МУСГЗ Г.Жамьян – С.Зоригийн аллагын захиалагч, гүйцэтгэгчид тун удахгүй нүглээ эдлэнэ
2019 оны 03-р сар 26-нд 09:21 цагт
У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ гучаад жил Монголыг гадныхантай нийлэн тонон дээрэмдэж идсэн мафийн сүлжээг нураахын төлөө, шудрага ёсыг тогтоохын төлөө ямар зоримог алхмууд хийж байгааг ард түмэн талархан дэмжиж байгаа. Харин энэ мафийн толгойлогч Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр нараас их мөнгө, газар, барилга байшин, орд газруудыг сэм авчихсан хүмүүс тэсч ядан, боож үхэх гэж байх шиг байна. Тэд ингэнэ ээ! Нэр усгүй, нэрээ нуусан луйварчид хэвлэлийн хуудас, цахим сүлжээгээр дүүрэн бурж байна.
Монголын мафи ямар аймшигтай зүйл хийдгийн хамгийн тод жишээг засгийн газрын гишүүн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж дэлгэн тавилаа. Энэ бол С.Зоригийг хөнөөсөн аймшигт аллага. Мафийнхны гар хөл болсон шүүх, прокурор, ТЕГ-ын зарим гол гэмт эдгээдүүдийг саатуулан олж авсан мэдээлэлдээ тулгуурлаж “Манай хууль хяналтын байгууллагын удирдлагууд 1939 оноос хойш ийм аймшигт эрүү шүүлтээр хүмүүсийг хилс хохироогоогүй юм” гэж тэмдэглээд, хилс хэрэгт 3 жил хагас тамлагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхнээс Хууль зүй дотоод хэргийн сайдын зүгээс уучлал гуйн, тэр хоёр иргэнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, эрх чөлөөтэй гаргана гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Гэлээ ч?!
Эсэргүүцэх асар их хүч бий. Мафийн сүлжээний гол хамгаалагч, Улсын дээд шүүхийн дарга Ц.Зориг хэвээрээ байгаа. Бас гол зүтгэлтэн улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, түүний орлогчид сандал суудалдаа байгаа цагт С.Зоригийн хэрэг шудрагаар шийдэгдэнэ гэдэг хэцүү л байх. Гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хилсээр шийтгүүлсэн хүмүүсийг суллаж, цагаатгана гэхэд ганц Ц.Нямдоржийн хүч хүрэх юмуу, үгүй юм уу, харж л байя.
Ц.Нямдорж мэдэгдэлдээ, энэ хэрэгт холбогдол бүхий 4 хүнийг саатуулан шалгаж байгаа, цаашид гүнзгийрүүлэн шалгана гэнэ билээ. Бодвол нөгөөх Тагнуулын ерөнхий газрын “аймшиг” Б. Хурц, Бархасбадь болон Содномдаржаагийн “өмгөөлөгчөөр” ТЕГ-ын тулгаж өгсөн, тэдний төлөөлөгч эмэгтэй Мөнхтөр, уг хэргийг нууцын зэрэглэлд оруулах дүгнэлт гаргаж өгсөн шинжээч гэх мэт хүмүүсийг үргэлжлүүлэн шалгах юм байгаа биз?!
Миний хувьд олон жил цагдаа, хуулийн байгууллагын ажил хариуцсан сурвалжлагч байсан. Энэ хэргийг эхнээс нь, худал хуурмаг юм хийж байна гэж мөн ч олон удаа бичсэн дээ. Тэхэд хуулийнхан нохой хуцсантай л адил боддог юм билээ. Эзэддээ, мафийн толгойлогчиддоо үнэнч яваа нь тэр.
Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг баригдмагц гэр бүлийнхэн нь надад хандсан. Б.Содномдаржаагийн аав, ээж “Миний хүүхэд хүн алах хүн биш. Тамлаж байна. Эм өгч ухаан санааг нь самууруулж байгаад, өөрсдийнхөө зохиосон бичиг дээр гарын үсэг зуруулж байна. Та үүнийг сониндоо бичээч, телевизээр яримаар байна” гэж уйлаад гуйж байсансан.
Төв аймгийн шоронд Б.Содномдаржаагийн камерт танихгүй хүн хамт оруулаад дарамтлуулаад байсан чинь Тагнуулын Ерөнхий газрын ажилтан байсан. Бас нөгөөх рецедив гэмт хэрэгтэн Ц.Амгаланбаатарыг өрөөнд нь оруулж зүйл бүрээр доромжлуулж дарамталдаг байсан юм билээ. “С.Зоригийг алсан хэргээ хүлээ. Эс тэгвэл чамайг ална. Орон гэрээр чинь хүйс тэмтэрнэ” гээд зоддог байсныг Б.Содномдаржаа захиандаа бичсэн л дээ.
Т.Чимгээ гэж манай нутгийн хөхүүл хүүхэдтэй ядарсан эмэгтэйг, С.Зоригийг алсан гэж аваачаад хорьчихсон байгаа юм. Энэ эмэгтэйн эцгийг би сайн таньдаг, сургуульд хамт байсан. Дорноговь аймагтаа “шудрага прокурор Төмөрхүрд” гэж гайхагдсаар залуугаараа таалал төгссөн дөө. Тэгээд эднийхэн над хандаж зовлонгоо ярьдаг байлаа. Т.Чимгээг энэ тагнуулынхан яаж тамласан гээ! Тэр хэцүү тамлалыг дааж өдий хүрсэн, ёстой баатарлаг эмэгтэй. Шоронгоос бичсэн захиаг нь та нар уншсан байх. Цагаан сүүгээ гоожуулж яваа эх хүний “нулимсаар, зүрхнийхээ цусаар” бичсэн байсан. Малын хашаа шиг юманд хорьчихоод, өтгөн шингэнээ нэг хувинд гаргадаг, түүний нь асгадаггүй, жорлонд байгаа юм шиг амьдардаг байсан гэдэг. Тэгэхэд нөгөө ялтан Ц.Амгаланбаатар тэнд сул чөлөөтэй, хаалганых нь нүхээр: “Чи муу энд байгаа юм уу” гээд элдвээр зүхэж занаад явдаг байж. Энэ хугацаанд Чимгээгийн ээж нь таалал төгссөн, том сайхан охин нь учир битүүлэг нас барсан. Эднийх гэдэг айл орвонгоороо сүйрсэн л дээ. Тэгэхэд тагнуулынхан “нүгэл нүдээ олж байгаа нь энэ!” гэж тавласан гэдэг.
Энэ хоёр хүнд хилс ял тулган эрүүдэн шүүсэн баримт бол бүтэн ном зохиол болохоор зүйл бий. Манай туршлагатай, шудрага дайчин хуульч Ц.Нямдорж байгаагүй бол, тэрээр хууль зүй дотоод хэргийн сайд байгаагүй бол, Монголын мафийнхан энэ гурван хүнд хилс ял хүлээлгээд шоронд үхүүлж, С.Зоригийн хэргийн жинхэнэ захиалагч, гүйцэтгэгч, төөрөгдүүлэгч, хамгаалагчид ял завшаад өнгөрөх байсан юм даа. Ард түмний минь буян заяа түшиж, Монголын мафийн МАН-ын талын толгойлогчийг суудлаас нь зайлуулж, Б.Хурц гэдэг аймшигтай хүнийг орох гарах газраа олж ядтал нь холдуулснаар С.Зоригийн хэрэг илрэх зөв гольдролдоо оров бололтой. Гэвч ард түмэн минь санаа амрах болоогүй байна. Мафийн гар хөл болсон Улсын дээд Шүүхийн дарга Ц.Зориг, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан тэргүүтэй прокурорын удирдлага, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Лүндэндорж нар энэ суудалдаа шигдэж суугаа цагт байдал ямараар ч эргэхийг таашгүй. Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр нарын удирдсан Монголын мафи одоо юу ч хийхээс буцахгүй болсон байна. Сүүлийн үед У.Хүрэлсүхийн засгийн газрыг унагааж М.Энхболдыгоо эргүүлэн Ерөнхий сайд болгох гэж байна гэсэн яриа ил далд хөврөх боллоо. Үүнийг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалантай ч холбож байх шиг. Энэ хүн, Монголыг талж дээрэмдсэн Оюу-толгойн гэрээнүүд, Эрдэнэтийн 49, 51 хувийн хэрэг, төр засгийн эрхийг хууль бусаар булааж авах оролдлого хийсэн М.Энхболд тэргүүтний 60 тэрбумын хэрэг, орлогч прокуроруудынхаа хэрэг, удаа дараагийн том аллагууд руу анхаарлаа хандуулахгүй хэрнээ ЖДҮ-гийн таван хүний нэр барьчихаад л гүйгээд байгаа. Түүний 4 нь МАН-ын 33-ын бүлгийнхэн. Энэ таван хүний эрхийг түдгэлзүүлчихвэл дахиад төр засгийн эрхийн төлөө тэмцэл өрнөж, 32-ын бүлэг ялах магадлалтай хэмээн тооцоолсон цөөн хэдэн хүн бий гэж хүмүүс ханцуй дотроо шивнэлдэж байна.
Одоо С.Зоригийн аллагын хэрэг хамгийн эгзэгтэй үедээ тулж ирлээ. С.Зоригийг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар алаагүй юм бол энэ аймшигт аллагыг хэн захиалж, хэн гүйцэтгэж, ямар хүмүүс буруу тийш нь төөрөгдүүлж байна вэ? гэдгийг дав даруй олох хэрэгтэй биз дээ?! Төөрөлдүүлсэн зохиомол хэрэг босгож ирэхэд ЦЕГ-ын дарга асан Р.Чингис, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, ШШГЕГ-ын дарга асан Б.Билэгт, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг нар ажиллаж байсан. Одоо ч зарим нь ажиллаж байгаа. Гол үүрэг гүйцэтгэсэн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, шүүгч Алдар, ерөнхий прокурор М.Энх-Амгалан, орлогч прокурор Г.Эрдэнэбат нарт хүмүүс тааламжгүй ханддаг. Гэтэл тэр хүмүүс нь өнөөдөр яг л суудал суудалдаа байж байгаа. Тэд дахиад шинэ “жүжиг” найруулах гэвэл яах юм?!
Хүмүүсийн анхаарал өнөөдөр Ерөнхийлөгч рүүгээ хандлаа. Мафийнхны үйлдсэн аймшигт том хэргүүд, тухайлбал С.Зоригийн хэргийн үнэн дүр төрх захаасаа илэрч байхад Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга яагаад дуугарахгүй байгаа юм бол, шүүх прокурорын буруутай удирдлагуудыг яагаад чөлөөлөхгүй байгаа юм бол, тэд чинь өнөөдөр Б.Содномдаржаагийн камерт л байх ёстой хүмүүс шүү дээ хэмээн шивнэлдсээр байна. Эсвэл манай Ерөнхийлөгч, шүүх прокурорынхны барьцаанд орчихсон юм бол уу гэх хүн ч тааралдаж л байна.
Би бол олон удаа бичсэн дээ. Өнөөдрийн шүүх прокурорын удирдлага хэвээрээ байгаа цагт Монголд шудрага ёс ярихын хэрэг байхгүй гэж. Тэд чинь мафийнхнаа хэргээс мултлаад гаргачихсан, заримыг нь хил давуулаад оргуулчихсан хань хамсаатнаас нь шоронд ганцхан “Жастын Батхүү” үлдсэн бололтой мэдээлэгдэнэ билээ. Эд чинь өнгөрч байгаа минут бүртэй өрсөн ажлааа амжуулж байна шүү дээ Тэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга маань “хугацаа нь болоогүй байна” гээд мөрий нь алгадаад сууж байж болдог юм уу?! Шүүх , прокурорын удирдлагууд ямарч гэм буруутай байлаа гэсэн томилогдсон 6 жилээ заавал дуусгах ёстой гэсэн хуулийн заалт байдаг юмуу. Би л хувьд олж хараагүй юм байна.
Харин сүүлийн үед Засгийн газрын харъяаны байгууллага Авилгатай тэмцэх газар, Цагдаа, Тагнуулынхан сайн ажиллаж байна гэж харагдахаар байгаа. Олон түмэн ч тэгэж дүгнэж байгаа бололтой. Ялангуяа С.Зоригийн аллагын хэрэг дээр туршлагатай ажилтнууд, цаг наргүй ажилаж байгаа сураг байна.
Одоо гол зүйл нь ухагдаагүй байгаа л даа. “Юмны эзэн, сумны занги” Б.Хурц оргочихгүй л бол баривчлагдаад шалгагдаж таарна. Өнөөх , УИХ-ын гишүүнийг “Оронд чинь алж чадна шүү” гэдэг хүн , хичнээн хүнийг ингэж алснаа хүлээж таарна. Аягүй бол энэ хэргийн гол удирдагчдаа барьж өгөөд өөрөө аврагдахыг ч байг гэх газаргүй. Гэмгүй хүмүүст 24-25 жилийн ял оноосон шүүгч Алдарынхан, түүний нь 20 жил болгож жүжиглэсэн Ц.Зоригийнхон лав л зүгээр өнгөрөхгүй , хатуу шийтгэгдэж таарна. Шүүх прокурорынхны хууль завхруулж хүн хохироосон нэг ноцтой зүйл бол хаалттай дэглимд хоригдохоор яллагдсан Б.Содномдаржаа нарыг гянданд хорьж тамласан явдал. Үүндээ хэн ч хариуцлага хүлээгээгүй байгаа шүү дээ.
Шудрага ёсыг дээдлэн гарч ирсэн У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар… нарын залуучууд маань “Хар хүч”-ний ямар их эсэргүүцэлтэй тулгарч зориг мохохгүй тэмцсээр байгаад монголчууд баярлаж байгаа. Гучаад жил Монголыг тонон дээрэмдэж баяжсан мафийнхан ч, бүх зүйлийг мөнгөөр амжуулж, аймаар л юм байна даа. Гэхдээ залуучуудыг маань төрийн сүлд, бурхан хоёр харнаа харна.
Эцэст нь би Ц.Нямдоржийн талаар хэдэн үг хэлмэээр байна. Намайг хотын сонины сурвалжлагч байхад Нямдорж гэж залуухан хуульч Орост сургууль төгсөөд ирж байж билээ. Эхнээсээ л шудрага дайчин хуульч гэдэг нь олон түмэнд танигдсан. Тушаал дэвшсээр сайд, УИХ-ын дарга хүртэл албыг тасралтгүй хашсан. Монголын мөн ч олон том хэргийг илрүүлж барагдуулсан даа. Өнөөх “центрпойнтын хэрэг”-ийг дээхнэ үеийнхэн санаж байгаа байх. Рецетив гэмт хэрэгтнүүд оролцсон тэр аймшигт сүлжээг Ц.Нямдоржоос өөр хүн бол зүрхэлж шийдэхгүй байсан байх. Хууль номын дагуу яг л шийдсэн дээ. Ер нь урьд өмнө гарч байсан ноцтой гэмт хэргүүдийг илрүүлэх, шийдэхэд Ц.Нямдорж л гол үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэгээд олон дайсантай болсон. “Ц.Нямдоржийг огцруул”, “Тэтгэвэрт нь суулга” гээд орилолдож байгаа хүмүүсийг та нар ажиглаж л байгаа байх. Хэний гар хөл вэ гэдэг нь бараг л нүүрэн дээрээ бичээтэй байдаг. Хамгийн сүүлд С.Зоригийн аллагыг шүүсэн аймшигт хуйвалдааныг илрүүлж хилсээр тамлагдагсадын ар гэрийнхнээс уучлал гуйлаа. Үхдэгийн даваан дээр нь эмнэлэг бараадууллаа. Гол этгээдүүдийг цагдан хорьж хангалттай мэдээлэл авсан гэж байна. Энэ хэргийн гол гэмтнийг илүүлэхээр цаашид зүтгэнэ гэж байна билээ. Гэмтэй хүмүүс Ц.Нямдоржоос айдаг юм. Нэр усаа нуугаад бичдэг юм. Гишгэсэн мөр болгоныг нь томруулж хардаг юм. Мань хүн түүнийг тоодог ч үгүй, “Жингэрүүд хуцаж л байгаа. Жингийн цуваа явдагаараа явж л байна” гээд мушилзаж суудаг. Ийм л хүн дээ. Ц.Нямдоржийг зайлуулах нь бүү хэл энэ хэдэн шудрага залуусдаа өмөг түшиг болгож баймаар.
Г.Жамьян
Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч МУСГЗ Г.Жамьян
URL: