Бяцхан хясааны нулимс
Эрт цагт нэгэн бяцхан хясаа амьдардаг байжээ. Шүрэн ойн доор суун, хажуугаар нь өнгөрөх өнгө өнгийн загасыг харан өдөр хоногийг өнгөрөөдөг байв. Амгалан тайван амьдралтай энэ бяцхан хясааны амьдрал нэг өдөр хар дарсан зүүд мэт аймшигтай болон хувирав.
Учир нь нэг өдөр гадуур нь бүрхсэн ясан биеэ бага зэрэг онгойлготол биен дотор нь нэг элсний ширхэг орон хамаг биеийг холгож эхлэв. Эхлээд бяцхан хясаа нэг их тоосонгүй удахгүй гарчих байх гэж бодсон ч өдөр ирэх тусам элсэн ширхэг улам бүр гүн шигдэж биеийг нь яахын аргагүй ихээр зовоож байлаа. Өдөр ирэх тусам хөөрхий хясааг хатган зовоож байгаа элсний ширхэг үнэхээр их өвтгөж байсан учир бяцхан хясаа тэсэлгүй өвчиндөө шаналан үргэлж уйлдаг болов. Өдөр ирэх тусам хөөрхий хясааны нулимс нэмэгдсээр л байлаа.
Юунд хэрхэн гомдохоо ч мэдэхгүй байлаа. Өөрийг нь зовоож байгаа элсэн ширхэгт үү? Анхаарал болгоомжгүй байсан өөртөө юу? Өөрийг нь хамгаалж чадаагүй далай тэнгист үү? Хөөрхий хясаа аль алинд нь ч гомдож чадахгүй байлаа. Өвчин нь бага зэрэг намжиж өөрөө ч бяцхан тайвширсан, нэг өдөр ингэж боджээ. “Нэгэнт би тэр элсийг гаргаж чадахгүйгээс хойш түүнтэй амьдарч дасах нь зүйтэй юм байна. Хэн нэгэнд гомдоод ч яах билээ дээ”.
Он жилүүд өнгөрсөөр хөөрхий хясаа асар их тэвчээр гарган элсэн ширхэгтэй амьдарчээ. Маш их өвдөж, уйлдаг байсан ч гомдоллохоо больжээ. Ингээд он удаан жил хөөрхий хясааг зовоосон өнөөх элс асар их тэвчээрийн үр дүнд гайхамшигт тансаг сувд болон хувирчээ. Ингэж зовсон хясааны нулимс элсэн ширхэгийг бүрхсээр гайхамшигт сайхан сувд болгосон юмсанжээ.
Далайн амьтад хясааны дэргэдүүр өнгөрөхдөө гайхамшигт сайхан сувдыг нь гайхан шагширч, түүний асар их тэвчээрийг магтан сайшаадаг болжээ.
Бяцхан хясаан амьдралыг үлгэр жишээ болгон хэцүү санагдаж байгаа бэрхийг даван туулж, сувд болгох боломж хүмүүс бидний дунд ч байгаа.
Сэтгэл Зүйч Н. Ариун-Эрдэнэ
URL: