Тарваган тахлын вакциныг сайн дураар хийлгэх боломжгүй

2F65D92B-8B84-4B19-82B1-36BCE446B31A
Дэлхий нийтийг түгшээсэн коронавирусаас тарваган тахал 10 дахин аюултай гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлж анхааруулж байна. Манай улсын хувьд энэ жил тарваган тахлын өвчлөл, сэжигтэй тохиолдол өмнөх жилүүдийнхээс идэвхтэй байна. Он гарснаас хойш тарваган тахлын 11 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс гурав нь батлагдаж нэг нь нас барчээ.
Тэгвэл тарваган тахлын батлагдсан нэг тохиолдолд дунджаар 100 гаруй сая төгрөгийг улсын төсвөөс зарцуулж байна. Үүнд халдварын голомтод ажиллаж байгаа эмч, цэрэг, цагдаагийн алба хаагчдын цалин, хамгаалалтын хувцас, төрөл бүрийн ариутгалын бодис, шатахуун ордог аж. Зөвхөн энэ онд л гэхэд 11 сэжигтэй тохиолдолд тэрбум гаруй төгрөг зарцуулсан болж таарч байна. Үүнээс гадна тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрвэл тухайн иргэдийг тусгаарлаж эмчлэхээс гадна тэр бүсэд хөл хорио тогтоодог. Харин хөл хорио тогтоосон өдрүүдэд орон нутаг, аж ахуйн нэгжүүдэд багагүй хохирол учирдаг байна. Жишээлбэл, Ховд аймагт гарсан тохиолдлоор зургаа хоног хөл хорио тогтооход хот хоорондын автобус нэгтгэл орлогогүй болж жолооч нартаа цалин тавьж чадаагүй. Мөн өнгөрсөн жил Баян-Өлгий аймгийн мах махан бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч ААН алдагдалд орсон. Энэ мэт хөл хорионы улмаас дам нөлөөлсөн мөнгөн хохиролуудыг бүгдийг нь тооцвол багагүй мөнгөн дүн яригдах нь ээ.
Эрүүл мэндийн байгууллагаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд аялж зугаалахдаа тарваганы мах идэхгүй байх, тарваган тахлын вакцин хийлгэхийг анхааруулж байгаа. Тиймээс аялагчид тарваган тахлаас сэргийлэхийн тулд вакциныг хаана хэрхэн хийлгэх талаар ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяраас тодруулахад “Монгол Улс вакцин үйлдвэрлэгч орон биш учраас дархлаажуулалтын вакциныг  ОХУ, Казахстан улсаас оруулж ирдэг. 30-38 мянга орчим иргэдийг хамруулж 15 мянга орчим вакциныг нөөцөнд хадгалдаг. Урьдчилан сэргийлэх боломжтой учраас дархлаажуулалтын вакциныг санал болгодоггүй. Гэхдээ дархлаажуулалтын вакциныг хүссэн бүхэн хийлгэхгүй. ЗӨСҮТ-ийн 15 аймаг дахь салбар жил бүр халдварын голомт бүс нутгуудаар тандалт судалгаа хийдэг. Ингэхдээ эхлээд тухайн газар нутагт нөхцөл ямар байна, ан амьтдад тусах магадлал хэр байна, бэлчээрийн мал тусах боломжтой юу, хүний өвчлөлийн эрсдэл бий юу гэдгийг гаргадаг. Судалгаан дээр үндэслэн хэчнээн хүнийг вакцинд хамруулахыг тооцоолно. Тэгэхээр дархлаажуулалтын вакциныг амьдарч буй бүс нутаг, ажил мэргэжлийн онцлогоос харгалзан үзэж түүврийн аргаар хийдэг. Жишээлбэл, байгаль хамгаалагч, уурхайн ажилчид, хээрийн судалгаа хийдэг археологи, геологийн ажилчид, тарваган тахалын голомтод ажиллах эмч зэрэг хүмүүст хийдэг. Энэ жил тандалт судалгаагаар 32800 хүн хамруулсан.
Улсын төсвөөс гаргаж байгаа их мөнгийг хариуцлагагүй иргэнээр төлүүл гэсэн шүүмжлэл гардаг. Төлбөрөө өөрсдөө төлөх ёстой гээд харсаар даамжруулж, тахал үүсгэж болохгүй шүү дээ. Эмнэлгийн байгууллагын зорилго бол өвчтөнийг эдгээх. Олон нийтэд халдвар тархахаас сэргийлж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Харин хуулийн хариуцлага хүлээлгэх асуудлыг  холбогдох эрх бүхий байгууллагууд шалгаж, хүлээлгэдэг” гэлээ.
Он гарснаас хойш зөвхөн Улаанбаатар хот орчмын шалган нэвтрүүлэх хэсгүүдэд 68 тохиолдлоор 148 тарвага оруулахаар завдсаныг цагдаагийн байгууллага хурааж устгалд оруулжээ. Хориглосоор байхад иргэд энэ мэтчилэн хариуцлагагүй хандаж улсад их хэмжээний зардал гаргаж зөвхөн мөнгөн зарлага биш хүний амь нас хохирч байгаа нь харамсалтай байна. Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Тарвагатай ойртохгүй, махыг нь идэхгүй байхад л өөрийгөө хамгаална. 2017 онд  тарвага агнахыг хуулиар хориглосон. Гэтэл одоог хүртэл орон нутагт хууль бусаар тарвага агнаж, эрсдэл дагуулсаар байна. Тарваган тахал эдгэрдэг ч хүмүүс хууль бус үйлдлээ нуун дарагдуулснаар эмнэлэгийн байгууллага оройтож мэдээлэл авч тусламж хожуу үзүүлэх тохиолдол ч гардаг талаар ЗӨСҮТ эмч нар хэлж байлаа.
Б.Мөнхчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: