Я.Содбаатар сайд аа, ядарсан иргэдээр чинь бизнес хийж байх вий, шалгаарай

15948255775f0f1b695733b

Шинэ Засгийн газрын сайдууд наадмын өмнө ажлаа авсан. Иргэд, тэр дундаа гадаадад гацсан хүмүүс шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газрын Шадар сайд Я.Содбаатарыг дорвитойхон шийдвэр гаргаж, олигтойхон зохицуулалт хийх байх гэж найдаж, хүлээж, нүдээ ширгэтэл харж байна.  Монгол Улс чадлынхаа хэрээр иргэдээ татаж авч байгаа гэдэгт итгэж байна. Арай ч хилээ хаачихаад, харийн нутагт хатаж үхэх шахаж байгаа иргэдээ авахгүй гүрийж байгаа гэдэгт итгэхгүй нь. Тэдний хэлээд байгаа чадлынх нь хэр энэ гэдэгт итгэхийг хүсэж байна. Гэхдээ л шинэ Шадар сайд зохицуулалтыг илүү их хийгээд, Монголын чадлыг жижигхэн ч болов нэмэгдүүлээсэй.

Я.Содбаатар сайд ажлаа авсныхаа дараа буюу энэ сарын 9-ний өдөр УОК-ыг хуралдуулж, гадаадад гацсан иргэдээ татаж авах ажлыг эрчимжүүлэхийг судлах талаар ам ангайсан нь бага ч болов найдлага төрүүлж байгаа юм. Гол нь зүгээр л ам ангайсан биш ажил хэрэг болгоосой л гэж залбиръя. Монгол Улс сард дунджаар 2400 гаруй хүнийг тусгаарлах байранд байршуулж байгаа. Долдугаар сард манай улс  11 удаагийн захиалгат нислэгэээр 3000 гаруй иргэнээ татан авахаар ажиллаж байгаа гэдгийг албаны хүмүүс хэлсэн.

Мөн л албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр  2020 оны нэгдүгээр сарын 28-аас хойш дэлхийн 44 улсаас 12853  иргэнийг татан авсан байна.  Одоо дэлхийн 55 улсад байгаа 9854 иргэн тухайн улс дахь төлөөлөгчийн газруудаараа дамжуулан эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Тэр дунд нэн яаралтай ирэх хүсэлтэй олон иргэн бий. Эхнээсээ өлсөж үхэх дээрээ тулсан оюутнууд ч байна гэсэн мэдээлэл гарсан. Албан бус мэдээллээр хэд хэдэн хүн ч харь газар амь насаа алдсан. Нөхцөл байдал хүнд байгаа.

Өнөөдрийг хүртэл гадаадад гацсан монголчууд маш олон төрлийн гомдол гаргаж байна. Хэн хүнгүй, дарга, сайдгүй л харсан, уншсан байлгүй.   Хамгийн гол нь гадаадад гацсан иргэдийг авчрах зардал мөнгө тэнгэрт тулсан. Энд авчраад өгч байгаа хоол унд нь хэцүүхэн. Тусгай үүргийн нислэгт багтахын тулд хахууль өгч байж эх орондоо ирсэн гэх гомлдол маш их гарсан. Одоо ч гарсаар л байгаа.  Олон дунд олиггүй хүмүүс олон л байгаа байх. Олиггүй хүмүүс олигтой юм ярьдаггүй нь ч үнэн. Гэхдээ л олны үг ортой гэдгийг мартаж болохгүй.

Засгийн газрын хэмжээнд, УИХ-аараа шийдвэр гаргаад, ажилладаг. Дунд шат руугаа ирэхээр ажил хийдэг хүнгүй болоод, авлига авагчдынх нь тоо нэмэгддэг гэх яриа бий. Оргүй үг ч биш байх шүү. Дунд шатны “хурган дарга” нар хэрээс хэтэрсэн. Тиймээс Шадар сайд аа, гадаадад гацаад, мөнгө төгрөггүй болоод, эх орондоо ирэх гэж үйлээ үзэж буй ядарсан хэдэн иргэдийг чинь шулж, идэхийн хүслээ дийлэхгүй дарга нар чинь бизнес хийж байх вий дээ.  УОК-ын болоод эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдалд шалгалт хийсэн байсан.  Тэдний ажлыг шалгаад яах вэ дээ, хийх ёстой ажлаа хийж л байгаа нь ойлгомжтой. Харин гадаадад гацсан иргэдээ авчрах ажлыг үнэхээр хийж чадаж байна уу. Монгол Улс бүх чадлаа шавхсан уу. Иргэдийг авчирч байгаа зардал мөнгө бодит уу. Хээл хахууль автсан уу гэдгийг шалгасан уу. Гол ажил чинь тэр юм биш үү.

Яагаад МИАТ-аас гадна, бусад агаарын тээврийн компаниа дайчилж болохгүй гэж. Тусгаарлах байрын хүрэлцээ нь дутмаг байгаа юм уу, тэдэнд үйлчлэх эмч, сувилагчид нь хүрэлцэхгүй байна уу гэдгийг шалгасан уу. Улаанбаатар хотод 640 гаруй зочид буудал байгаа учраас тусгаарлах байр хүрэлцэхгүйн зовлон байхгүй гэдэг мэдээлэл ч гарч л байсан. Бас л бодолцох л асуудал. Бид энд коронавирус гарсан гэдгийг таг мартан наадамлаж, найрлаж байна. Хөдөө орон нутагт амны хаалт зүүж байгаа ширхэг ч хүн алга. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилсээр.  Ийм байхад тусгаарлах байрныхаа асуудлыг шийдээд, гадаадад гацсан иргэдээ татах ажлаа жаахан эрчимжүүлэх цаг болсон юм биш үү. Мэдээж халдвар, хамгааллын дэглэмээ бид сулруулж болохгүй байх. Гэхдээ л Шадар сайдын шийдэл хэрэгтэй л байна, энэ бүхнийг эвтэйхэн зохицуулахад.


URL: