Парисын дарь эхийн сүмийн оройг хуучин маягаар нь сэргээн завсарлахаар болжээ
Парисын дарь эхийн сүм /Нотр Дам/-д орон нутгийн цагаар 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цагийн орчимд гал гарч, тус сүмийн орой болон дээврийн хэсэг бүрэн сүйдсэн. Энэ харамсалтай явдлын дараа тус сүмийн оройг орчин үеийн загвартайгаар барьж магадгүй гэх таамаглал байсан юм. Тэгвэл Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон улсынхаа нийслэлд орших тус сүмийн оройг Готик хэв маягаар сэргээн засварлана хэмээн мэдэгдсэн гэдгийг BBC мэдээллээ. Түүнчлэн Макрон Парисын дарь эхийн сүмийг сэргээн засварлах ажлыг 2024 онд Парист товлосон Олимпын наадмын өмнө дуусгахаар төлөвлөсөн гэв.
Парисын Дарь эхийн сүмийн тухай танилцуулахад, 1163 онд Ромын хамба III Александр Эх дагинад зориулсан сүм барих гэсэн Парисын хамба Морис де Сюллийн санааг дэмжжээ. Ийнхүү Ромчуудын эзэгнэлийн үед байгуулсан Бархасбадь сүмийн буурин дээр энэхүү сүмийг босгожээ. Энэ газрыг эртнээс ариун гэж шүтэж хожим нь Христос бурхны сүм барьж эхэлжээ. XII зууны үед уран барилгачин Морис де Сюлли Дарь эхийн сүрлэг сүм байгуулахаар сэдэж гуравдугаар Александр хамба ламын урилгаар Парис хотод ирсэн VII Людвиг хаан 1163 онд хотын дорнод хэсэгт сүмийн шавыг тавьжээ. Сүмийг барих ажил хотын дорнод хэсгээс баруун тийш бараг нэг зуун жил үргэлжилжээ. Сүмийг хотын 100 мянган сүсэгтэн багтахаар анх төлөвлөсөн ч барих хугацаанд нь хотын хүн ам хэд дахин өссөн байлаа. Дундад зууны үед тус сүм хотын нийгмийн амьдралын төв байсан ба түүний эргэн тойронд лангуу мухлаг пиг дүүрсэн байв.
Сүм дотор нийтийн бүжиг наадам цэнгэл байнга зохионо, аюул тулгарсан үед ойролцоох тосгодын тариачид эд хогшил, малтайгаа ирж нуугдана, эрдэмтэн багш нар оюутнуудад лекц уншдаг байв. Сүмийн баруун талд байгаа 11 гишгүүр бүхий өргөн шатаар өгсөж цаашлах тусмаа улам нарийсах гол ёслолын хаалганд хүрнэ. Тус бүр нь шовх хэлбэртэй ёслолын хаалга нийтдээ гурав байв. Хаалганы хоёр талд саарал чулуугаар сийлсэн, гүн бодолд дарагдсан сахиусан тэнгэрийн дөрвөн баримлыг тавцан дээр байрлуулсан байна. Гурван гол ёслолын хаалга нь цул баганууд дээр суурилуулсан чулуун шүхрээр хоорондоо холбогдсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Чулуун шүхэр дор Христос бурхны амьдралын түүхийг зохиогч, халхгар хувцас өмссөн дөрвөн найдангийн баримал байдаг.
Гол хаалганы дээр сүмийн байшингийн нүүрэн тал дагуу тус бүрийнх нь дотор эрэгтэй хүний баримал байрлуулсан 28 нүх бүхий шүдтэй хөвөө байна. Есүс Христосын өвөг дээдэс болох Библийн судрын энэхүү 28 алдарт хаадын баримал тус бүр нь Францын хаадын бодит дүр ажээ. Хаадын баримлуудын дээр өндөр нарийхан цонхнууд байх хийгээд тэдгээрийн төвд бараг 13 метр голчтой гол том цонх бий. өнгөт чамин жижиг цонхнуудаас бүрдэх энэхүү гол цонх нь “Сарнай” нэртэй ба түүний яг голд нь Дарь эхийн дүрс түүний эргэн тойронд дугуй медалиуд дотор ариун онгон шүтээнүүдийн дүрс бий. Цонхнуудын дээд талд нарийхан баганууд дээр сиймхий хана бүхий давхар байх ба доороос нь харахад чулуун чамин сүлжээсэн хөвөөн дээр сийлсэн нисдэг хулганын далавчтай, могой толгойтой, хун шувуун хүзүүтэй хачин жигтэй амьтдын дүрсүүд шиг үзэгдэнэ. Эдгээр дүрсүүд нь хүний бүх нүглийн илэрхийлэл ажээ.
Энэхүү давхар нь нүсэр ба агаарт хий дүүжлэгдсэн мэт харагдах хавтгай дээврийг тулсан хоёр баганыг холбосон байна. Сүмийн хонх нь харуулын цамхгийн үүргийг гүйцэтгэж байжээ. Хотруу дайсан ойртохыг харангуут хонхыг цохиж Парисчуудад аюул нүүрлэснийг мэдэгддэг байжээ. Сүмийн нүүрэн тал нь ёслолын хаалга, цонх, давхар, баганууд гэсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. Сүмийн доторх чимэглэл нь өндөр чамин чулуун багана, шовх гулдан хаалганууд бөгөөд бүх зүйл тэнгэр өөд тэмүүлсэн босоо чиглэлтэй. Тугалган хавтас бүхий хоргонуудын хүрээ дотор өнгөт шил суулгажээ. өнгөт шилийг нэвтлэн тусах нарны гэрэлд гантиг, мөнгө, тосоор урласан зогсоо, өвдөглөн суусан, морь унасан эрэгтэй эмэгтэй хүмүүс, хүүхдүүд, хаад, лам нар, дайчдын баримлууд өнгө солонгорон хараа булаана. Сүмийн доторх хана нь гулдан хаалгануудыг холбосон баганууд хийгээд шовх хэлбэртэй цонхнууд нь олон арван хүний дүрс бүхий өнгө солонгорсон зургууд юм.
Дарь эхийн сүм нь хэмжээ нь өөр өөр ч өндөр нь адилхан 35 метр таван танхимаас бүрдэнэ. Энэ нь 12 давхар байшинтай адилхан өндөр гэсэн үг. Гол танхим дотор мөн адил өндөртэй өөр нэг танхим байх ба хөндлөн өөр хоёр танхим залгаж нийтдээ Есүс Христосын цовдлуулсан хэрээсийг санагдуулна. Энэхүү аварга том сүмийг барихад асар их хөрөнгө, ажиллах хүч шаардагдсан нь мэдээж. Парисчууд хөрөнгө мөнгө аажим цуглуулж удаан барьсан юм. XIX зууны дунд үед гэхэд тус сүмийн пүр төрх XIII зууны үеийнхээс нэлээд өөрчлөгдсөн. 1841 онд Засгийн газраас Дарь эхийн сүмийг аврах тусгай тогтоол гаргасны ачаар нэрт уран барилгачин Э.Э.Виолле-ле-Дюкийн удирдлага дор сэргээн засварлах ажил 1845 онд эхэлжээ. Сүмийн баруун, өмнөд, хойд нүүрэн талуудын шилэн хоргонууд мөн нүүрэн талын баримлууд л өнөө хүртэл анхны байдлаараа хадгалагдан ирсэн юм. Сүмийг байгуулснаас хойших 850 гаруй жилийн хугацаанд уг сүмийн интерьер дизайныг хэд хэдэн удаа шинэчилж байв.
Сүмд 8000 цорготой, 111 регистртэй дэлхийн хамгийн том орган хөгжим байдгаас гадна Христийн өргөст титэм хадгалагдаж байдаг аж. Уг сүмийг жил бүр 14 сая хүн очиж үздэг байсан гэсэн тоо баримт бий.
Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ
URL: