Улс төрийн томоохон хоёр хүчний нэг АН УИХ-ын хоёр удаагийн сонгуульд дараалан үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Энэ жилийн хувьд 2016 оны сонгуулиар авсан есөн суудлаа 11 болгож арай ядан бүлэг байгуулаад байна. Тус намын дотоодод өрнөж буй үйл явцыг харахад АН өнгөрсөн дөрвөн жилийнх шигээ хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй нь. Үүнээс үүдэж тус намынхны дотор шинэчлэлийн асуудал эрчимтэй яригдаж эхлэв. Гэхдээ энэ нь шинэ зүйл биш. Дөрвөн жилийн өмнөх сонгуулийн дараа ч намаа шинэчлэх талаар ярьж байв. Гэвч өнөөдрийг хүртэл өөрчлөлт хийж чадахгүй явсаар ийнхүү дахин өвдөг шороодлоо. Тодруулбал, УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд АН-ыг З.Энхболд удирдан оролцсон боловч ялагдсан бол УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд С.Эрдэнэ намаа дахин бүдрүүлэв. Энэ нь тус намд өнгөрсөн хугацаанд шинэчлэлийн салхи оруулж чадаагүйн хамгийн тод илрэл. С.Эрдэнэ 2017 онд АН-ын дарга болмогцоо намаа хагалж, бутаргах ажлыг эхлүүлсэн гэгддэг. 2016 оны сонгуулийн дүнгээр есөн суудал авч босгосон намын бүлгээ задалж, Ж.Батзандан, Л.Болд тэргүүтэй намынхаа гишүүдийг хөөснөөр УИХ-ын сонгуульд бүтэлгүйтэх эхлэлээ тавьсан гэж болно.
Хамгийн гол нь ялсан намын дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд болдог жишгийг зөрчин АН-ын дарга С.Эрдэнэ сонгуулийн санал хураалтаас хэдхэн хоногийн өмнө өөрийнхөө нэр хүндийг унасныг хүлээн зөвшөөрч Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар санал болгож байгаагаа зарласан нь олны итгэлийг алдах хамгийн том хүчин зүйл болсон юм. Мөн нийт нэр дэвшигчдээсээ 100 болон түүнээс дээш сая төгрөгийн татаас авсан, дотоод эв нэгдлээ хангаж чадаагүй, залуу чадварлаг, мэдлэг боловсролтой боловсон хүчиндээ итгэл хүлээлгэн нэр дэвшүүлэхийн оронд нам доторх бүлэглэлийнхээ гар хөл болсон хүмүүсийг нэр дэвшүүлсэн нь ялагдлын том шалтгаан байлаа.
Өөрөөр хэлбэл, түүний тогтоосон дэнчин залуу боловсон хүчнүүдээ хаалганы гадна үлдээж, мөнгөтэй хүмүүст нэр дэвших боломжийг олгосон нь намынхаа гишүүд төдийгүй олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Энэ нь ард иргэдийн итгэлийг хүлээж чадаагүйн нэг шалтгаан. АН-ын үндсэн дүрэмд УИХ-ын сонгуулийн дүнгээр олонх болж чадаагүй намын дарга, дэд дарга нар хариуцлага хүлээж тав хоногийн дотор огцорно гэж заасан байдаг. Тиймээс С.Эрдэнэ хариуцлагаа хүлээсэн нэр зүүж, намын даргын суудлаа сонгуульд ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Ц.Туваанд шилжүүлж, тамгаа хүлээлгэн өгөөд байгаа. Харин намын залуусын хувьд АН-ыг ялагдалд хүргэсэн намын дарга, удирдлагуудаа огцруулан шинэ намын даргаа тодруулж, цмнэчлэл хийнэ гэж босож ирсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдэлд хүрч, учраа олсонгүй. Хэрэв АН одоо л шинэчлэл хийж чадахгүй бол дараагийн сонгуулиар ч өндийж босож чадахааргүй байдалд хүрэх нь дамжиггүй. Уг нь АН асуудлаа шийдэхийн тулд сонгуулийн маргааш өдрөөс л шинэчлэлийн ажлаа эхлүүлэх ёстой байсан боловч харамсалтай нь одоог хүртэл эхлүүлж чадахгүй, асуудлыг хойш тавьсаар байна.
АН даргаа хэрхэн сонгохоос тус намын шинэчлэл хэрхэн өрнөх нь тодорхой болно. Тиймээс даргын сунгаагаа яаралтай явуулах учиртай. АН дүрэмдээ УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй тохиолдолд “Намын дарга, дэд дарга, намын Ерөнхий нарийн бичгийн даргыг огцорсонд тооцно. Намын дарга, дэд дарга, намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон тухайн үеийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан намын гишүүн нь намын удирдлагын дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй” гэж заасан байдаг. Үүний дагуу АН-ын удирдлагуудад хариуцлага тооцож, дараагийн даргын сунгаагаа эхлүүлсэн. Энэ удаа АН-ын даргад УИХ, Засгийн газрын гишүүний суудалд заларч байсан эрхмүүдээс Ц.Оюунгэрэл, Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, шинэ гишүүдээс Ж.Батсуурь, О.Цогтгэрэл нар нэрээ дэвшүүлсэн сураг дуулдана лээ. Харин залуучуудаас МҮХАҮТ-ын тэргүүн О.Амартүвшин, Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ, “Хонх”-ын С.Цогтсайханы төрсөн ахын хүү, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат нарын нэр сонсогдож байна. Гэвч намын даргаа сонгох, товлосон хурлуудаа хүртэл тодорхойгүй хугацаагаар хойшлуулчихлаа. Наадмын өмнөхөн зарлаж, нэр дэвшигчдийн бүртгэл дуусангуут ийнхүү гэнэт хойшлуулав. Энэ нь тус намын гишүүдийн дунд маргаан үүссэнтэй холбоотой гэж АН-ын даргын үүргийг түр гүйцэтгэж байгаа Ц.Туваан мэдээлсэн. Тэрбээр “Дүрмийн зөрүүтэй асуудал гарсан. Сунгааг зарласан намын Дотоод сонгуулийн хорооны тогтоол намын дүрмийг зөрчсөн” гэсэн үндэслэлтэй өргөдлийг гишүүдээс ирүүлсэн. Үүний дагуу Үндсэн дүрмийн хороо уг өргөдлийг авч хэлэлцээд маргаан үүсгэсэн. Тиймээс энэ асуудлыг шийдэх хүртэл түр хугацаагаар намын даргын сунгааг хойшлуулахаар шийдвэрлэсэн” гэсэн юм. Нэг хэсэг нь “Орон нутгийн сонгуулийн дараа сунгаа хийе”, зарим нь “Сунгааг өвөл явуулах нь зүйтэй” гэлцэж байгаа сураг дуулдаж буй. Харин зарим нь сунгаа явуулахгүй Их хурлаа хуралдуулъя гэж байгаа аж. Их хурлаа хуралдуулахын тулд дүрмээрээ ҮБХ-ны хурлыг зарлан хуралдуулах ёстой. Гэтэл ҮБХ байхгүй, ихэнх гишүүд нь автоматаар огцорчихсон. Тэгэхээр дүрмийн бус ҮБХ-ны хурал болно, дүрмийн бус Их хурлыг зарлан хуралдуулж таарна. Ийм зүйл болвол намын гишүүдэд таалагдаагүй хүн гарч ирэх магадлалтай болж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн ахлагч М.Тулгат “Тамга түр хадгалагч” Ц.Туваан намын Хэрэг эрхлэх газрын даргыг томиллоо. Дахиад л дүрэмгүй аашлав. Төрийн сонгуулиар ялагдал хүлээсний дараа нэн түрүүнд зохион байгуулах ёстой ажил бол Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-г хуралдуулах.
Үүнийг сонгуулийн санал хураалтын өдрөөс хойш 30 хоногийн дотор зохион байгуулах талаар үндсэн дүрэмд заасан. Өөрөөр хэлбэл, энэ сарын 24-нд хуралдах ёстой байтал товлоо ч үгүй байна. Үнэмлэхүй ялагдал хүлээсэн учраас сайн муу, алдаа оноогоо хэлэлцэх ёстой юм биш үү. Дахиад л хөшигний цаана тохиролцоо хийх нь” хэмээн шүүмжилжээ. Үүнээс харахад тус намын удирдлагууд намаа шинэчлэх нь битгий хэл дахин намынхаа дүрмийг зөрчиж, гишүүдийнхээ эсэргүүцэлтэй тулгарч байна. Намын даргын сунгаагаа ч ойрын хугацаанд хийж чадахгүй нь харагдаж байна.
АН-ын гишүүдийн шүүмжлэл үүгээр дуусахгүй.
АН-ын залуу гишүүд ахмад гишүүдээ ад үзэж, байр сууриа тавьж өгөхийг шаардаж эхэлсэн. Арга ч үгүй биз. Энэ сонгуулиар залуу гишүүдээ нэр дэвшүүлэх нэрийдлээр 100, 100 сая төгрөгийн дэнчин татан авсан ч эцэст нь тэднийг “жийж” бүлэглэл, фракцын хөгшин толгойлогч нарт найр тавьсан нь залуусын дургүйг хүргэсэн. Тухайлбал, АН-ын гишүүн Ч.Чулуунцэцэг АН-ын ахмадууд ач, зээгээ хараад гэртээ суухыг гэж зөвлөв.
Тэрбээр “Үзлээрээ бус ашиг сонирхлоороо фракцид хуваагдсан, лидер гэж яриад байгаа хэдэн болчимгүй хүний увайгүй үг үйлдлээс болж хэдэн арван мянган дэмжигч, гишүүн сэтгэл санааны хохирол амслаа. АН ардчиллынхаа үнэт зүйлийг өнгөрсөн дөрвөн жилд гээсэн. Ерөнхийдөө коммунист нам болчихсоны гай. Яагаад коммунист нам болсон бэ гэвэл нэг хүн бүхнийг шийддэг, С.Эрдэнэ гэдэг хүн ганцаараа бүхнийг мэддэг. С.Эрдэнэд таалагдаагүй бол хөөгдөж гардаг. Нэхсэн мөнгийг нь өгдөг. Дээр нь ардчиллын үнэ цэнийг байхгүй болгосон мэдэгдлийг удаа дараа хийдэг байлаа. Ийм учраас ялагдлаа. Нөгөө талаас гишүүдээ мөнгөтэй, мөнгөгүйгээр нь ялгаварлан гадуурхдаг байлаа.
Мөнгөгүй бол дотоод сонгуульд оролцуулахгүй, мөнгөгүй бол ҮБХ-нд оруулахгүй, сонгуульд дэвшүүлэхгүй. Одоо АН-ыг коммунист арга барилаар авч явсан С.Эрдэнэ намаас холдох ёстой. Гишүүд нь нэгдээд үгээ хэлж, эсэргүүцэж байхад намаас хөөж, элдвээр гутаагаад явуулж байсан энэ хүн өөрөө зайлах ёстой” гэж намынхаа дотор болж буй үнэнийг хатуухан хэлсэн байна. Ийнхүү АН-ын запуус дуу нэггэйгээр намаа шинэчлэхээр ам уралдуулан ярьж байгаа ч өнөөдөр асуудлыг шийдэхэд хүчгүйдсэн хэвээр байгаа ажээ.
АН шинэчлэгдэнэ гэж дөрвөн жил ярьсан ч хуучин бохиртойгоо хутгалдсаар өдийг хүрлээ. С.Эрдэнэ намынхаа ойгоор хэвлэлд өгсөн ярилцлагадаа “АН-ын дотоод шинэчлэл дуусч, нийгмийн шинэчлэлийн төлөө ажиллахад бэлэн” гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр энэ намд шинэчлэгдсэн гэх зүйл нэгээхэн ч байхгүй. Нөгөө л дотоод хэрүүл, намын гишүүдийн талцал үргэлжилсээр байна. Залуу гишүүдээ намаасаа шахан зайлуулсан С.Эрдэнийн бодлого намыг шинэчлэх биш дахин ялагдалд хүргэсэн. Энэ байдлаараа АН шинэчлэлээ хийж чадахгүй байсаар 2024 оны сонгуультой золгож ч мэдэх юм. Учир нь, УИХ-ын 2016 оны сонгуулиар АН ялагдал хүлээж, тэр цагаас хойш намаа шинэчлэх талаар ярьсаар дөрвөн жилийн нүүрийг үзэхэд урагшлах биш ухарсаар, муу муухайн ёроолд тулж дахин ялагдал хүлээгээд буй нь энэ. Гэтэл АН өнгөрсөн дөрвөн жилийн гашуун түүхээ давтаж, ялагдлаасаа сургамж, сэхээрэл авахын оронд шинэчлэлээ гараан дээр нь гацааж орхилоо.
М.Энхцэцэг
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин