Дарь-Эхийн 3.3 км авто замыг шинэчлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо “Дарь-Эхийн гудамж”-ны 3.3 км автозамын засвар шинэчлэлтийн ажлыг шалгаж ажиллалаа.

3EF79D8B-88CF-474C-8048-CC0CE31D339B

Уг замыг 2020 оны долоодугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж эхэлсэн. Эхний ээлжинд “Ус зайлуулах шугам, хоолой”-г суурилуулахтай холбогдуулан тус хэсгийн автозамыг долоодугаар сарын 27-ны 22:00 цагаас наймдугаар сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хааж, засварын ажлыг гүйцэтгэж байна. Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “2010 оноос хойш Дарь-Эхийн замд их засвар хийгдэж байгаагүй. Урсгал засварын ажил бол хийгдэж байсан. Энэ замд борооны ус их хуримтлагддаг, авто зам эвдрэлтэй байна гэдэг гомдол, санал иргэдээс их ирдэг. Эхний ээлжинд бид 3.3 км авто замын засвар шинэчлэлтийн ажлыг хийж эхэллээ. Шинэчлэхдээ ус зайлуулах хоолойтой, гэрэлтүүлэг, хоёр талаараа явган зам болон бусад тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн” гэсэн мэдээллийг өгөв.

Авто замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Зэстхөлөг” ХХК ажиллаж байна. 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ дуусах боловч хүн хүч, техник хэрэгслээ нэмэгдүүлж ажилласнаар зорчих хэсгээ 8 дугаар сарын 25 гэхэд бүрэн хийсэн байхаар зорьж ажиллаж байгаа. Түүнээс хойш гэрэлтүүлэг, тохижилт болон бусад ажлуудаа замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хийхээр төлөвлөж байна гэдгээ нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра мөн Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд онцолж хэлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Замын засвар шинэчлэлтийн ажилд холбогдох газрууд хяналтаа сайн тавьж ажиллах шаардлагатай. Хүн хүчээ нэмэгдүүлж ажиллаарай. Энд амьдарч байгаа оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах хэрэгтэй. Төлөвлөсөн хугацаандаа замын ажлыг хийх ёстой. Хоног хугацаа алдаж болохгүй” гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад хандаж хэлээд “Дарь-Эхийн замаар зорчдог иргэд бүтээн байгуулалтын ажилд хүлээцтэй хандаж, заасан хугацаанд энэ замаар зорчихгүй, нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон бусад хяналт тавьж ажиллаж байгаа газруудын ажилд хүндэтгэлтэй хандан, өөрсдийн амьдрах орчныг сайжруулах ажилд идэвхтэй оролцоорой” гэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


URL: