“Зөөлөн билүү”
У.Хүрэлсүх Засгийн газрынхаа жанжин шугамыг залж явах Шадар сайдаар Я.Содбаатарыг томилов. Нэг уяаны морьд шиг улс төрд хамт зүтгэж яваагийн хувьд тэр түүний танхимд байх ёстой хүний нэг юм. Тэдний нөхөрлөл НАМЗХ хэмээх нялх байгууллагаас эхлэн соёолсон.
Нэг нь НАМЗХ-ны ерөнхийлөгч, МАН-ын “Улаан хамгаалагч”, нөгөө нь нарийн бичгийн дарга бөгөөд “Улаан фэн” явсан түүхтэй. Гаднаас нь харвал тэдний зан өөр, нэг нь хатуу, нөгөө нь зөөлөн. Гэхдээ улс төрийн завь нь нэг, зам ч нэг. Нэг нь нам даргалбал нөгөө нь нарийн бичгийг нь хариуцдаг. Нэг нь засаг тэргүүлбэл нөгөө нь сайд хийх жишээтэй. Энэ л жишгээр У.Хүрэлсүх МАН-ын генсек болохдоо Я.Содбаатарыг анх нарийн бичгийн дарга болгож байсан юм.
2017 онд У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбатыг огцруулан өөрөө Ерөнхий сайд болж Засгийн газраа байгуулахдаа түүнийг Хэрэг эрхлэх газрын даргаараа томилох гээд чадаагүй. МАН-ын бүлгийн дарга болгох гэсэн ч эв нь таараагүй гэлцдэг. Ингээд ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ салбарт нь хүн амины хэрэг гарсан асуудлаар 2018 оны намар огцроход зөрүүлээд Я.Содбаатарыг томилсон. Гэвч эхнэрийнх нь компани ЖДҮ авсан гэх хэрэг мандаж тэрээр ердөө хоёрхон сарын дараа өөрийн хүсэлтээр “давхар дээл”-ээ тайлсан. Саяын сонгуульд У.Хүрэлсүх намын дарга, штабын тэргүүний зэрэгцээ Хэнтий аймагт нэр дэвшиж ихээхэн ачаалалтай байсан. Тэгвэл ерөнхий менежерийн албыг Я.Содбаатар залгуулсан. Багын найз, баруун гар, итгэлт хүний хувьд ингэлгүй ч яахав. Бас түүнийг У.Хүрэлсүхийг ирлэж байдаг “зөөлөн билүү” ч гэлцдэг. Харин одоо тэд нэг нь Ерөнхий сайд, намын дарга, нөгөө нь Шадар сайдын албыг хашиж МАН-ын хойморт, Засгийн өргөөнд зэрэгцэн суулаа. Сайн найз, хамтран зүтгэгч байхаас илүү Шадар сайдын албыг хэр сайн хаших вэ гэдэг чухал.
“Хүний хуучин, дээлийн шинэ нь” гэвэл энэ удаагийн Засгийн газрын гишүүдийн олонх нь шинэ. Харин Я.Содбаатар улс төрд ч, сайдын хувьд ч хуучин хүн. Өвөрхангай аймгаас 2012, 2016 онд УИХ-д сонгогдож гишүүнээр ажилласан. Үйлдвэр, худалдааны сайд, дэд сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, дэд даргын албыг хашсанаас үзэхэд Шадар сайд байж чадах арвин туршлагатай.
1997 онд Технологийн дээд сургууль, 2004 онд Удирдлагын академи, 2015 онд МУБИС-ийг тус тус төгссөн. Физикч-инженер мэргэжилтэй, шинжлэх ухааны докторын зэрэгтэй. Сайдаар ажиллаж байсан, бас хариуцлага хүлээн албаа өгч явсан удаатай. Тухайлбал, ЗТХ-ийн сайдын албыг хүлээлгэж өгөхдөө тэрээр “Миний хамаарал бүхий аж ахуйн нэгж хуулийн дагуу ЖДҮХС-гаас зээл авсан. Төсөл амжилттай хэрэгжиж зээлээ эргүүлж төлсөн. Хууль зөрчөөгүй ч гэсэн улстөрчийн хувьд өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг үнэлэн, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нам дамжсан бүлэглэлийн эсрэг хийх тэмцлийг дэмжиж ийм алхам хийж байна. Цаашид УИХ-ын гишүүний хувьд сонгогчдын итгэлийг хүлээж, зөв нийгэм байгуулах хүртэл сонгогчидтойгоо хамтран тэмцэх болно” гэж байсан юм. Салбарын сайд байхдаа өгч байсан тэр амлалт нь Шадар сайдад өнөөдөр ч хамаатай. Та өөрийгөө хангалттай хариуцлага хүлээсэн гэж үзэж Шадар сайд болсон уу. Сонгогчдын итгэлийг хүлээж, зөв нийгэм байгуулах хүртэл яаж тэмцэх гэж байна гэсэн олон асуултад тэр үйл хэргээрээ хариулах учиртай. Ерөнхий сайд нь нэгэнтээ “Би зурагаа Төрийн ордны ханан дээр үлдээсэн зүгээр нэг Ерөнхий сайд баймааргүй байна. Би Монгол Улсын түүхэнд их зүйл хийж бүтээснээр түүхэнд үлдэхийг хүсч байна” гэж хэлсэн.
Тэгвэл Я.Содбаатар Шадар сайдын хувиар бусдыгаа үлгэрлэсэн “Хатуу самар” байх уу, зөвхөн найзыгаа л ирлэдэг “Зөөлөн билүү” байгаад дуусах уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: