Бертольд Брехтийн товч намтар
Норовын
ПҮРЭВДАГВА
Бертольд Брехтийн туулж өнгөрүүлсэн амьдралыг тайван амгалан, зөрчил тэмцэлгүй байсан гэж хэлэх аргагүй. Нийгэмд тулгарч байсан бэрхшээл, тэр бүхнийг хэрхэн шийвэрлэх талаар дэвшүүлж байсан шинэ санаа, зоримог шийдлийн ундарга гэхээр уран бүтээлч байсан болохоор тухайн үеийн эрх баригчдын хатуу хяналт дор ихэнх амьдралаа өнгөрүүлсэн хүн. Чухам ийм тун энгийнээр хэлэхэд идэвхтэй амьдрал туулсан болоод ч тэр үү урлаг судлаачид намтрыг нь янз бүрийн өнцөгөөс харж бичсэн байх тул дундаж, ядаж л аль нэг тал руу хэт хэлбийлтгүй намтар гаргахад амаргүй байлаа.
Бүтэн нэр нь Ойген Бертхольд Фридрих Брехт 1898 оны хоёрдугаар сарын 10-нд Германы алдарт Бавари мужийн Аугсбург хэмээх нэгэн жижиг хотод удамт чинээлэг тариачны гэр бүлд мэндэлжээ. Харин Брехтийн эцэг тухайн цаг үеийн чиг хандлагыг даган арилжаа наймаа эрхлэх болж улмаар 1914 онд цаасны том үйлдвэрийн гүйцэтгэх захирал болжээ. Өөрөөр хэлбэл, үр хүүхдүүдийнхээ хувьд элбэг хангалуун амьдрал, өндөр боловсрол эзэмших нөхцөл бололцоог бүрдүүлсэн гэсэн үг. Харин том хүү Б.Брехт Аугсбургийн гимнази төгсөж, Мюнхенийн улсын их сургуулийн анагаах ухааны факультетэд элссэн боловч гэр орныхныхоо амьдралын уламжлалт хэв маягаас татгалзсан байдаг.
Тэр явдлынхаа тухай Б.Брехт:
Аав ээж маань надад
Цэвэр цагаан зах зүүгээд
Шадар ойр улсыг бүгд зарц барлаг
Захирч зандарч сур гэж байв
Жаахан юм ойлгохтой болсон үед
Жигтэй ийм хандлага таалагдсангүй
Ширүүлж зандрах хүсэл над байсангүй
Аргагүйдээд би ангиа орхиж
Ядуу олны эгнээг бараадав гэж бичсэн байх ажээ.
Б.Брехтийн авьяас билиг эртнээс тодорч 1914 оноос 16 настай хүүгийн шүлэг найраглал, эссэ сонин сэтгүүлд байнга гарах болжээ. Эмчийн мэргэжлээр сурч байсан оюутан 1918 онд цэрэгт татагдан цэргийн эмнэлэгт асрагч, сувилагчаар алба хашиж байх үедээ “Үхсэн цэргийн тухай домог” хэмээх алдарт бүтээлээ туурвисан байдаг. Энэ шүлэгтээ олон жилийн турш гадны улс оронтой дайтаж, амь үрэгдсэн олон залуусын цогцосны үнэрт дарагдсан Вильгельмийн үеийн засаглагчид Герман орныг сүйрэл мөхлийн ирмэг рүү чирж байгааг хурц элэглэсэн байдаг. Алдарт гэж хэлэхийн учир нь хожим түүний бичиж, тавин шуугиан тарьсан гурван жүжгийн эх санаа энэ шүлэгт байдаг гэж судлаачид үнэлдэг. Бас дээр нь чухам энэ шүлгийнхээ төлөө 15 жилийн дараа Гитлерийн үеийн эрх баригчдад нүд үзүүрлэгдэн улсын иргэншлээсээ хасагдан хөөгдөж байжээ.
Залуу найрагч Б.Брехт 1918 оноос драматургч болон “Ваал”, “Шөнө нижигнэх бөмбөрийн нүргээ”, “Хотын гүнд” жүжгээ бичиж, найруулж, тоглосон байх ажээ. Улмаар бичиж, найруулан тавьсан жүжгүүд нь Берлин, Гамбург, Нью-Йорк, Парис, Москва, Варшав, Лондон, Праг, Милан, Токио хотын театрын танхимд шуугиулж байсан гэх ажээ.
Юутай ч ийм нэгэн суу билэгт Бертольд Брехт хэмээх уран бүтээлчийн туурвисан зарим шүлгээс түүвэрлэн орчуулсанаа уншигч Таны оюуны мэлмийд толилуулъя. Болгоогтун.
Адал явдал хайгчийн дууль
Наранд хагсаж, аадарт нүдүүлсэн,
Нэлэмгэр үсээ цэцгийн эрхээр гоёсон эр
Идэр ахуйгаа мартсан ч зүүд нь эргэлдэнэ,
Оромжоо мартсан ч хөхрөх тэнгэр үл сална.
Зэвүүцэж тэсгэл алдахдаа там хөөсөн,
Зэрлэг алуурчин чи зовлон гэдгийг сайн мэднэ,
Эхийнхээ хэвлийд зүгээр л хоцроод
Энх тунх байсан бол амар байгаагүй юу?
Хөөрхий эх аль хэдийнээс мартаж ядаж байхад
Хиншүү ханхалсан тэнгисээр
Харааж, уйлж, хашгиран хөвж
Хаана, ямар оронд торох билээ гэж ядна.
Гал, усны гашуун зовлонг ч
Эрхт тэнгэрийн диваажин, энэ газрын тамыг
Эн тэнцүү туулсан түүнд тэнгэрийн хаяа
Тээр дор бяцхан тогтоол ус л зүүдлэгдэнэ. 1917.
ФРАНСУА ВИЙОНЕ
1.
Дүүжин өлгий нь салхинд ганхаж
Дээрээс мэлтийх тэнгэр дор өссөн
Борчуудын хүү болохоор Франсуа
Бодол сэтгэлээ тавибал эргэх буцах гэж үгүй
Нялхаасаа л зүлгэн дээр хэвтэх дуртай, Вийон;
Нээрээ ийм л амьдралд дуртай хүн.
2
Хөл дээр нь тав, бөгсөн дээр нь хөхрөөстэй ч
Хаднаас ч хатуу чулуу болон өссөн.
Чулуу шидэн цэнгэж жаргаж байв
Чухам л харь гэхээр хогон дунд тоглож өссөн.
Тарайн хэвтээд тачигнатал хухирна
Тийм л амьдралд дуртай байсан юм.
3
Ихэсийн идээгээр гэдсээ борлуулж явсангүй
Дээдэс ноёдод шадарлах гэж ч байсангүй.
Тэрсэлсэн заримыг хутгаар хатгаж явсан
Тэргүүнээ дүүжлүүрт углаж ч үзсэн.
Бөгсөө үнс гэж ламтанд хэлж байсан ч
Борог хоолноос нүүр буруулж байгаагүй.
4.
Авралын од гялалзаж байгаагүй, түүнд
Алдар нэрийг нь цагдаа гутааж байсан.
Гэсэн ч бурхан тэнгэрийн хүү юм хойно
Гэгээн тэнгэр өршөөн соёрхсон
Сүүлийн алхамаа хийн цэнгэхэд нь
Сүлд загалмай гялалзахад баярласан.
5
Зугтан хоргодсон оромжныхоо өмнө
Вийон боорлуулсан ч баригдаагүй юм
Зугтаж чадсан эр зоригийн тухай
Зохиол дуу болон уянгалж байна.
Мөрдөгчдийг мэхлэн гараад Вийон
Мөдхөн амьсгаа хураах гэж баяртай байсан.
1918
ӨРӨВДӨМ Б.Б-ИЙН ТУХАЙ
1
Бертольд Брехт намайг эх минь их ойд олсон
Бужигнан үймэх хотод хэвлийдээ тээн хүрсэн
Шуугих ойн сэрүүн амьсгал
Шилэрч надаас алга болно гэж үгүй.
2
Хар замт хот миний гэр. Хар нялхаасаа л би энд
Архи, тамхи, сониноос эхлээд
Ариун сайнтай ч, аль муутай нь ч холбогдсон;
Алмай, залхуу, хүнд итгэх гэж үгүй нэгэн.
3
Бусадтай би эелдэгхэн харьцдаг.
Аягаа ч гэсэн адилхан өвөртөлж л явдаг.
Эвгүй үнэртэй араатнууд гэж би хэлдэг ч
Өөрөө ялгаагүй адилхан. Энэ дутагдал биш.
Хоосон савлуур дээр өглөө очоод
Таних бүсгүйчүүдээ урьж суулгаад
“Тийм хүн би биш. Тэгж дөрлүүлэхгүй!” гэж
Хэнэг ч үгүй бурж гарна.
5
Орой үдшийн цагаар орж ирэх нь харчуул,
Харахад л жентельмэн, хачин боловсролтой ноёд
Өмнөх ширээн дээрээ хөлөө ачин жийгээд
“Удахгүй ажил сайжирна” гэнэ. Хэзээг би асуудаггүй.
6
Манантай үүрээр гацуур шожигнуулан
Шувууны шулганаанд шилмүүсээ сэгсрэх үед
Аягандаа үлдсэнийг орондоо хөнтөрчихөөд,
Аман дахь тамхиа шидээд, унтмар болж эхэлнэ.
7
(Атлантын далайтай хүүрнэх арсгар олон антеннтай
Аварга олон байшинтай Манхеттанд)
Ингэж л бид хөнгөн хуумгай идэж уун
Өдөр хоногийг өнгөрөөж байв.
8
Нэвт үлээх салхинаас өөр үлдэх юм үгүй хойно
Гэртээ суун гэдсээ дүүргэхээс өөр юу ч хийхэв.
Энд бид мөнх биш ээ мэднэ.
Ирэх цагт биднийг юугаар солих бол?
Сүйдтэй ч юм алга даа.
9
Ирэх цагийн нүргэлээнд, ирэх нь тодорхой харуусалд
Тамхи минь бүү унтраасай гэж
Хар замт хязгаарт хэвлийдээ ирсэн
Хөөрхий Бертольд Брехт би горьдох юм.
МӨР БҮҮ ҮЛДЭЭ…
Анд нөхдөөсөө вокзал дээр салаад
Аль, энгэрээ товчлоод, хот руугаа гүй.
Хөлсөлсөн байрны хаалгыг тогшвол
Бүү тайл, ээ бүү тайл хаалга аа.
Энэ чиний мөрдөх зүйл.
Ээ дээ, мөр бүү үлдээ.
Эцэг эхтэйгээ Гам
бург юм уу хаа нэгтэй таарвал
Бэлэглэсэн бүрх малгайны саравчийг дараад
Нүүрээ, нүдээ харуулалгүй булан тойроод яв
Эргэж бүү хар, өнгөр, булан тойроод алга бол.
Энэ чиний мөрдөх зүйл
Ээ дээ мөр л бүү үлдээ.
Мах уу, Ид ээ ид, маргааш гэж бүү хойш тавь.
Таарсан ямар ч гэрт ор, бороо орж байвал сандал
харагдвал суу,
Тавлаж харин удаж болохгүй, малгайгаа мартаж
болохгүй
Харин миний хэлэх зүйл
Хөтлөх мөр үлдээж болохгүй.
Дахин давтаж болохгүй, миний хэлснийг.
Өөртэйгөө адил бодолтой хэн нэгтэй таарвал, холд.
Гарын үсэг, зурагаа үлдээгээгүй бол
Харсан үзсэн хүнгүй, хэлсэн ярьсан үггүй бол
Хэн чамайг барих юм?
Хэлье, мөр л бүү үлдээ.
Үхье гэж шийдсэн бол, нэг зүйл бий,
Хөшөө хэрэггүй хаана байгааг чинь хэлчихнэ
Бичиг бүр хэрэггүй (шууд л заана)
Бүрлээч болсон он хэрэггүй, дөнгүүлнэ шүү.
Дахиад сануулъя-
Мөр л бүү үлдээ.
(Ингэж л надад сургасан.)
ДӨРВӨН ЗҮГЭЭС НЭГ ХҮНД ӨГСӨН
ДӨРВӨН ӨӨР САНАЛ
1
Энэ чиний гэр,
Энд чи юмаа тавьж болно.
Эдлэл хэрэгслээ хүссэнээрээ тавь.
Илүү хэрэгтэй юм байна, юу хэл.
Энэ май, түлхүүр.
Энд бай, одоо.
2
Энэ бүгдэд зориулсан сууц
Хоргодох өрөө, унтах ор.
Хашаанд гараад бусадтай нийлж болно.
Хооллох таваг чинь энэ
Хоцор доо одоо бидэнтэй.
3
Энэ чиний хоргодох булан,
Эвхэрч унтах цэвэрхэн ор чинь
Энд нэг л хүн унтаж байсан.
Эвгүй санагдаад байвал
Гадаа байгаа торхтой усанд халбагаа
Гарч дүрээд сэгсэр, цэвэр болно,
Гайгүй шүү, үлд энд ээ.
4
Энэ миний өрөө байгаа юм,
Алив бушуул, тэгэхгүй бол
Шөнө гэвэл тусдаа үнэтэй болно.
Би ч чамайг оролдохгүй.
Бүү зов, би өвчингүй.
Энд өөр газар байснаас дутах юм үгүй.
Үлдэж болно оо, чи энд. 1926.
ХОТУУД
Дор нь бохир нэлийн урсаж
Дээр нь утаа суунаглавч, дотор нь хов хоосон.
Бид дотор нь. Бид л хоосныг дүүргэнэ.
Бид алга болно. Биднийг дагаад хот ч үгүй болно. 1927
МӨНГӨНИЙ ТУХАЙ
Ажиллах гэдэггүйг чинь мэднэ!
Ажиллаж хүн амьдардаггүйг бас мэднэ.
Мөнгө олохоор хөлс урсгах хайран бус,
Мөнгийг харин хэн ч үгүйсгээгүй!
Хорвоог хар хор хэржээ
Хажуу нэгэндээ хавх зүүх болжээ
Мөнгө л олох ёстой гэнэ!
Хар хороос мөнгөний шунал хүчтэй!
Мөнгөтэй бол бүх юм болно гэнэ
Мөнх нарны гэрэл ч салахгүй гэнэ
Мөнгөгүй бол төрсөн үр ч нүүр буруулж
Эх эцэггүй гэж цээргүй зарлана гэнэ
Мөнгөтэй бол бүх юм бэлэн юм байх
Мөнгөгүй бол алдар нэр үгүй гэнэ
Мөнгөтэй бол гэрч бэлэн гэнэ
Мөнгө бол үнэн. Мөнгө бол хүч
Мөнгөгүй бол эхнэрээ ч харж чадахгүй
Мөнгөгүй бол зүрхийг чинь суга татна
Эргэлзэх юмгүй эхнэртээ итгэ
Мөнгөгүй бол араатнууд л чиний нөхөр.
Юу ч ингэж хүн дээдэлж байгаагүй
Юунд ч ингэж сөхөрч байгаагүй
Хар булшинд амар бүү хэвтэг гэж санавал
Харь дайсныхаа булшин дээр: энд мөнгө бий гэж бич. 1927
ХЭНИЙ ХУВЬД САЙН ГЭЖ?
(«Өөрчлөлт» номноос)
Нааш ир гээд,
Найдвартай хүн шүү чи.
Найгаж худалдагдана гэж үгүй.
Байшин дээр буусан цахилгаан ч-
Бас л ялгаагүй адил.
Хэзээ ч юм хэлснээсээ
Буцаж няцдаггүй чи.
Хэлсэн чинь тэгээд юу билээ?
Чамайг шударга: бодсоноо хэлдэг гэлээ.
Чухам юу боддог хүн бэ, чи
Чамайг зоригтой гэнэ.
Чухам ямар тэмцэлд, хэний өмнө
Чамайг ухаантай гэнэ.
Чи хэний төлөө ухаан зарж байна
Чамайг өөрийн ашиг гэдэггүй гэнэ.
Чи тэгээд хэний ашиг боддог юм
Чамайг сайн нөхөр гэнэ
Чиний нөхөд сайн улс уу
Бидний дайсан биш гэдгийг чинь
Бид мэднэ ээ. Тийм болохоор
Гавьяа, алдрыг чинь тооцон
Гайгүйхэн хананы өмнө зогсоон
Гайгүй буугаар, гайгүй сумаар буудна.
Бузгайхан хүрзээр аятайхан шороогоор
Булахаа ч бас мартахгүй.
НАЙРАГЧДЫН ЗОЛБИРОЛ
Гомерт гэр гэж байгаагүй
Данте гэрээ орхин золбироход хүрсэн
Ли Бо, Ду Фу гучин сая иргэнийг залгисан
Их дайны хөлд үрэгдсэн
Еврипидийг шүүхээр сүрдүүлсэн
Амь тавьж байгаа Шекспирийн амыг барьсан.
Франсуа Вийоныг музагаас гадна
Цагдаагийнхан сонирхож байсан
“Хүндэт” хэмээн өргөмжлөгдсөн ч
Хөөрхий Лукрецкий цөлөгдсөн.
Гейн ч ялгаагүй, араас нь бас Брехт
Хоргодох газар хайн Дани руу зугтав.
1933
НОМ ШАТААВ
Хорт агуулгатай ном шатаах тушаал
Хоосон эрх баригчид гаргаж
Энд тэндээс их ном ачсан үхэр тэрэг хөдлөж
Их гал өрдөхөөр зэхэж эхлэв
Их нэртэй, их уншигддаг гэх нэгэн зохиолч
Өрдөхөөр цуглуулсан номыг бүртгэн үзэж
Их номын дотор өөрийнх нь ном үгүйд гайхан цочив.
Мартаж намайг. Ширээ рүүгээ ухасхийв,
Ширүүлж уурсан, эрх баригчид руу захиа бичив.
“Намайг шатаацгаа Намайг шатаа
Үлдээж намайг болохгүй Ингэж болохгүй
Үнэнийг би номондоо бичээгүй гэж үү?
Үйлсгүй худалчтай адилсгаж намайг болохгүй
Тушаая би та нарт: Намайг шатаа” гэж
Жигүүр ургасан үзэг нь гүйв. 1938
1939-1947 ОНД БИЧСЭН ШҮЛГҮҮД
ДАЙНЫ ҮЕД ИХЭНХ ЮМ ТОМОРДОГ
Баячуудын эрх мэдэл
Борчуудын хоосрол
Эрх баригчдын үг
Эрхшээлд орогсдын үг цөөрөх
Даанч хурдан өснө.
ДЭГЛЭМИЙН ШИЙДВЭРИЙН ДАРАА
Сүүдэр мэт сунах нь
Хов жив
Сүржигнэж хашгачих нь эрх баригчид
Сүрэнд дарагдаж шивнэх нь олон түмэн
ШЕКСПИРИЙН «ГАМЛЕТ» ЖҮЖГИЙН ТУХАЙ
Харваас залхуу, хачин түнтгэр энэ биенд
Ухаан нэртэй хар санаа үүрлэжээ.
Ирт сэлэм хангинаж, хуяг, дуулга хажигнавч,
Ухаант явдлын талаар л бодно.
Бүрээн дуу аюулын дохио татаагүй байхад
Балагт хэнгэргээ нижигнүүлэн Фортинбрас,
Балмадуудаа дагуулан аян дайнд мордов
Даан удахгүй Данийн нутаг цогцост бүчигдэнэ.
Бодолдоо ээрэгдэн эргэлзэгч тэнтгэр
Босож одоо л нэг өндийв.
Бүтэлгүй эргэлзээнд цэг тавих цаг болж
Хий эргэлзээнээс салахгүй бол
Хийрхүү эр Данид тугаа мандуулж
Хаан аашны жишиг үзүүлэх гэж байна.
ШИНЭ ЦАГ
Шинэ эрин шууд эхэлдэггүй
Шинэ эрин эхлэхийг өвөө минь үзсэн
Хуучин эринд ач минь мэндэлсэн.
Шинэ махыг хуучин сэрээгээр иддэг.
Өөрөө явдаг их буунаас эхлээгүй
Өнхөрч явдаг танкнаас эхлээгүй
Өндрөөс бөмбөгддөг онгоцноос эхлээгүй.
Шинэ антеннаас хуучны мунхаглал ч цацагддаг
Шилдэг ухаалаг санаа амнаас ам ч дамждаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.7.24 БААСАН № 141 (6366)
URL: