С.Баярцогтын үндэслэлгүй хөрөнгийг хураахаар боллоо

С.Баярцогт

Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан С.Баярцогт, Татварын болон Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал байсан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асан Д.Ганболд, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга байсан Б.Бадрал нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх баасан гарагт шийтгэх тогтоолоо танилцууллаа.

Шүүгдэгч С.Баярцогтыг

2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үедээ албаны эрх мэдлээ ашиглан эхнэрийнхээ хувь эзэмшдэг компанийг “Оюутолгой” ХХК-тай гэрээ байгуулж орлого олох боломж бүрдүүлж улсад хохирол учруулсан,

“Айвенхоу майнз” компанийн 150 000 ширхэг хувьцааг мэдээлэлд ойр байх эрх мэдлээ ашиглан худалдан авч, гэрээ байгуулагдсаны дараа буюу 2010 оны дөрөвдүгээр сард олон улсын хөрөнгийн зах дээр уг хувьцааны ханш өсмөгц буцаан борлуулж 1.3 сая гаруй ам.долларын ашиг олсноосоо 1.2 саяыг нь Швейцарын банкаар дамжуулан оффшор бүсээс “Голомт” банканд шилжүүлэн байршуулж мөнгө угаасан,

2008-2012 онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна Нүхтэд 853 сая шахам төгрөгөөр үнэлэгдэх хаус авсныгаа өөр хүний нэр дээр бүртгүүлж, хөрөнгөө нуусан,

Зайсангийн “Белла веста” хотхонд 1.1 болон 1.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, автозогсоолуудыг худалдан авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэм буруутайд тооцлоо.

Эрх мэдлээ урвуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдлүүд тус бүрт нь шүүхээс хариуцлага ногдуулж, нийт эдлэх ялыг нь 10 жил хорихоор тогтоосон юм.

Улмаар нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасаж, дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүд, оффшор бүсээс Швейцарын банкаар дамжуулан угаасан 1.3 сая ам.долларыг тухайн үеийн Монголбанкны ханш болох 1230-аар үржүүлэн 1.6 тэрбум төгрөгийг нь улсын орлого болгохоор шийдвэрлэлээ. Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, дөрвөн жил хорих ял ногдууллаа.

Татварын байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж байсан Б.Ариунсан, Б.Бадрал нарыг “Оюутолгой” ХХК-ийн улсад төлөх татварын хэмжээг үндэслэлгүйгээр бууруулж, эрх мэдэл албан тушаалаа урвуулсан гэм буруутай гэж үзэн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил зургаан сар хорих ял эдлүүлэх тогтоол шүүх гаргав.


URL: