачлан орон нутгийн сонгуулийн дараа буюу ирэх намраас төрийн албаны шат шатны сонгон шалгаруулалт эхлэх бололтой.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.7.31 БААСАН № 146 (6371)
URL: