Э.Бүжидмаа:Үндэсний хувцас нэг өдрийн биш, насан туршийн хэрэглээ байх ёстой

“Дээлээр гоёсон долдугаар сар” аянд нэгдэцгээе-

Эрдэнэт үйлдвэрийн ТӨГҮ-ын Соёл урлагийн цогцолбор, “Denimon” ХХК-ийн “Urban” брэнд, Монголын гэрэл зурагчдын холбоо хамтран “Дээлээр гоёсон долдугаар сар” аяныг эхлүүлжээ. Энэхүү аян  Монгол дээл хувцсыг өдөр тутмын ахуй амьдрал болон тэмдэглэлт өдрүүдээр өмсөж хэвших,  үндэсний хувцсыг танин мэдүүлэх,  түгээн дэлгэрүүлэх зорилготой. Энэхүү аян долдугаар сарын 30-ыг хүртэл үргэлжлэнэ. Үндэсний уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлэх аянд Монгол улсын 21 аймаг болон гадаадад суугаа Монголчууд, Монгол улсад суугаа гадаад улсын иргэд гэр бүл, ажлын хамт олон  найз нөхөдтэйгөө хамтран оролцох  боломжтой.

Та бүхэн энэхүү аянд нэгдэхийг хүсвэл өгүүлэмж бүхий гэрэл зургийн давлагааг фэйсбүүк хуудсандаа  Үндэсний хувцсаараа бахархах, заавал өмсөх ёстой шалтгааныг дурдсан ишлэл, уриа үг, тайлбарыни хамт нийтэлсэн байх хэрэгтэй.  Та үндэсний хувцасны хэрэглээг түгээн дэлгэрүүлэх  аянд нэгдэхээс гадна олон оролцогчдын дундаас ялагч болох боломжтой. Оролцогчдын дундаас онцлох гэр бүл, онцгой дүр төрх, онцлох гэрэл зурагчинг шалгаруулж, оролцогчдыг “Urban” брэндийн Үндэсний хувцасны цуглуулгаас хүссэн загвараа сонгон авах эрхийн бичгээр шагнах юм байна. Та бүхэн энэхүү аянд нэгдэн Үндэсний дээл, хувцсыг өдөр тутамдаа өмсөж, уламжлалт соёлын өвийг орчин үеийн өнгө, загварын шийдэлтэй хослуулсан гайхалтай шинэ өнгө төрхийг бүтээгээрэй.

Аяны тухай дэлгэрэнгүй мэдээллийг  “Дээлээр гоёсон долдугаар сар” аяныг  санаачлан зохион байгуулагч, Соёл урлагийн цогцолборын соёлын ажлын арга зүйч Э.Бүжидмаагийн ярилцлагаас сонирхон, уншина уу.

-“Дээлээр гоёсон долдугаар сар” аян эхлээд удаагүй ч оролцогчид идэвхитэй байгааг цахим хуудсаар бид өдөр бүр харж байна. Өнөөдрийн байдлаар хичнээн оролцогчоос бүтээл ирээд байна вэ. Наадмын өдрүүд дууслаа ч оролцогчдын идэвх хэр байна вэ?

-Бид Үндэсний их баяр наадамд зориулж “Дээлтэй Монгол” өдөрлөгийг өмнөх жилүүдэд зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд цаг үеийн онцгой нөхцөл байдлаас хамаарч үндэсний хэмжээний цахим аян зохион байгуулж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байгаа энэхүү аян нь орон нутгаас санаачлан хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой. Гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчуудын төлөөлөл аянд нэгдэж байгаад баяртай байна. Тэр дундаа ӨМӨЗО-ноос уламжлалт гоёл чимэглэл урлаач, Турк улсаас Монгол дээл оёдог уран гартай бүсгүй гэрэл зургаа ирүүлсэн. Аянд оролцогчдын дийлэнх хувийг залуучууд эзэлж байгаа ч бидний сэтгэлд дээлтэйгээ мөнхөрсөн ахмад үеийнхнээ урилгаар оролцуулахыг хичээж байна. Өнөөдрийн байдлаар 10 аймаг, хилийн чанад дахь 5 улсаас 100 гаруй бүтээл ирж, шаардлагад нийцсэн 80 орчим бүтээлийг сошиал хуудсаар нийтлээд байна. “Дээлээр гоёсон долдугаар сар” үндэсний аян маань энэ сарын турш үргэлжилнэ.

-Үндэсний дээлийг  сурталчилсан энэхүү аянаар дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьсон санаа, сэдэл юу  вэ?

-Аяны хүрээнд нөлөөллийн давлагаа үүсгэх, танин мэдэхүйн чиглэлээр мэдээлэл түгээх ажлууд өрнөнө. Дээлийг Үндэсний их баяр наадам, цагаан сар эсвэл шагналын тайзнаа өмсөх гоёл гэж ойлгох нь өрөөсгөл юм. Бидний амьдарч байгаа нийгэм ч уламжлалт ахуй соёлоо дээдлэн, өвлөн уламжлагч болсон өнөө үеийн залуучуудыг үндэсний хувцсаа өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэхийг шаардаж байна. Тиймээс ч залуу хойч үеэ эерэг хандлагад уриалах нь бидний гол зорилго юм. Өчигдөргүй өнөөдөр гэж байдаггүй учраас эртнээс нааш уламжилж ирсэн, энгийн хэрэглээнд хамгийн тохиромжтой, цаг уурын аль ч нөхцөлд өмсөж болох өвөрмөц хийц бүхий дээлээр хүн бүр гоёосой гэж хүсдэг. Манай аяны талаар мэдээлэл авсан хүмүүс эхнээсээ дээлээ өмсөөд аялалд гарцгааж байгаа нь аяны маань нэг зорилго биеллээ оллоо гэж харж байна.

-Эерэг хандлагад нэгдсэн хамтран зохион байгуулагчдын талаар сонирхуулбал?

-Аяныг зарласнаас хойш соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, түгээн дэлгэрүүлэгч, бүтээлч, урлаач залуучууд маань нэгдэж эхэлсэн. Хамтран зохион байгуулагчаар үндэсний үйлдвэрлэгч “Урбан” брэнд, “Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо”, дэмжигч байгууллагаар “Алтангадас” үндэсний ресторан, “Монгол хуур” төв, “Жонон хар” музей нэгдээд байна. “Монгол хуур” төвөөс мэргэжлийн урлаачдын бүтээл мастер хуурыг нэгэн сайхан гэр бүлд бэлэглэе гэсэн санаачилга гаргасан. Аяны хүрээнд ирсэн бүтээлүүдийг шалгаруулж, шилдэг гэр бүлийг урамшуулах болно. Мөн шилдэг дүр төрх, шилдэг гэрэл зурагчныг шалгаруулж зохион байгуулагч, хамтрагч байгуулагуудаас шагнаж урамшуулах юм.

-Нэг хүн нэг бүтээлээр оролцох уу, ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ?

-Тухайн зураг нь ямар нэг өгүүлэмжтэй байх хэрэгтэй. Мөн дээлээр дамжуулан соёлын бусад өвтэй холбогдсон байж болно. Нэг хүнээс ирүүлэх бүтээлийн тоонд хязгаар заагаагүй тул хэдэн ч бүтээлээр оролцох боломжтой. Оролцохыг хүссэн хүмүүс Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолборын фэйсбүүк хуудас руу мэссэж илгээхэд л хангалттай. Бид санаачлан зохион байгуулагч гэдэг утгаараа бүтээлийг эхний шатанд шалгаруулна. Ингэхдээ үзэгчдийн дэмжлэг, цахим хандалтыг харгалзан үзэх болно. Харин шалгарсан бүтээлүүдээ мэргэжлийн болон хамтран ажиллаж буй байгууллагуудын төлөөлөл бүхий шүүгчид рүү илгээн санал авах зарчмаар явуулна. Аянд оролцох бүтээлийг энэ сарын 30-ныг дуустал хүлээн авч, 31-ний өдөр шалгарсан бүтээлийг олон нийтэд танилцуулахаар төлөвлөөд байна.

-Та “ Дээлээр гоёсон долдугаар сар” аянд нэгдэхийг хүсэж буй хүмүүст хандан уриалгын үг хэлэхгүй юу?

-Судалгаагаар аливаа зүйлийг дадал зуршил болгох дундаж хугацаа 30 хоног байдаг. Энэ ч утгаараа аян үргэлжлэх хугацааг товлосон юм. Иймд эрхэм та үндэсний хувцсаа нэг сарын турш өмсөж, хэвшил болгоорой гэж уриалъя. “Дээлээр гоёсон долдугаар сар” маань дээлээр гоёсон амьдрал болох болтугай. Эрхэм уншигч та Соёл урлагийн цогцолборын албан ёсны фэйсбүүк хуудсанд нэгдэж, манай аянд нэгдэхийг хүсвэл доорх холбоосоор хандаарай.

https://www.facebook.com/323098311173354/posts/1601980326618473/

“Дээлээр гоёсон долдугаар сар” аянд нэгдсэн оролцогчдын ирүүлсэн зургийг сонирхоно уу.

 15947482095f0ded3108a0a


URL: