Ёкозүна Хакүхо 50 дахь удаагаа нэг ч уналгүйгээр качикоши хийлээ
Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн найм дахь өдрийн барилдаанууд өчигдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж өндөрлөлөө. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй Нагоя башёгийн найм дахь өдөр Хакүхо Шоо Кагаяакитай тааран барилдсан бол озэки Асанояама Аойяаматай учраа таарав.
Ёкозүна Какүрюү Ананд гэмтлийн улмаас башёг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Хакүхо энэ удаагийн башёд барилдаж буй ганц Ёкозүна цолтой бөх болсон юм. Тэрбээр нагоя башёгийн найм дахь өдөр Кагаяакиг давж, найм дахь ялалтаа авсан бол Кагаяаки гурав давж, тав унасан үзүүлэлттэйгээр башёг үргэлжлүүлж байна.
Ёкозүна Хакүхо 50 дахь удаагаа нэг ч уналгүйгээр качикоши хийлээ. Тэрбээр өмнө нь 49 качикоши хийхдээ 34-т нь тухайн башёдоо түрүүлж байжээ.
URL: