Аймгуудын наадмын сониноос

109806883_904924610005236_1031202052057111435_n_b

Архангай аймаг Цэнхэр сумын заан Хүрэлбаатарын Очирхуяг түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Хайрхан сумын уугуул, аймгийн начин Батмагнайн Мөнхбаяр үзүүрлэж аймгийн заан болов. Хайрхан сумын заан С.Пүрэвжанцан, О.Баярбаасан нар шөвгөрч, аймгийн начин цолын босго давлаа. Наадамд улсын харцага Т.Мөнгөнцоож, Г.Батбаяр, улсын начин Л.Шинэбаатар, Ц.Нямдорж нарын 128 бөх хүч үзжээ.

Баян-Өлгий аймаг Бугат сумын уугуул, аймгийн начин Энхболдын Тамираа (21 настай) түрүүлж аймгийн арслан, Увс аймгийн Наранбулаг сумын заан Баттөмөрийн Батбаян үзүүрлэж аймгийн заан цол хүртжээ. Улсын харцага Г.Алтангэрэл, улсын начин Ц.Лхагвасүрэн тэргүүтэй 128 бөх барилдсанаас Баяннуур сумын заан О.Ерболсын, Е.Коптилек нар шөвгөрч аймгийн начин цол хүртэв.

Баянхонгор аймаг Улсын начин Д.Нямхүү, Б.Баянжаргал нарын 128 бөх барилдаж, Баянлиг сумын уугуул, аймгийн харцага Чинбатын Алтангэрэл долоо даван түрүүлж, Жинст сумын уугуул, аймгийн начин Энхманлайн Батмагнай (үндэсний бөхийн өсвөр үеийн улсын гурван удаагийн аварга) үзүүрлэлээ.

Булган аймаг Улсын харцага Ж.Бор, улсын начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, С.Дэлгэрбат тэргүүтэй 128 бөх барилдсанаас Сайхан сумын уугуул ах дүү хоёр үзүүр түрүүнд үлдэв. Аймгийн нэмэх начин Насан-Очирын Намнансүрэн буюу ах нь түрүүлж аймгийн арслан, сумын заан Насан-Очирын Намнан-Эрдэнэ (дүү) аймгийн заан цол хүртсэн байна. Шөвгийн дөрөвт аймгийн заан Б.Баяржаргал, аймгийн начин Д.Пүрэвдорж нар шөвгөрчээ.

Говь-Алтай аймаг Улсын харцага Ж.Амартүвшин, улсын начин С.Эрхэмбаяр, Г.Гансүх, Д.Батбаяр, Н.Баярмагнай, Ш.Тогтохбаяр, Ц.Бямба-Очир нар нутагтаа зодоглолоо. Эрдэнэ сумын уугуул, аймгийн харцага Ядамсүрэнгийн Бумбаяр түрүүлэн аймгийн арслан цолд хүрч, аймгийн арслан Эрдэнэцогтын Даваажаргал (Шарга) үзүүрлэв. Шөвгийн дөрөвт үлдсэн Цээл сумын заан Д.Алтаншагай, Шарга сумын харцага Ч.Бат-Эрдэнэ нар аймгийн начин боллоо.

Говьсүмбэр аймаг 128 бөх барилдсанаас Төв аймгийн Жаргалант сумын уугуул, аймгийн харцага Батмөнхийн Содхүү түрүүлэн аймгийн арслан, Говьсүмбэрийн Сүмбэр сумын бөх, аймгийн начин Батнасангийн Үүрцайх үзүүрлэн аймгийн заан цол хүртэв. Шөвгийн дөрөвт үлдсэн Булганы Сэлэнгэ сумын заан О.Эрдэнэсайхан, Ховдын Мөст сумын залуу бөх Э.Энхтөр аймгийн начин цолтны эгнээнд багтлаа. Дархан-Уул аймаг Улсын начин С.Даваасамбуу, Б.Насандэлгэр, аймгийн 14 арслан тэргүүлсэн 128 бөхөөс аймгийн хоёр начин үзүүр түрүүнд үлджээ.

Сэлэнгийн Хушаатын Халтарын Чинбат түрүүлж, Ховдын Эрдэнэбүрэнгийн Цогтбазарын Заяатүшиг үзүүрлэж, аймгийн арслан, заан цолд хүрчээ. Шөвгийн дөрөвт үлдсэн Дархан-Уулын Хонгор сумын заан Э.Очирболд аймгийн начин болж, Увс аймгийн заан Т.Эрхэмбаяр чимэг нэмэв.

Дорноговь аймаг Улсын начин А.Хатансайхан тэргүүтэй 128 бөхөөс Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, аймгийн заан Батсуурийн Бат-Эрдэнэ түрүүлэн аймгийн арслан, Завханы Цэцэн-Уул сумын заан Лхагваагийн Лхүнрэв үзүүрлэж аймгийн заан болов. Шөвгийн дөрөвт Дорноговь аймгийн Мандах сумын бөх, аймгийн начин И.Баатарчулуун, Айраг сумын заан О.Хишигдэлгэр нар үлджээ.

Дорнод аймаг Улсын харцага Л.Пүрэвжав, улсын начин Ж.Гансүх, Д.Цогзолдорж нарын 128 бөх барилдсанаас Баян-Уул сумын харьяат, аймгийн харцага Мөнхжаргалын Билгүтэй түрүүлж аймгийн арслан цолд хүрлээ. Архангайн Батцэнгэлийн аймгийн заан, жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Лхагвасүрэнгийн Отгонбаатар аймгуудын наадамд дөрөвдэх удаагаа үзүүрлэв. Говь-Алтайн Алтайн аймгийн начин Г.Бат-Ирээдүй, Өвөрхангайн Нарийнтээлийн аймгийн начин М.Гантулга нар шөвгөрч чимэг нэмсэн байна.

Дундговь аймаг Улсын начин Б.Чинзориг тэргүүтэй 128 бөхөөс Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн начин цолтой хоёр бөх түрүү булаалдав. Доржпаламын Энхболд түрүүлж аймгийн арслан, Ширхбаярын Ганбаяр үзүүрлэн аймгийн заан цолтой боллоо. Шөвгийн дөрөвт аймгийн арслан А.Саруулсайхан, Адаацаг сумын начин Т.Мягмаржав нар үлдэв.

Завхан аймаг Улсын харцага М.Дармаабазар, улсын начин Ц.Сумьяабэйс, Ж.Оргил, Г.Бат-Амгалан, Б.Бадамдорж тэргүүлсэн 128 бөхөөс Цэцэн-Уул сумын уугуул, аймгийн харцага Шагдарсүрэнгийн Чинтулга түрүүлж, аймгийн арслан Мөнхцэнгэлийн Амарсанаа (Тосонцэнгэл) үзүүрлэв. М.Чинтулга нь аймгийн харцага цолыг 2013 онд хүртсэнээсээ хойш дөрвөн удаа батлаад байсан юм. Шөвгийн дөрөвт Цагаанчулуутын аймгийн начин Э.Доржсүрэн, Баянтэсийн аймгийн начин Х.Болдбаатар нар шалгарч чимгээ нэмэв.

Налайх дүүрэг Аймгийн заан Пэрэнлэйн Эрдэнэбаяр (Говь-Алтай, Дэлгэр) түрүүлж, сумын заан Даваанямын Бямбадорж (Говь-Алтай, Баян-Уул) үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Говь-Алтай аймгийн начин М.Балжинням, Налайхын сумын заан М.Кажымухан нар үлдлээ.

Орхон аймаг Улсын харцага Н.Саранцогт тэргүүтэй 128 бөхөөс чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн харцага Өлзийсайханы Батзул (Орхон, Баян-Өндөр) түрүүлж, аймгийн арслан Батсүхийн Гантөмөр (Булган, Сэлэнгэ) үзүүрлэжээ. Аймгийн заан О.Мөнх-Ирээдүй (Булган, Тэшиг), аймгийн начин Б.Мөнхбат (Булган, Сэлэнгэ) нар шөвгөрсөн байна.

Өвөрхангай аймаг Улсын начин М.Жамьянпүрэв, Н.Түмэннаст, И.Ганбаатар, У.Сүхбаатар, Д.Пүрэвсүрэн, Л.Наранбаатар, П.Ганхүү, Б.Сугаржаргал нарын 128 бөх барилдахад Нарийнтээл сумын уугуул, аймгийн залуу арслан Батжаргалын Лхагвадорж түрүүлж, аймгийн хурц арслан болов. Б.Лхагвадорж арслан 2015 онд Өвөрхангай аймгийн наадамд анх түрүүлэхдээ дөнгөж 17 настай байсан билээ. Үзүүрлэсэн аймгийн харцага Цэдэнсодномын Бямба-Отгон (Төгрөг) аймгийн заан цол, шөвгөрсөн Төгрөг сумын заан О.Мягмардорж, Баянгол сумын залуу бөх Б.Сүхбаатар нар аймгийн начин цолд хүрэв.

Өмнөговь аймаг Улсын начин Т.Энхтуяа, Б.Сумьяа тэргүүтэй 128 бөх барилдахад сумын заан цолтой хоёр залуу хүчтэн үзүүр түрүүнд үлдэв. Ингээд Сэврэй сумын заан Цэндээгийн Лувсан-Адъяа түрүүлж аймгийн арслан, Булган сумын заан Цэнд-Аюушийн Ёндонбаатар үзүүрлэж аймгийн заан цолд хүрлээ. Шөвгийн дөрөвт аймгийн харцага Т.Төгсдөлгөөн (Баяндалай), аймгийн начин Б.Мөнхтүшиг (Баян-Овоо) нар шалгарав.

Сүхбаатар аймаг Улсын начин Ц.Анхбаяр, Б.Батжаргал тэргүүтэй 128 бөхөөс Түмэнцогт сумын заан Эрдэнээгийн Буянтогтох өвдөг шороодолгүй түрүүлж, тус сумаас хамгийн өндөр цолд хүрсэн бөх боллоо. Аймгийн заан Амгаланбаатарын Батсуурь (Эрдэнэцагаан) үзүүрлэж, аймгийн начин С.Буянсүрэн (Эрдэнэцагаан), Асгат сумын заан А.Сүх-Очир нар шөвгөрчээ.

Сэлэнгэ аймаг Улсын начин Н.Бүрэнбаатар, Ч.Мөнхтогтох, Ш.Зоригт, Б.Дэлгэрсайхан тэргүүтэй 128 бөх барилдаж, Хүдэр сумын харьяат, аймгийн заан Даваадоржийн Төрболд түрүүлж, Мандал сумын уугуул, аймгийн начин Эльбрусийн Бат-Эрдэнэ үзүүрлэв. Арслан цолны төлөө тэд хүч шавхан барилдаж, 3 цаг 25 минутын эцэст Д.Төрболд учраагаа орхижээ. Шөвгийн дөрөвт аймгийн ахмад арслан Э.Саранбаатар, аймгийн харцага Х.Наранбаяр нар шалгаран үлдэв.

Төв аймаг Улсын заан Ц.Баярсайхан, Д.Амгаланбаатар, улсын начин А.Амараа, Ж.Отгонбаяр, Х.Түвшинсанаа, Б.Бадам-Очир тэргүүтэй 128 бөх барилдаж, аймгийн харцага Идэрийн Мандах (Төв, Эрдэнэсант) түрүүлж аймгийн арслан цолд хүрсэн бол аймгийн арслан Пүрэвдоржийн Эрхэмжаргал (Төв, Алтанбулаг) үзүүрлэв. Шөвгийн дөрөвт үлдсэн Өндөрширээт сумын заан Х.Цолмон, Баянцагаан сумын заан Х.Баасанцэнд нар аймгийн начин цол хүртлээ.

Увс аймаг Улсын харцага Э.Батбаатар, Ч.Чулуунбаатар, улсын начин Д.Төрмөнх, Ө.Сумьяа, Б.Эрдэнэбилэг, Ц.Баянмөнх, Л.Өлзийбаяр, Ю.Батаа, Ж.Алтансүх нарын 128 бөх барилдахад Давст сумын заан Баасанжавын Сэр-Од түрүүлж шууд аймгийн арслан боллоо. Аймгийн заан Хүлтээгийн Мөнхжаргал (Тэс) үзүүрлэж, аймгийн заан Т.Аззаяа (Малчин), Тэс сумын заан Д.Цэнд-Аюуш нар шөвгөрөв.

Ховд аймаг Улсын начин И.Мөнхбаатар, Ч.Цогбаяр тэргүүтэй 128 бөх барилдсанаас 2019 оны наадамд үзүүрлэсэн аймгийн заан Цэвээнпүрэвийн Төмөрцоож (Мөст) түрүүлэн аймгийн арслан болж, Дөргөн сумын заан, 20 настай Галбадрахын Дармаажанцан үзүүрлэж аймгийн заан цолд хүрлээ. Шөвгийн дөрөвт аймгийн арслан Д.Бадамгарав, аймгийн харцага Б.Анхжаргал (хоёулаа Булган сум) нар шалгарчээ.

Хөвсгөл аймаг Улсын начин Б.Бадрал, Н.Баттулга, М.Эрдэнэбат тэргүүтэй 128 бөх барилдахад аймгийн заан Гончигбатын Бат-Орших (Цэцэрлэг) түрүүлж, аймгийн арслан Бат-Эрдэнийн Хаш-Эрдэнэ (Бүрэнтогтох) үзүүрлэв. Шөвгийн дөрөвт улсын начин М.Эрдэнэбат, аймгийн заан Л.Энхбат нар үлдсэн байна.

Хэнтий аймаг 128 бөх барилдсанаас Өмнөдэлгэр сумын уугуул, аймгийн харцага Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлж, Дархан сумын уугуул, аймгийн арслан Загдсүрэнгийн Наранбаатар үзүүрлэжээ.

Ц.Ганбат


URL: