Б.Хурцыг шүүх хуралд Б.Булган өмгөөлөгчтэйгөө оролцлоо
Бүхэл бүтэн 19 жилийн турш эзэн нь олдоогүй Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан 20 жилийн хорих ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын дарга асан хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 09:40 цагт эхэлсэн юм. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Төв аймаг дахь ШШГЕГ-ын харьяа хорих ангийн зооринд хорьж, хэрцгийгээр эрүүдэн шүүж, ял тулгаж буй бичлэг өнгөрсөн оны гуравдугаар сард олонд ил болсноор дээрх есөн хүнийг долдугаар сараас эхлэн хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.
Шүүх хуралдааны оролцогчдоос шүүх бүрэлдэхүүн болон улсын яллагч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас татгалзах хүсэлт гаргасан ч шүүх үүнийг хүлээж аваагүй тул хуралдаан үргэлжилсэн. Улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хуралдаан 12:20 цагт завсарлаж, 13:30 цагт дахин хуралдсан юм. Ийн шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагт үргэлжлэхээр боллоо.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Хурц нараас гадна С.Зориг агсны эхнэр Б.Булган өмгөөлөгчтэйгөө оролцсон юм. Мөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн ирсэн байлаа. Тэднээс хохирогчдын нөхцөл байдлын талаар асуусан юм. Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат “Одоогоор манай дүү шоронгийн эмнэлэгт байгаа. Гэхдээ бие нь хүнд өвдөөд хэвтэрт орсон зүйл байхгүй. Шоронгийн дэглэмийн дагуу 45 хоногт нэг удаа ар гэрийнхэнтэй нь уулзуулдаг. Энэ үеэр нь уулзсан. Өглөө ажилдаа гарна гэж гараад таван жилийн турш ийм харгис яргалал тамлал амссан хүний сэтгэл санаа ямар байх нь тодорхой. Эрүүдэн шүүж, тамлан зовоож буй бичлэг нь олонд хүрч хүн бүр мэддэг болчихсон ийм хэргийг нотлох гээд шүүж байна. Энэ бол шийдэхэд хэцүү, толгой эргэсэн хэрэг биш. Шүүх хойшлуулах арга эрэлхийлээд янз бүрээр оролдож байна. Шүүх хурал товлогдох бүрт өнөөдөр шийдчих болов уу. Дүү маань гараад ирэх болов уу гэж горьддог” хэмээн ярьсан юм. Хохирогч Т.Чимгээ гурван хүүхэдтэй. Түүнийг хоригдож байх үед том охин нь автын ослоор нас баржээ. Энэ талаар ах Т.Хүрэлбат нь “Энэ яргачид миний дүүг тамлан зовоож байх үед том охин нь автын ослоор нас барсан. Гэхдээ энэ хэрэгт ээжийг нь эрүүдэн шүүж тамласан хүмүүс ч хамаатай. Учир нь Сэлэнгэ рүү найзтайгаа хамт явж байгаад осолд орж амиа алдсан ч найз нь бэртээгүй. Ослын дараа тэр найз нь усанд хаясан чулуу шиг алга болсон.
Цагдаа “Зүгээр явж байгаад гэнэт машины жолоог найзтайгаа булаацалдаж байгаад осолдсон” гэж үл итгэм зүйл ярьсан. Тиймээс үүнийг захиалгатай гэж боддог. Ээжийг нь тэгж их тамлаж байсан хүмүүс охиныг нь осолд оруулах бол асуудалгүй зүйл” гэсэн юм. Харин Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Өнөөдөр сайхан мэдээ сонсох байх гэж итгээд ирлээ. Хүүтэйгээ хэд хэдэн удаа уулзсан. Одоо эмнэлэгт хэвтэж байгаа.
Хүү маань “Ээж би гармаар байна. Намайг яагаад ингэж хориод байгаа юм бол. Шүүх үнэн зөв шийдвэр гаргаад намайг суллана гэж итгэж байна гэсэн” гэж ярьсан юм. Мөн тус шүүхийн танхимын гадаа иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл ирсэн байсан юм.
Эх сурвалж Зууны мэдээ сонин
URL: