Шүүхээс С.Баярцогтод 10 жилийн хорих ял оноолоо
С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт холбогдох хэрэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаа дахь өдрөө үргэлжиллээ.
Шүүх хуралдаанаар, С.Баярцогтод 10 жил хорих, таван жил нийтийн албанд ажиллах эрхийг хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон байна.
Харин Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд тус бүр гурван жил ажиллах эрхийг хасаж, дөрвөн жил хорих ял оноожээ.
Сануулахад, С.Баярцогтыг Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан 2018 оны дөрөвдүгээр сараас АТГ-т шалгаж эхэлжээ.
Улмаар С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль /2002 он/-ийн 263 дугаар зүйл / Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-ийн 263.2 буюу “Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан”, Эрүүгийн хууль/2015 он/-ийн 18.6 /Мөнгө угаах/-ийн 2.3 буюу “албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн”, 22.10 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-ийн 1 буюу “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.
URL: