“Сонгодог урлаг төгс төгөлдрийн бэлгэдэл”
Хүүхдийн хүмүүжил, гоо зүйн боловсролд урлаг яах аргагүй гол үүргийг гүйцэтгэдэг. Тэр дундаа сонгодог урлагийн нэгэн төрөл болох балет нь хүүхдийн биеийн хөгжил болон боловсролд их нөлөөлдөг. Энэ талаар бид “Aurora Ballet” төвийн багш Б.Оюундэлгэртэй ярилцсан юм.
-Яагаад балетаар хичээллэх болсон юм бэ?
-Би Завхан аймгийн хөгжим, бүжгийн коллежийг төгссөн. Бүжигчин, бүжгийн багш мэргэжилтэй. 2017 оноос “Aurora Ballet” төвийг нээн удирдан ажиллуулж байна. Би гуравдугаар ангиасаа л бүжиглэж эхэлсэн. Хүүхэд байхын л дуу хөгжимд дуртай хүүхэд байсан. 2007 онд мэргэжлийн сургуульд элсэн орсон. Би монгол бүжгийн ангид суралцаж төгссөн. Тэгээд бүжиг гэдэг зүйлийг таньж мэдэх тусмаа балет буюу энэ мэргэжлийн сонгодог бүжгийн төрөлд дурлаж эхэлсэн. Бүх төрлийн бүжгийн суурь нь сонгодог бүжиг дээр тавигддаг болохоор энэ төрлийн бүжигт илүү дурласан. Гэхдээ монгол бүжгийн багшаараа гурван жил ажиллаж байсан.
-Балетаар хичээллэхэд хэр хүндрэлтэй байсан бэ?
-Сонгодог урлаг төгс төгөлдрийн бэлгэдэл учраас маш хүнд байсан. Наад захын сунгалтын дасгал хийхээс эхлээд л хүнд хэцүү зүйл их. 12 настайдаа суралцаж эхэлсэн болохоор ийм насны хүүхдүүд гадаа тоглож байгааг хараад атаархах адилхан тогломоор санагдах үе олон гарч байсан. Мэдээж 12 настай хүүхэд өглөөний 8:00 цагаас эхлээд орой 20:00 цаг хүртэл бэлтгэл сургуулилт хийнэ гэдэг хүнд зүйл. Би сайн санадаг юм. Манай дасгалын байрны хажууд 10 жилийн сургууль байдаг байсан. Тэгээд цонхоороо гадаа тоглож байгаа хүүхдүүдийг хараад манай ангийнхан зааланд сунгалт хийгээд би уйлаад тэр хүүхдүүдийг хараад зогсож байснаа маш сайн санадаг. Энэ мэт хүнээс их тэсвэр тэвчээр шаарддаг зүйл бол балет юм. Тухайн үедээ л үеийнхэндээ их атаархдаг байсан адилхан тоглохыг хүсдэг байлаа.
-Сургалтын төвөө хэзээнээс ажиллуулж эхэлсэн бэ?
-Манай сургалтын төв үйл ажиллагаагаа явуулж эхлээд гурван жил болж байна. Дан ганц балетын чиглэлээр биш давхар төгөлдөр хуурын сургалт явуулдаг байгаа. Сургалтын төвд гурваас дээш бүх насны хүмүүс хамрагдах боломжтой.
-Танай сургалтын төвийн хамгийн бяцхан шавь нар хичээлээ яаж үзэж дасгал хөдөлгөөнөө хэрхэн давтдаг вэ?
-Гурван настай бяцхан шавь нар минь бий. Хүмүүс гурван настай гэхээр их гайхдаг. Сонсоход нялх жаахан мэт боловч энэ насны хүүхэдтэй ажиллахад том хүнээс хялбар байдаг. Нас биед хүрсэн хүмүүсийг бодвол биеийн гүйцэтгэл сайн байдаг. Мөн энэ насныханд хичээл ороход их сонирхолтой байдаг. Хөөрхөн зүйлс их ярьдаг. Багшаас хайр халамжийг хүсдэг гэх мэт сонирхолтой зүйл их бий. Бага насны хүүхэдтэй ажиллах нь багшийн ур чадварыг шаарддаг. Сард найман удаа хичээлээ заахдаа өдөр болгон нэг дасгалаа хийлгээд байж болохгүй байнгын нэг зүйлийг нь давтуулж тэр хүүхдийг залхаахгүйн тул их хичээх шаардлагатай байдаг.
-Балетаар хичээллэх нь хэр ач холбогдолтой вэ?
-Балет нь өөрөө хүүхдийн зүүн баруун тархи болон хөлний үзүүрээс эхлээд толгойн орой хүртэл бүх зүйлийг давхар ажиллуулдаг. Хүний хоёр тархийг ижилхэн хөгжүүлдэг гэдгээрээ онцлог. Тухайн бүжиглэж байгаа бүжгийнхээ гүйцэтгэлийг бүтэн төгс гаргахын тулд тархи өөрөө маш их ачааллыг авч улмаар хөгждөг байгаа. Мөн орон зайн мэдрэмжтэй болдог.
Хүүхэд өөрөө гоо зүй, бие бялдрын хувьд өв тэгш өсөх боломжийг бий болгодог. Түүнээс гадна хөлний нум, арын шилбэ, түнх, нурууны мурийлт гэх мэт төрхийн болон олдмол бэртэлтэй хүмүүс энэ бэртлээ балетаар хичээллэснээр засах боломжтой. Эцэг эхчүүд хүүхэддээ гоо зүйн мэдлэг олгох гэж их авчирдаг. Бас урлагаар дамжуулж хүүхдээ хүмүүжүүлэх гэж хичээдэг болсон байна.
-Танай сургалтын төвд эрэгтэй хүүхэд хичээллэдэг үү?
-Балетаар хичээллэхэд хүйсийн ялгаа байхгүй. Мөн насны ялгаа ч байдаггүй. Гэхдээ одоохондоо манай сургалтын төвд эрэгтэй хүүхэд хичээллэдэггүй. Яагаад гэвэл эрэгтэй хүүхэд эрэгтэй багшаар хичээлээ заалгах хэрэгтэй. Эмэгтэй багш эрэгтэй хүүхэдтэй ажиллавал манер алдагддаг. Тухайн хүүхэд илүү эмэгтэйлэг шинж чанартай болох эрсдэлтэй байдаг. Тиймээс хөвгүүд маань заавал эрэгтэй багш дээр хичээллэх ёстой байгаа.
-Таны бодлоор хүмүүс сонгодог урлагийг хэр их сонирхож байна?
-Намайг анх сурч байхад хүмүүс энэ урлагийн талаар тийм ч их мэдээлэл аваагүй байсан. Харин одоо бол хүн болгон энэ урлагийн талаар маш сайн ойлголттой болсон байна. Эцэг эхчүүдийн хувьд энэ төрлөөр сургалт явуулдаг олон төвөөс сонголтоо сайн хийж чадаж байна. Тэдний сонгодог урлагийн талаарх мэдлэг их хөгжсөн. Монгол ардын бүжгээр бүжиглэх балетаар бүжиглэх хоёрын ялгааг сайн мэддэг болсон.
-Балет гэхээр хүн бүхэн хөлийнхөө эрхий хуруун дээр тогтож бүжиглэдэг гэж ойлгодог. Тэгвэл хэр удаан хичээллэж байж тэгж тогтдог юм бол?
-Тийм ээ хүн бүх тийм ойлголттой байдаг. Хөлийн өлмийн дээр зогсохын тулд хамгийн багадаа гурван жил хичээллэсэн байх шаардлагатай байдаг. Тухайн хүүхдийн шагай, нум хэсгээрээ чанга байж тэр хөдөлгөөнийг хийх боломжтой. Балетын үндсэн техникийг бүрэн төгс сурсан байх хөлөө шагай болон өвдөг хэсгээрээ бүрэн чангалах хэрэгтэй. Хэрэв хөл нь чангараагүй байхад нь зогсоовол шагай нь бэртэх магадлалтай. Зарим нэг аав ээжийн хувьд хүүхдээрээ тухайн дасгалыг хийлгэх дургүй байдаг. Яагаад гэвэл тухайн дасгалыг хийснээр хүүхдийн хөлийн хуруу эвдэрдэг. Тиймээс энэ дасгалыг яг мэргэжлийн бүжигчин болох чин хүсэлтэй хүмүүс хийх нь зүйтэй.
Бүжигчдийн дунд нэг уриа байдаг “Өөрийгөө зовоож бусдыг баярлуулах” гэж. Энэ бол яг л бүжигчин хүнд зориулсан үг. Тухайн бүжгийг сурах гэж тэр хүн ямар их хүч хөдөлмөр зарцуулсаныг энэ үг нотолж байгаа хэрэг.
-Балетаар хэдэн настай хүмүүс илүү их хичээллэж байна?
-Бүх насны хүмүүс явж болно. Гэхдээ манай сургалтын төвд хамрагдаагүй нэг нас байдаг. Тэр нь өсвөр насныхан. Өсвөр насны хүүхдүүд яг хаана юу хийж явна вэ Аав ээж нь яг энэ насан дээрээ яваа хүүхдүүддээ анхаарал тавихаа умартдаг. Энэ насны хүүхдүүд дан ганц манай сургалтын төв гэлтгүй бүх газарт очиж өөртөө хөгжих боломжийг олгохгүй байна. Тиймээс хувь хүн болж төлөвшиж байгаа энэ насан дээрээ өөрийгөө хөгжүүлж байвал хэрэгтэй байх гэж боддог. Тэгээд яг энэ насны хүүхдэдээ аав ээжүүд нь анхаарахыг л уриалмаар байна. Тухайн хүүхэд энэ сургалтад явснаар дан ганц биеийн хөгжлийн хувьд өв тэгш болохгүй бас ёс зүй хүмүүжлийн тал дээрээ ч гэсэн зөв дадал зуршилтай болно.
Б.Оюунзул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: