“Бүжиг миний сэтгэлийн илэрхийлэл”
Сүүлийн үед залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чамлахааргүй хувь нэмэр оруулж байгаа зүйл бол бүжгийн спорт юм. Монголдоо чансаагаараа дээгүүрт бичигддэг “Sun dance” бүжгийн сургалтын төвийн багш Ж.Наранчимэгийг “Залуус” буландаа онцолж байна.
Монгол ардын бүжигчин мэргэжилтэй тэрээр таван настайгаасаа бүжиглэж эхэлсэн авьяаслаг нэгэн юм. Өвөө эмээгийндээ байхдаа толинд хараад өөрөө бүжиг зохиож бүжиглэдэг байжээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл бүжгээс нэг ч удаа холдоогүй гэсэн. Бүжгээр амьсгалж, амьдарч байна гэж хэлж болно хэмээн ярьж байсан юм. 2009 оны гуравдугаар сарын 18-нд Ж.Наранчимэг “Sun dance” бүжгийн клубээ өөрийнхөө нэрээр нэрлэсэн гэв. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ төвд бүх төрлийн бүжгийн сургалт явагддаг.
Насны ангиллын хувьд таван наснаас дээш бүх насны хүмүүс хамрагдах боломжтой аж. Сургалтын төв нь зургаан багштай бөгөөд хүмүүс ихэвчлэн ардын болон чөлөөт бүжгийг сурах хүсэлтэй байдаг байна. Нэг ангид нь 10-13 хүн хичээллэдэг байна. Ж.Наранчимэг нь шавь нартайгаа хамтран хамтлаг дуучдын болон томоохон шоу контентуудтай хамтран ажилладаг аж.
Монголд бүжиг хэр хөгжиж байгаа талаар асуухад “Манай оронд сүүлийн хэдэн жил бүжгийн урлаг гайхалтай сайхан хөгжиж байна. Тэр дундаа мэргэжлийн бүжгийн байгууллага, бүжгийн спортын холбоо, балет мөн чөлөөт бүжгийн чиглэлийн сургалтууд сайн ажиллаж байна. Мөн олон сайн бүжигчид төрж байна” гэсэн юм.
“Sun dance” бүжгийн клубын хувьд чөлөөт бүжгийг хөгжүүлэх тал дээр түлхүү анхаарч үйл ажиллагаагаа явуулж байгаа гэв. Ж.Наранчимэг нь бүжгийн тавилтаа ямар газар бүжиглэх, ямар арга хэмжээнд оролцох гэж байгаагаасаа хамаарч олон аргаар дэглэдэг байна. Түүний хувьд хүмүүсийн дэглэсэн бүжгийг бүжиглэхээсээ илүү өөрийнхөө зохиосон бүжгийг бүжиглэх дуртай. Тэрхүү бүжиг нь өөрийн дотоод сэтгэлдээ мэдэрч байгаа баяр хөөр, уйтгар гунигийг шингээсэн болохоор тэр. Бүжиг бол түүний хувьд дотоод сэтгэлийн илэрхийлэл, урагш тэмүүлэх эрч хүч нь сайхан бүхний илэрхийлэл ажээ.
Одоо түүнд тавдугаар ангиас нь эхлээд бүжиг заасан 30 гаруй шавь бий гэсэн. Шавь нартайгаа өөрийн дэглэсэн бүжгээ бүжиглэнэ гэдэг хүний мэдрэх хамгийн сайхан мэдрэмж гэв. Мөн тэрээр залуусыг бүжгээр хичээллэхийг уриалсан бөгөөд бүжгээр хичээллэхийн давуу тал нь мөнхийн дасгал хөдөлгөөн, эрүүл мэнд, гоо сайхан байдал гэсэн юм. Бүжигт дуртай, сонирхолтой, бүжиглэж сурмаар байгаа ч ичээд бүжиглэж чаддаггүй. Өөртөө итгэлгүйгээсээ болж дуртай зүйлээ хийж чадахгүй байгаа хүн олон бий. Тэдэнд хандаж хэлэхэд хийхийн төлөө урагшилж, хичээж шантралгүй цаг үргэлж хөдөлмөрлөхийг уриалсан юм.
Б.Оюунзул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: