Ж.Эрдэнэбат: Дубайн гэрээг Ч.Сайханбилэг “би хар толгойгоороо хариуцна” гэсэн
Олны дунд Дубайн гэрээ гэж нэрлэж хэвшсэн “Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт, далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-г баталсан гэх үндэслэлээр тухайн үеийн Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс-Монгол ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан болоод Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох шүүх хуралдаан долдугаар сарын 06-ны өдрөөс хойш 4 өдөр үргэлжилсний эцэст долдугаар сарын 9-нд түр завсарласан.
-С.БАЯРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ТУСГААРЛАСАН ХЭДИЙ Ч, С.БАЯРЦОГТОД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ТУСГААРЛАСАНГҮЙ-
Тэгвэл тус шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилж байна. Тодруулбал, С.Баярцогтыг албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгосон хэргээр шүүгдэж байгаа хэдий ч, түүнийг дээрх Дубайн гэх асуудалтай хамтад нь шүүж байгаа юм. Харин Ерөнхий сайд асан С.Баярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татан, дээрх хэрэгтэй хамтад нь шүүж байсан, түүнд холбогдох хэргийг Дубайн гэх хэргээс тусгаарласан юм.
Иймд зарим хуульчид С.Баяр, С.Баярцогт нарын асуудал Ч.Сайханбилэгийн байгуулсан Дубайн гэрээнээс тусдаа асуудал байтал, С.Баярыг тусгаарлаж, С.Баярцогтыг тусгаарлахгүй хамтад нь шүүж байгаа нь улс төрийн намаар нь ялгаварласан үйлдэл гэж шүүхийг буруутгаж буй.
-ТУШААЛ ӨГСӨН Ч.САЙХАНБИЛЭГ ГАДААДАД ЗУГТАЖ, ТҮҮНИЙ ТУШААЛЫГ БИЕЛҮҮЛСЭН ЗАЛУУС ТҮҮНИЙ ӨМНӨӨС ШҮҮГДЭЖ БАЙНА-
Харин 2015 онд Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байхдаа Дубайн гэрээг байгуулсан Ч.Сайханбилэг гадаад улс руу гараад одоог хүртэл эх орондоо эргэж ирээгүй байна. Түүнийг интерполоор эрэн сурвалжилж байна гэж албаныхан мэдэгдэж буй. Харин тэрээр AНУ-д төвтэй “Amsterdam & Partners LLP” олон улсын хуулийн фирм өмгөөлөхөөр болсон гэх мэдээлэл цацагдсан. Цаашлаад түүнийг гадаад улсаас иргэншил хүссэн талаар зарим эх сурвалжууд ч мэдээлсэн.
Харин тухайн үед Татварын Ерөнхий газрын дарга байсан Б.Ариунсан, Эрдэнэс-Монгол ТӨХК-ийн гүйцэтгэх захирал байсан Б.Бямбасайхан нар засгийн газар, ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өгсөн үүргийг биелүүлснийхээ төлөө, мөн 2-10 тэрбум төгрөг төлж чадаагүйн улмаас хоригдож, өнөөдөр шүүгдэж байна.
Тэгвэл 2015 онд Сангийн сайдаар ажиллаж байсан, 2016-2017 оны хугацаанд Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан Ж.Эрдэнэбат хуулийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-тэй холбоотой Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан асуудлаар санал хураалт явуулж, олонхоороо асуудлыг шийдвэрлээгүй, ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр компани хоорондын асуудал, энэ асуудалд Засгийн газар оролцоод байх шаардлагагүй, хоёр компани асуудлаа өөрсдөө шийдээд явна, та нар битгий эсэргүүцээд бай, хэрэв сүүлд янз бүрийн асуудал үүсвэл би өөрөө хар толгойгоороо хариуцна гэж хэлээд алх цохиж байсан. Алх цохино гэдэг маань энэ тухайн асуудлыг дуусгаж дараагийн асуудалд орж байна гэж ойлгож болно” гэж мэдүүлжээ.
Эх Сурвалж: ISee.mn
URL: