Шүүхийн “зуны даалгавар”
Манай монголчууд үндсэндээ жилийн дөрвөн улирлын гуравт нь л ажилладаг. Зундаа амарчихдаг юм. Зун болохоор бараг бүгдээрээ ээлжийн амралтаа авч байгаад өргөн уудам газар нутаг, байгалийн сайхнаар хөндлөн гулд хэсч, гэр бүл, найз нөхдөөрөө амарч зугаална. Ийм үе яг одоо үргэлжилж байна.
Тиймээс төрийн байгууллагууд ч хүн хүчнийх нь олонхи амарч, багахан хүчээр үүргээ гүйцэтгэж ирсэн.
Энэ жишгийн дагуу шүүхийн үйл ажиллагаа ч зун наадмаас хойш есдүгээр сар хүртэл амралтын байдалтай явагддаг.
Гэхдээ энэ жил шүүх амарсангүй.
Шүүхийн үйл ажиллагаа улам идэвхжиж албан тушаалтнуудын орооцолдсон, олны анхаарал татсан хэргүүдийг ээлж дараалан намнаж гарав.УИХ-д нэр дэвшиж байсан зургаан хүнийг, тэр дотор УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг баривчлан саатуулсан.
Улмаар сонгуулийн дараахнаас, наадам дамнуулан шүүх ажиллагаа ширүүсч С.Баярцогт нар, С.Баяр нар, Ж.Эрдэнэбат нар, Б.Хурц нарыг 3-10 жилийн хорих ялаар шийтгэлээ.
Шүүх байгууллагын “дээрээс” авсан “зуны даалгавар” гэмээр энэ ажиллагаа дуусаагүй байна. Э.Бат-Үүл нар, Ш.Батхүү нар, Н.Золжаргал нар, Д.Эрдэнэбилэг нарын асуудал удахгүй шийдэгдэхээр товоо хүлээж байна. Шүүхээр шийтгэгдсэн төрийн өндөр албан тушаал хашиж байсан нөхдүүд “…Хэлмэгдлээ” л гэцгээж байна. Бас “…Шүүх улс төрийн нөлөөгөөр ажиллаж, улс төрийн хоригдлууд бий болголоо” гэх ажээ.
Үнэнийг хэлэхэд зундаа бараг амарчихдаг шүүх байгууллага ойрын хэдэн өдөр чөлөө завгүй, зогсоо зайгүй ажиллаж, дуулиант хэргүүдийг ээлж дараалан шийдэж байгаа нь ингэж үзэх нэг үндэслэл болж байгаа юм.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцээд “цагаан захтнууд”-ын хэргүүд шүүхээр цувран шийдэгдэж эхэлсэн. Мөн тэр үеэр Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч солигдсон.
Бас 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх сэдэв хөндөгдөж эхэлсэнтэй энэ шүүх ажиллагаа давхацчихсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улстөржсөн үйл ажиллагаа гэж үзээд байгаа ажээ.
Ийм агуулгаар Ерөнхийлөгч Х.Баттулгад хандсан захидлуудыг ээлжлэн бичиж, шүүх дээр хэлсэн “эцсийн үг”-ээ хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтлүүлцгээж байна.
ШЕЗ-өөс гаргасан анхан шатны шүүхийн 2020 оны зургадугаар сарын хэргийн хөдөлгөөний тайланд “…Зургадугаар сарын нэгдсэн тайлан мэдээгээр улсын хэмжээнд нийт 6982 хэрэг хянан шийдвэрлэснээс эрүүгийн 2209 хэрэг хянан шийдвэрлэсэн. Үүнээс Нийслэл дэх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 326 хэрэг хянан шийдвэрлэсэн байгаа нь улсын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт байна” гэж мэдээлжээ.
Мөн Монгол Улсын 2020 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээнд “…Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 16 хэргээр буюу 2.3 дахин, хахууль авах гэмт хэрэг 11 хэргээр буюу 84.6 хувиар, хахууль өгөх гэмт хэрэг 14 хэргээр буюу 14 дахин гэмт хэрэг өссөн” гэжээ.
Энэ талаас нь харвал шүүх дан ганц улстөрч, албан тушаалтай хүмүүстэй зууралдаагүй, тэднийг л яллаж зусаагүй бололтой юм.
Харин АТГ, прокурор, шүүхийн байгууллагын олон ажилтнуудын өч төчнөөн ажил болж, улсын олон сая төгрөг зарцуулан байж мөрдөх ажиллагааг явуулсан, хамгийн гол нь хохирол, гэм хор нь олон тэрбум, хүний эрх эрүүл мэндээр хэмжигдсэн эдгээр хэрэгт оноосон ялын хэмжээний талаар олон нийт ихээхэн шүүмжилж байгааг энд дурдах хэрэгтэй.
Шүүхээс оноосон ялтай холбоотой олон нийтийн эргэлзээ оргүй хоосон эд биш.
Манай улсын Эрүүгийн хуульд “…Нэг бод мал хулгайлсан этгээдэд найман жилийн хорих ял шийтгүүлнэ” гэж заасан. Ийм ял шийтгэлийг ч шүүхээс оноож байгаа. Гэтэл хэдэн сууриар нь, магадгүй хэдэн аймгийн малын тоо толгойн үнэлгээтэй тэнцэх хэмжээний хохиролтой албан тушаалтнууд ердөө л нэг халаасны хулгайчид оноодогтой адил ял авсан нь иргэд, олон нийтийн эргэлзээг төрүүлж буй юм. Тэгэхээр шүүх засаглал хэмээх том нэр, шударга ёсыг тогтоогч хэмээх сүржин цол хаачив гэдгийг олон нийт нэхээд байгаа хэрэг юм.
Үүнээс болж шүүхийн нэр хүнд шалчийж байгааг бас хэлэх хэрэгтэй.
Нөгөөтэйгүүр хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх ёстой. Ерөнхий сайд, Тагнуулын дарга байсан эсэх нь энд хамаагүй гэсэн үг.
Гэвч Монголд одоогоос яг гурван жилийн өмнө АНУ-ын давж заалдах шатны шүүх Ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг шийдвэрийг гаргаж байв. Тус шүүх Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрхи Дорнодын зургаа, Хойд африкийн хэд хэдэн орны иргэдийг АНУ-д нэвтрэхийг түр хориглох тухай зөөлрүүлсэн хоёрдахь зарлигийг хүчингүй болгосон доод шатны шүүхийн шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээсэн байдаг. АНУ бол Ерөнхийлөгчийн засаглалтай. Чухамдаа шүүхийн хараат бус байдал гэдэг энэ юм.
С.Баяр, С.Баярцогт хоёр гэхэд л “…Оюутолгойн гэрээг хийж, энэ том төслийг хөдөлгөснийхөө төлөө хэлмэгдлээ” гэж өөрсдийгөө өмгөөлж, ойр хавийнхан нь ийм агуулгаар өмөөрч байна. Гэтэл зарим хэвлэлээр нийтлэгдсэн тэдний яллах дүгнэлт, ялын тогтоолд “Оюутолгойн гэрээ” гэсэн үг өгүүлбэр нэгээхэн ч алга. Албан тушаалын байдлаа хувьдаа ашиглаж, хөрөнгө мөнгө олсон, өсгөсөн, түүнийхээ эх сурвалжийг тайлбарлаж чадаагүй гэсэн “утга”-нууд л байна.
Хэд хоногийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгад хаягласан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн нэрийг тавьсан захидал хэмээх нийтлэл олон нийтийн хүртээл боллоо. Нэгэн нийтлэлч бичиж, экс Ерөнхийлөгч редакторлаад, экс Ерөнхий сайдын нэрийг тавьсан гээд аналист, экспертүүд тайлбарлаж байна.
Тэр нийтлэлийн “автор” Ч.Сайханбилэгийг “…Холоос эсэн бусын юм бичиж байхаар Монголдоо ирээд шүүхээр үнэн зөвөө олуул” гэх хандлага олон нийтийн зүгээс гарч байна. Угтаа тэр нь зөв. Түүний командад ажиллаж Дубайн гэрээн оролцож, гарын үсэг зурсан хэдэн аятайхан хүн ял аваад шоронд явчихлаа. Засгийн газар, Ерөнхий сайдын шийдвэрийг биелүүлээд шүү дээ.
Уг нь Үндсэн хуульд “…Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. …Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, “…Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэсэн зүйл заалт хэрэгжиж чадаж байна уу. Шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшлээр эдгээр хэргийг шийдэж чадсан уу гэдгийг ч хэнээс ч юм асуух шаардлага бий болоод байна.
Юутай ч Монголын шүүх 2020 оны зун амарсангүй. “Зуны даалгавар” мэт шүүх ажиллагаа явуулж байна. Шүүх энэ даалгавраа онц, эсвэл муу хийгээд байгаа эсэхийг бүү мэд. Мэддэг, дүгнэдэг нь хэлэх биз. Харин гарцаагүй үнэнийг дүгнэн шүүдэг нь цаг хугацаа гэдгийг л мэдэж байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: