Тахлын аюултай тарваганы мах аминаас илүү үнэтэй юу?

Dkhhj4HVAAEud45

Манай улсын хэмжээнд 17 аймгийн 137 сумын нутагт тарваган тахлын байгалийн голомт үүссэн. Тодруулбал, эрсдэл маш өндөр. Дулааны улиралд хүмүүс амралт, аялал зугаалгаар хөдөөг зорихдоо “тарваганы боодог” идэх хүсэл давхар дайдаг. Үүнийг ч нутгийн иргэд андахгүй. Тарвага агнаж, нууцаар худалдан борлуулдаг. Тарваганы мах ойролцоогоор 70-80 мянган төгрөгний өртөгтэй. Тиймээс дулааны улиралд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илүүтэй бүртгэгдэх болжээ. Энэ долдугаар сар гарсаар тарваган тахлын улмаас 15 настай хүүхэд нас барж, хэд хэдэн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Жишээлбэл,

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарвага агнаж хүнсэндээ хэрэглэсэн гэсэн өгүүлэмжтэй, 15 настай хүүхэд тарваган тахлын улмаас  нас барсан. Мөн Ховд аймгийн Цэцэг суманд хоёр тохиолдол гарч, улмаар биеийн байдал нь хүндэрсэн ч цаг алдалгүй эмчлүүлсний үр дүнд биеийн байдал нь сайжирсан.

Энэ талаар ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаатар:

-Манай улсад төдийгүй олон улсад, ОХУ, Казахстан, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хил залгаа бүсүүдэд тарваган тахлын өвчлөл тасралтгүй бүртгэгдэж байна. Энэ жил ӨМӨЗО-ны Баяннуур аймагт тарваган тахлын нэг тохиолдол бүртгэгдсэн. Үүнийг мэргэжлийн байгууллагын гэрээнд хил дамжин халдварлах эрсдэлтэй халдварт өвчний тоонд  оруулж, гэрээний дагуу тухай бүрт нь мэдээлж явдаг. Тарвага  агнах нь өндөр эрсдэл дагуулж байгаа. Мөн  тарвага агнах нь хууль бус ажиллагаа. Гэтэл иргэд долоо, наймдугаар саруудад тарвага агнаж болно гэж ойлгож байна. Жилийн дөрвөн улиралд тарвага агнах хориотой. Мөн баяр наадмын амралтын өдрүүдээр иргэд аялалд явахдаа тарвага худалдаж авах, хүнсэнд хэрэглэх, тэдгээрийг өөрийн цахим хаягтаа байршуулах, ялангуяа олон дагагчтай олны танил хүмүүс буруу үлгэр дуурайлал үзүүлж байна. Энэ бол өөрийн болоод хайртай бүхнийхээ амь нас, эрүүл мэндээр дэнчин тавьж байгаа хэрэг. Тарваган тахал халдварлавал коронавирус шиг, нийгэм халдварт өвчний дарамтад орох эрсдэлтэй гэж  анхааруулсан. Тэр байтугай ОХУ хилээ нээсэн ч Монгол Улсыг тарваган тахал гарсан үндэслэлээр эрсдэлтэй орны тоонд хамруулсан. Гэсэн ч манайхны хэнэггүй зан хэтэрч,  эрсдэл дагуулсаар байна.

Сүүлийн жишээг дурдвал, Завхан аймгийн Улиастай суманд  тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан. Үүнтэй холбоотой Завхан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, Завхан аймгийн Улиастай хот руу  орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байсан юм. Харин тухайн иргэний эхний шинжилгээний хариу сөрөг гарснаар, аймгийн төв рүү орох гарах хөдөлгөөнийг нээсэн. Бид тарвага агнаж иддэг,  зардаг, түүнийг нь худалдан авч хүнсэндээ хэрэглэдэг. Энэ үйлдэл нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөд зогсохгүй, өөрийн амь нас, эрүүл мэнддээ эрсдэл үүсгэж байгаа ноцтой хэрэг.

Эрүүл мэндийн байгууллагаас дараах сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж байгаа.

Халдвар дамжих зам:

  • Шууд хавьтал (тахлаар өвчилсөн тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх.)
  • Агаар дусал
  • Дам халдвар (мэрэгч амьтдын бөөс, бүүрэгт хазуулах)
  • Хоол боловсруулах зам (тарваганы түүхий эд, эрхтэн залгих, дутуу чанасан   мах идэх)

Нууц үе: Хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног
Эмнэл зүйн хэлбэр:

  • Арьсны хэлбэр
  • Булчирхайн хэлбэр
  • Уушгины хэлбэр
  • Үжил хэлбэр
  • Гэдэсний хэлбэр
  • Залгиур хоолойн хэлбэр

Шинж тэмдэг:

  • 380-400 хэм хүрч халуурах
  • Суга, цавь, хүзүү, тунгалгийн булчирхай цочих, хөдөлгөөнгүй маш их эмзэглэлтэй болох
  • Бүх бие булчингаар шархирч өвдөх
  • Толгой өвдөх
  • Ханиалгах
  • Цустай цэр гарах
  • Амьсгалахад хүндрэлтэй болох
  • Бөөлжих
  • Хэвлийгээр өвдөх
  • Суулгах

Урьдчилан сэргийлэх:

  • Тарвага агнахгүй байх
  • Тарваганы мах идэхгүй байх
  • Түүхий эд, эрхтэнг хэрэглэхгүй байх
  • Тарвагыг нохойгоор бариулахгүй байх, урхи, хавхаар агнахгүй байх
  • Тарваганы түүхий мах эд, эрхтэнг хот суурин газарт оруулахгүй байх
  • Хүүхдийг тарваганы дошон дээр тоглуулахгүй, унтуулахгүй байх
  • Шимэгчид хазуулахаас сэргийлж дайжуулагч хэрэглэх
  • Тарваган тахлын эсрэг вакцин тариулах
  • Гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх
  • Гэр орондоо мэрэгч амьтан орохоос сэргийлж тор хийх, май тавих..,
  • Нохойг байнга уяатай байлгах
  • Үхсэн, хөдөлгөөн удааширсан тарваганд хүрэхгүй байх
  • Үхсэн тарвага, мэрэгч амьтдын тухай зоонозын өвчин судлалын төвд  яаралтай мэдээлэх (70282853, 70284393)
  • Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгөх.

Тарваганы мах эрүүл ахуйн баталгаагүй. Тарвага агнах хуулиар хориотой. Гэтэл хууль бусаар “ хулгайгаар” тарваганы мах зөөж, тарваган тахлаар амь насаа алдаж байна. Эрүүл мэндийн байгууллагаас тарваган тахлыг коронавирусийн адил аюулт халдвартай гэж байнга сануулсаар  байгаа. Гэсэн ч  та, тарваганы махыг аминаасаа илүү үзсээр байх уу?. Эрүүл мэндийн зөвлөгөөгөө дагаж тарваганы махнаас татгалзах нь өөрийн төдийгүй бусдын эрүүл мэндийг хамгаалах иргэний үүрэг болоод байна.

Г.Мичидмаа

ЭХ СУРВАЛЖ: Shuud.mn


URL: