Канье Уэст: Хүүхэдтэй хүн бүрт нэг сая доллар өгнө

712-1595374104kaney

Рэппер Канье Уэст АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа өөрийн твиттер  хуудсаар дамжуулан илэрхийлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.  Гэвч өрсөлдөх эсэх нь тодорхой болоогүй байсан юм. Тэгвэл тэрээр ням гарагт Өмнөд Каролина мужид сонгогчидтойгоо анхны уулзалтаа хийлээ. Уулзалтын үеэр үр хөндөлтийн асуудлыг хөндөн хэлэлцүүлэг өрнүүлж, хүүхэдтэй хүн бүрт нэг сая ам.доллар өгнө гэж  мэдэгдлээ. Аав нь ээжийг нь үр хөндүүлэхийг хүсч байсан тухайгаа ярьсан нь уулзалтын оргил хэсэг байлаа. Тэрээр “Намайг ээжийнхээ гэдсэнд байхад аав үр хөндүүлэхийг хүссэн. Гэвч ээж маань надад амьдрал бэлэглэсэн. Хэрвээ аав  ажил ихтэй, завгүй байгаагүй бол өнөөдөр би энд зогсож байхгүй байлаа” гэж  хоёр удаа давтан хэлээд уйлсан юм.  Цааш үргэлжлүүлэн  “Үр хөндөлтийг хориглох шаардлагагүй. Харин хүүхэдтэй эмэгтэйчүүдэд санхүүгийн туслалцаа үзүүлэх шаардлагатай. Хэрвээ хүүхэдтэй хүн бүрт сая доллар өгвөл хүн ам амархан өснө” гэсэн боловч энэ мөнгөө хаанаас гаргахаа хэлээгүй юм. Ийн тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан ч ихэнх муж дахь санал хураах хугацаа дууссан. Тиймээс тэрээр бусад  мужийн иргэдээс хангалттай  хэмжээний гарын үсэг цуглуулах шаардлагатай. Өнгөрсөн долоо хоногт Окламагаас нэр дэвших эрхээ авсан нь түүний анхны муж байв. Харин Өмнөд Каролинагаас нэр дэвшихийн тулд 10 мянган хүний гарын үсэг цуглуулах хэрэгтэй. Түүний өрсөлдөгч нь  Дональд Трамп, Жо Байден нар юм.

Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: