Нийслэлд шатахуун түгээх станц нэмж барихгүй
Мэргэжлийн хяналтын байгууллагаас шатахуун түгээх станцуудад томоохон шалгалт хийжээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт 21 аж ахуйн нэгжийн 239 шатахуун түгээх станц, 52 автомашиныг хийгээр цэнэглэх станц, газрын тос хадгалах 20 агуулах, хийгээр цэнэглэх дөрөв, байгалийн хийгээр цэнэглэх хоёр станц үйл ажиллагаа явуулж байна.
Харин Улаанбаатар хотын хэмжээнд бүртгэлтэй 535 мянга гаруй автомашин байгаа юм. Гэтэл хот төлөвлөлтийн норм, дүрмийн зохицуулалтад манайх шиг хотын хэмжээнд 70-80 шатахуун түгээх станц байх нь зохистой гэж заасан байна. Тодруулбал, шатахуун цэнэглэх нэг гар нь 1300 орчим автомашинд шатахуун шахах хүчин чадалтай гэж үздэг. Нэг ШТС-д дунджаар 5-6 гар байгаа гэж тооцвол одоогийн байгаа 239 ШТС-аар 1.5 сая машиныг шатахуунаар хангана гэсэн үг. Энэ нь Улаанбаатар хотын нутагт байх ШТС-ын зохист хэмжээнээс 2.4 дахин их байна гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргажээ. Тиймээс Нийслэлийн хот байгуулах хөгжлийн газар болон газрын алба руу дахин Шатахуун түгээх станц барих зөвшөөрөл олгохгүй байх талаар албан тоот хүргүүлжээ. Албан тоотод Улаанбаатар хотын бүсэд ШТС-ын зориулалтаар дахин газар олгохгүй, зураг баталж, зөвшөөрөл олгохгүй байхаар тусгасан талаар НМХГ-ын Газрын тос, хийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболд “Шатахуун түгээх станцуудад шалгалт хийхэд арав нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан. Мөн гурван авто машины хий цэнэглэх станц, зөвшөөрөлгүй барьсан долоон ШТС, зөвшөөрөлгүй өргөтгөл хийсэн нэг нефтийн агуулах, нэг хийн агуулах, ШТС-ын шатахуун хадгалах савны цэвэрлэгээ үйлчилгээ хийгдээгүйгээс чанарт сөргөөр нөлөөлсөн нэг агуулах байсан гэх зэрэг нийт 117 зөрчил, дутагдал илрүүлсэн.
Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан арван ШТС, гурван автомашины хий цэнэглэх станцын үйл ажиллагааг зогсоож холбогдох компаниудад нь торгууль ногдуулсан байгаа. Газрын тосны хяналтын чиглэлээр хийгдсэн шалгалтаар илэрсэн зөрчилд 27 албан даалгавар, 14 албан шаардлага, 19 зөвлөмж, 28.100.000 төгрөгийн торгууль тавьж бүрэн төлөгдсөн. Газар байгаль орчны чиглэлээр дөрвөн аж ахуй нэгжид хоёр сая төгрөгийн торгууль ноогдуулж бүрэн барагдуулсан” гэлээ.
Түүнчлэн “М-Oil” компанийн нэг, “Шунхлай”-н хоёр, “Сод Монгол”-ын нэг, “Хүрээ инвест” нэг, “Интер Стандарт нефть” компанийн гурав, “Дашваанжил” компанийн нэг, “Гор газ” компанийн нэг авто хийн станцууд улсын нөөцөд хүлээлгэж өгөхөд шаардлагатай бичиг баримт дутуу байсан учраас ашиглалтад хүлээж авах боломжгшүй байсан гэдгийг албаны хүн хэллээ. Эдний ихэнх ШТС-ууд үйл ажиллагаагаа дураар явуулдаг зөрчил жил бүрийн шалгалтаар илэрдэг. Тухай бүрд үйл ажиллагааг нь зогсоож зөрчлийг арилгуулах, цаашид бичиг баримт бүрдүүлэх боломжгүйг татан буулгах хүртэл арга хэмжээ авчээ.
Монгол Улсын барилгын норм, дүрэмд “ШТС-ыг тухайн орон нутгийн салхины зонхилох чиглэлийг үндэслэн орон сууц, үйлдвэрлэлийн болон олон нийтийн барилга байгууламжийн салхины доод талд байрлуулахаар төлөвлөнө. Мөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн дотуур байр, хэвтэж эмчлүүлдэг эмчилгээний байгууллагуудын эдэлбэр газрын хил, орон сууц, олон нийтийн барилгын цонхноос /хаалганаас/ багадаа 80 метр зайд байрлах шаардлагатай. Аливаа суурьшлын бүс, дүүрэг доторх хурдны зам, төв гудамжаас 20 метр зайд барьж байгуулах шаардлагатай” гэж заажээ. Харин зураг төсөл боловсруулж байгаа байгууллагын чадамж, мэргэжлийн байдлаас хамаарч дээрх норм дүрэм зөрчигддөг. Гэр хороолол дунд галын аюулгүйн зай хэмжээг зөрчин объект барьсан тохиолдол цөөнгүй. Төрийн байгууллагын уялдаа, мэдээлэл хангалтгүйгээс мэргэжлийн хяналтын байгууллага хаана, ямар байгууллага шинээр баригдаж байгааг мэдэх боломж дутмаг байдаг гэнэ. Технологи хурдацтай хөгжиж богино хугацаанд барилга барьдаг болсон энэ үед баригдсан хойно мэдээд авах арга хэмжээ нь тодорхойгүй болох тохиолдол ч байна. Анхнаасаа газар олгохдоо холбогдох хууль тогтоомжид заасан дүрэм журмыг даган ажиллаж, Улсын комисс тухайн барилга байгууламжийг хүлээж авахдаа шалган нягталж иргэдийн аюулгүй байдлыг хангах ёстой юм.
Б.Мөнхчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: