Тарчиг амьдрал /Өгүүллэг/
Намайг 6-р ангид ордог жил манай ангид Рашаантын 18-д амьдардаг нэг хүү шилжин ирлээ. Тэрээр хувцас хунар тааруу ч сурлага сайтай. Бас хөөрхөн ааштай байсан хэдий ч яагаад ч юм түүнтэй бидний хэн ч дотно найзалдаггүй байж билээ. Хүүхдүүд гутал хувцсаа сольж, гангалж үс зүсээ засуулж, ганган чамин цүнх барьж байхад тэр миний санахын 10-р ангиа төгстөл олигтой цүнх, ганц гайгүй хавтас ч бариагүй.
Зүс царай бие хаа, сурлага сайтай байсан ч амьдрал тааруу тэрээр бусдын нүдэнд тордоггүй байсан гэвэл үнэнд ойр байх. Хэдийгээр хувцас хунар муухан ч ямартай ч хиргүй л явна. Түүнийг Батболд гэдэг.
Харин манай ангийн хамгийн хөөрхөн, хамгийн чинээлэг айлын охиныг Уянга гэнэ. Түүнд дурлаагүй хөвгүүн манай ангид байтугай манай төгсөлтөд байгаагүй.
Аравт ордог жил Уянгаа гадаадад байдаг ах нь явуулсан гээд цав цагаан гоё пальто, час улаан ганган цүнх бариад, ээж нар хүртэл л ховор өмсдөг байсан оймсон түрийтэй лакан хар гутал хөлдөө жийсэн нь охидын байтугай хөвгүүдийн харцыг улам булаана.
Уянга бол сурлагаар гавихгүй ч хүн бүхний хараанд хамгийн түрүүнд тусна. Түүний өмссөн зүүснийг, хөөрхнийг ярихгүй, харахгүй өнгөрөх хүн нэгээхэн ч байхгүй. Уянгын аав бол нэгэн яамны дэд сайд. Харин ээж нь гадаад явдлын яаманд хэлтсийн дарга. Аав ээж хоёр нь дандаа шахуу ажлаар гадагшаа явна. Уянгын барьж байгаа үзэг бал дэвтэр, харандаа баллуур хүртэл биднээс тэс өөр. Тэр ч байтугай биеийн тамирын хувцсаа хийдэг уут нь хүртэл чамин дэгжин.
Харин өнөө муу ноорхой Батболд маань өндөр чийрэг өсгөлгүүн том биетэй сайхан залуу болж байсан ч өнөө л хувцас хунар тааруу учир хэний ч нүдэнд тэгтлээ тусдаггүй хэвээрээ л байлаа.
Улсын шалгалт өгөхийн өмнө сургуулиар нэг хачин яриа тарсан нь
-Өнөө муу ноорхой Батболд чинь ичихгүй Уянгаад шүү дээ дурлалын захиа өгч гэнээ. Тэгсэн Уянгаа нөгөө ангийн хүүхдүүдийн нүдэн дээр
-Нөхөөстэй өмдөө сольж чаддаг болчихоод охин эргүүл. Саваагүй нохой саранд хуцна гэж үг мэдэх үү гээд захиаг нь ураад ширэв татсан гэнээ гээд л бөөн инээдэм болцгоож, амнаас ам дамжин цуурч өгцгөөв.
Түүнээс хойш бид бүгд л урьдынхаас улам илүүтэй Батболдыг басамжлан хялайж харцгаадаг болсон юм.
Батболд угийн айхтар дуу шуутай хүүхэд байгаагүй л дээ. Гэвч тэр улам л дуугүй байгаа байхгүй нь мэдэгдэхгүй байсан хэдий ч сурлага нь улам дээшилж элсэлтийн шалгалтаар сургуульдаа дээрээсээ гуравт жагсах нь тэр. Батболд Москвад Авто инженерийн ангид орох хуваарь авахад сургуулийн гадаа ээж аав нь бололтой бас л хүү шигээ хувцас хунар тааруухан ч нүдэнд дулаахан, зүс сайхан хүмүүс хүүгээ догдлон хүлээж хүүгээрээ бахархан нулимс дуслуулж байсныг би харин анзаарсан юм.
Би бол жирийн нэгэн нягтлангийн гэр бүлд өссөн хоёр ах, хоёр эгчтэй, хоёр идэхгүй, хоосон хонохгүй, бас царай зүсээр тэгтэл гавихгүй ч бас муухайд орохгүй тийм л жирийн нэг охин байсан юм. Харин азаар сурлага муугүй байсны ачаар би их сургуулийн хуулийн ангид орлоо.
Хамгийн хөөрхөн, ганган охин Уянгаа аавынхаа арын хаалгаар Чех улсад сурах хуваарь авсансан.
Арван жилийн сургуулиа төгсөж ажил амьдралд гарснаас хойш ангийнхнаас сураг ажиг тасарсан байлаа. Нэг өдөр үйлчлүүлэгчийнхээ хэрэгт хамаарах материал шалгах гэж Замын цагдаагийн газар очлоо. Хэрэг байдлаа жижүүрт дуулгатал даргатай уулзаж зөвшөөрөл ав 301 тоот өрөө гэв. Хаалгыг аажуухан тогшвол дотроос нь,
-За гэх баргил сайхан хоолой сонсогдоход хаалганы бариулаас татан орвол бурхан минь, Батболд сууж байх нь тэр.
Харин тэр намайг огт танихгүй байгаа бололтой. Өнөө муу ядуу тарчиг хувцас хунар муутай гэж ангийнханд чичлэгдэж явсан хүүгээс юу ч үлдсэнгүй. Нүд гялбам ганган, тэвхийсэн биетэй өндөр цэвэрхэн үнэхээр сайхан залуу болжээ. Түүнээс тийм гэж хэлэхийн аргагүй сайхан үнэртэй ус ханхалж байгаа нь өрөөгөөр нэг сэнгэнэн хамрыг минь гижигдэнэ.
-Чи намайг танихгүй байна уу, чи бид хоёр нэг ангид сурч байсан даа, би чиний хажуугийн ширээнд Уянгаатай хамт суудаг байсан ш дээ гэхэд тэрээр үл ялиг сандарч
-Аан… Уянгаатай юу, нээрээ тийм байна ш дээ, чи их өөр болжээ.
Уянгаа сайн уу, та нар уулздаг уу гээд л сүйд болох нь тэр.
Уянгаа гэж ярихдаа чих нь үл ялиг улайж, хоолой нь чичирч байлаа.
Тэр өдрөөс хойш бид хоёр утсаар ярьж, бүүр уулзаж болздог ч боллоо. Батболд надтай уулзах бүрдээ ядуу тарчиг хүүхэд насанд нь өөрийг нь үл тоож басамжилж байсан хүүхдүүдийн тухай нэгбүрчлэн ярихад надад үнэндээ хэлэх ч үг олддоггүйсэн. Хэдийгээр би түүнийг элдэвлэж, илтэд басамжилж яваагүй ч тэр ч би ч бие биетэйгээ харьцдаггүй л байсан юм.
Би хүртэл яагаад түүнтэй харьцдаггүй байсан юм бол гэж өөрөөсөө хожим өчнөөн асуусан ч хариулт олоогүй ээ.
-Гэхдээ чи одоо үнэхээр сайхан залуу болсон бас том дарга болсон шүү дээ, тиймээс март даа, чи минь. Амьдрал гэдэг өөрчлөгддөг юм байна. Дандаа ядуу тарчиг явдаггүй юм байна гэдгийг хүмүүс ойлгох өдөр ирнэ байхаа. Чи ч түүнийг харуулж чадаж байна шүү дээ. Тиймээс надад дандаа битгий ингэж яриач. Сонсоход их хэцүү байх юм, яагаад ч юм би чиний өмнө буруутай ч юм шиг байдаг гээд би санаа алдан алхаж одов.
Маргааш, нөгөөдөр, олон өдөр Батболд над уруу залгаж, мессэж бичсэн ч би утсыг нь аваагүй, хариу ч бичээгүй ээ. Хүүхэд насны шарх гэдэг дэндүү гүнзгий байдаг. Тэр шарх арилахад маш их хугацаа хэрэгтэй. Хэрэв би түүний дэргэд байх юм бол түүний шарх анихгүй улам л сэдрэнэ гэж эмээсэн тул би хэдийгээр Батболдод хайртай, бүүр түүнтэй улам дотносож амьдрахыг хүсдэг байсан ч түүний төлөө тэрнээс явсан юм.
Аанай л өнөө хэдэн үйлчлүүлэгчийнхээ хэргээр иргэний бүртгэл мэдээллийн газраар шогшиж байтал эрлийз хүүхэд хөтөлсөн ганган шар хүүхэн хажуугаар зөрөн өнгөрөхдөө хөл дээр минь төмөр өсгийтэй өндөр шаахайгаараа гишгэж орхив.
-Ёо, ёо гэж доош суухад
-Яанаа уучлаарай, та зүгээр үү, би санаандгүй, миний буруу гэх танил дуу….
Хүүе чи чинь арай Уянгаа биш биз дээ, би Туяа байна гэхэд
-Мөн ш дээ би Уянгаа мөн байна гэсээр бид хоёр тэврэлдэн уулзлаа.
Уянгын ээж аав хоёр нь ойрхон цуварч өөд болоод, гадаад хүний хүүхэд гаргасан ч гадаад эр түүнтэй суусангүй сургуулиа ч төгсөж чадалгүй хаячихсан гэнэ. Тэрээр ах дүү байхгүй, мэргэжил байхгүй цаашдаа яаж амьдарна даа ядарч явна муу найз нь гээд уйлав.
-Аав ээж хоёрыг өнгөрснөөс хойш ах дүүс минь ч нүүрээ буруулчихсан. Аав маань яамны дэд сайд байсан ш дээ чи мэдэх бил үү? Аавыг минь амьд байхад ах дүү, найз нөхөд хуурай нойтон ах эгчээс их юмгүй л байлаа даа. Намайг сургуулиа төгсөж чадалгүй, жирэмсэн болоод ирэхэд аав, ээж хоёр минь тэтгэвэртээ гарчихсан байсан. Охин нь сургуулиасаа хөөгдсөн, эцэггүй эрлийз хүүхэдтэй, тэтгэврийн хоёр хөгшин бид хэд хэнд ч хэрэггүй хог л болсон доо гээд уйлахад сормуусных нь будаг нүүрээр нь нэг халтартаж, бяцхан шар хүү нь булбарай гараараа ээжийнхээ нулимсыг арчмар болж,
-Ээжээ битгий уйл, за юу гэж хошуугаа цорвойлгон үнсэх нь өр зүрх өвтгөнө.
Хөөрхий дөө, саяхан л дандаа л баян, чадалтай, сэхүүн бардам явах ёстой юм шиг байсан хүн ийм болчих гэж…
Намайг өмгөөлөгч болсон гэдгийг дуулаад Уянгаа их л баярлах. Амьдрал гэдэг барьцгүй ажээ. Хэн ч зовж, жаргаж байр нь солигддог энгэрийн тэмдэг лугаа аж.
Уянга хүүгээ аваад Польш явах санаатай гэнэ. Хүүхэд насны минь ангийн минь хамгийн хөөрхөн охин байсан түүнээс үлдсэн юм байсангүй. Туранхай шар хүүхэн л болжээ. Харин тэрээр миний хөөрхөн сайхан, гоё болсныг гайхна.
-Чи манай ангид байсан Батболд гээд хүүг санаж байна уу
-Ямар, аан нөгөө ноорхой юу…
Тиймээ, тэр чинь одоо том дарга болчихсон, бас их сайхан залуу болсон. Чамд хайртай байсан шүү дээ гэхэд
-Тийм үү, одоо тэгвэл манийг тоохгүй байлгүй дээ гээд инээмсэглэхэд нүд нь уй гунигаар дүүрсэн харагдав. Энэ Батболдын утас, чи хүсвэл залгаарай гэж хэлэхдээ яагаад ч юм бэ харамсах ч шиг, зөв юм хийж байнаа чи гэж бодогдох ч шиг зүрх минь цохилно.
Нэг жилийн дараа би их дэлгүүрт явж байтал аав, ээж хүү гурвын бөөн баяр хөөртэй инээлдсэн царай нүдэнд тусахад өөрийн эрхгүй сониучирхан хартал Батболд, Уянга хоёр хөтлөлцчихсөн, эрлийз буржгар шар үстэй эгдүүтэй хөөрхөн хүү нь чин сэтгэлээсээ баярлаж буй бололтой хөхөрч баясаж “Аав аа…” гэж шулганаж, хоёр гараа өргөн Батболдод тэврүүлэх гээд зүтгэж байх нь тэр. Бас Уянга өмнөхөөсөө илт царай зүс сэргэсэн харагдана. Тэрний гэдэс ялимгүй бүдүүрч, бодвол жирэмсэн болсон бололтой. Би тэдний баяр хөөрийг эвдэхгүйн тулд багананы ардаас ажиглан хэсэг зогсов. Батболд минийх болж болох л байсан ч би харамссангүй ээ.
Уянгаа бол түүний анхны хайр байсан. Тиймээс ядуу тарчигаасаа болж анхны хайрдаа гологдож, амьтан хүнд элэг доог болж явсан тэр минь хувь тавилангаа өөрийн хүчээр өөрчилж чадсан болохоор хүслээ гүйцээг. Сайхан амьдраарай, Батболд минь. Уянгаа минь чи түүнд минь сайн эхнэр болоорой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна хэмээн зүрхэндээ шивнэн шатаар уруудан гүйж гадаа гартал нартай бороо зүсрэн орж, тэнгэрт солонго татсан харагдлаа.
Тиймээ би зөв юм хийсэн. Нулимс минь урсах ч зүрх минь зөв, зөв гэж цовхчин бөмбөрдөнө. Энэ сайхан нартай бороон дундуур алхаад надад зорин очих газар байсангүй ч би алхаад л алхаад л байв. Тэнгэрт гэрэлтэн харагдах тэр солонгын зүг би гараа алдлан яг л бяцхан охин шиг гүймээр л байлаа.
Хулганайн Тэргэл
URL: