“Жаст”-ын Ш.Батхүүгийн мөнгө угаасан хэрэг хаана явна вэ?

F55892DD-E705-4694-B2C0-F8DE30543C26
“Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглаад “Эрдэнэт” үйлдвэрийг гадаадын банкинд барьцаалсан байдаг.
Ингэж 2009 онд Англи улсын “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсныг манай улс дөрвөн жилийн дараа мэдэв. Өөрөөр хэлбэл, Өмнөд Африкийн “Стандарт” банк манай Засгийн газраас 140 сая гаруй ам.доллар нэхэмжилсэн албан тоотыг 2013 онд илгээснээр улс даяараа гайхаж, сандарч байлаа. Олсны үзүүр энэ үеэс эхлэн долоон жил хөвөрч байна. Энэ хугацаанд Ш.Батхүү нарын хэрэг хоёр ч удаа хэрэгсэхгүй болж, Өршөөлийн хуульд хамрагдаж нэг л урагшлахгүй байсаар өнөөдөртэй золголоо. Шалгадаг газрууд нь гэдийж, шалгуулж байгаа нь ял завших маягаар хууль хяналтын хэдэн байшингийн хооронд гацав.  Ийнхүү сураг алдарч, Ш.Батхүү нар суллагдахын даваан дээр олон улсын арбитрын шүүх, Эрүүгийн багц хуулийн өөрчлөлт хэргийг “эргүүлээд” босгоод ирсэн. Өнгөрсөн хугацаанд Ш.Батхүүг хэд хэдэн удаа цагдан хорьж суллах зэргээр олон ч юм болж өнгөрлөө.
Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан “Жаст”-ын Ш.Батхүү болон түүний хамсаатнууд болох ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Амарбат тэргүүтэй албан тушаалтнуудын хэрэг шийдэгдэхэд тун дөхжээ.
Хамгийн сүүлд Ш.Батхүү нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 24 буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт жич мэдэгдэхээр болов.
Нийслэлийн прокуро­рын газраас “Жаст” группийн захирал Ш.Батхүүг Эрүүгийн хуулийн долоон зүйл заалтаар буруутгажээ. Түүнийг залилах, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах, нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах, мөнгө угаах гэмт хэрэгт буруутгасан.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн дарга Г.Амарбат нарыг  Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэж буруутгасан. Мөн “Алтжин групп”-ын Ерөнхий захирал Г.Алтанг нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах, залилах, Э.Сүрэнг залилах гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.
Долоон жил хууль хяналтын байгууллагаас “уяатай” байсан энэ хэргийг хэзээ нэг талд нь гаргах бол.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

URL: