Өмнөд Солонгост дахин нэг монгол иргэн хар тамхи, хүчингийн хэргээр 5 жилийн ял сонслоо
Уг мэдээг товчилбол:
Сөүл хотын давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн 10-р хэсгээс, 16-ны өдөр Хар тамхины тухай хууль зөрчсөн хэргээр шүүхэд шилжин ирсэн Монгол улсын иргэн, оюутан А-д Анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жилийн хорих ял, 40 цагийн бэлгийн хүчирхийллийн эмчилгээний хөтөлбөрт хамрагдах ялыг хэвээр үлдээв.
Шүүхээс “А нь хохирогчид кокаиныг нууцаар уулгаж, ухаан алдсан хойно нь хүчиндсэн гэмт үйлдэл нь хүнд хэрэг бөгөөд үүнээс болж хохирогч сэтгэл санааны хүнд цохилтод орж шаналж байсан” гээд “хохирогчтой тохиролцох юмуу хохирогчоос уучлал хүсч чадаагүй зэрэг нь анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хүнд гэж үзэх боломжгүй”-г дурджээ. Сөүл хотын нэгэн их сургуульд сурдаг А нь өнгөрсөн оны 3 сарын 20-нд хамт архи уусан Хятад эмэгтэйд нууцаар кокаин уулгасны дараа өөрийн гэртээ авчирч хүчиндсэн хэргээр шүүхэд шилжсэн байсан юм.
А нь хохирогчтой бэлгийн харилцаанд ороогүй гэж өөрийгөө өмөөрч байсан боловч хохирогчийн биеэс түүний DNA шинжилгээгээр илэрснээр хэргээ хүлээсэн байдаг. Мөн мөрдөн байцаалтын явцад анхандаа кокаин хэрэглэсэн хэргээ хүлээж байснаа “кокаин биш Монголын уламжлалт хамрын тамхи гэж бодсон” хэмээн мэдүүлгээ байн байн өөрчилж мөрдөн байцаах байгууллагын ажилд “худал хэлэх, өгсөн мэдүүлгээ өөрчлөх” мэтээр хүндрэл учруулсан зэргийг нь зэмлэн буруушааж, өөрийн хийсэн гэм буруутай үйлдлийхээ заримыг нь л хүлээн зөвшөөрсөн А-ийн үйлдэлд “гэм буруутайн ял”-ыг оногдуулсан хэмээн тайлбарлажээ.
Эх сурвалж: m.edaily.co.kr
URL: