Н.Мандах: Н.Номтойбаярын хэргээр улсын дээд шүүхэд давж заалдах болно
Н.Номтойбаярын өмгөөлөгч Мандах мэдээлэл хийлээ. Тэрбээр “Н.Номтойбаярт холбогдох хэргийг шүүх хэрхэн шалгасан, ямар хэрэгт буруутгасан талаар хэргийн үйл баримтыг хөндөхгүйгээр тодорхой мэдээллийг өгье.
Анх Н.Номтойбаярт холбогдох эрүүгийн хэргийг хууль хяналтын байгууллагын хамтарсан ажлын хэсэг 2019 оны 11 сараас шалгаж эхэлсэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байх явцад буюу ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээ олон нийтийн мэдээллээ цацсантай холбоотойгоор хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа гэнэт их хурдан шуурхай болж эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 219-ны өдөр хэргийг шалгаж байсан мөрдөн байцаах байгууллагынхан өмнө шалгаж байгаа асуудлаар Н.Номтойбаярт холбогдуулсан яллагдагчаар татах тогтоолдоо өөрчлөлт оруулж эхэлсэн. Энэ нь шүүхэд шилжүүлэх зорилготой байсан гэж харж байгаа. 2020 оны тавдугаар сарын 07-ны өдөр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эрүүгийн хэрэг шилжиж ирсэн.
Шүүх хэргийг хүлээн авч, 2020 оны 05 сарын 28-ны өдөр уг хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарласан. Хэлэлцүүлгээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдааныг товлосон. Мөн хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг гэмт буруугийн шүүх хуралдаанаар хамтад нь хэлэлцэхээр шүүх шийдвэр гаргасан. Шүүхээс дараагийн үндсэн хуралдааны товыг зургадугаар сарын 26-ны өдөр зарласан. Гэтэл хэргийн оролцогч нарт буюу өмгөөлөгч, шүүгдэгч нарт гэнэт 2020 оны зургадугаар сарын 09-ны өдөр тов зарлагдсан болохыг утсаар мэдээлсэн. Дараагийн шатны шүүх хуралдааныг 11-ны өдөр зарласан.
Шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг авсан учраас сонгуулийн сурталчилгаагаа биечлэн хийх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, хамааралтай хамааралгүй гэдгээ хуулиар тогтоосон хэргийн оролцогчийн эрхийг шүүх ямар байдлаар зөрчсөн болохыг харж болохоор байгаа юм. Шүүх шийдвэрийг амаар танилцуулсан гэхдээ шийдвэрийн агуулгыг танилцуулснаас үндэслэлээ тайлбарлаагүй. Хэргийн оролцогчийн хувьд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид улсын дээд шүүхэд давж заалдах болно.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг зүйлээр яллагдагчаар татсан. 2016 онд УИХ-ын гишүүн болж, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамын сайд болсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд өөрөө хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийг тэргүүлдэг. Гэтэл 2016 онд Засгийн Газар байгуулагдаад УИХ-аар ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулсан. Үүнтэй холбоотойгоор хуульд заасан үүргийнхээ дагуу 2016-2017 онуудад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд холбогдох журмыг баталсан. Уг журамд нь 2016-2019 онд өөрөөр хэлбэл тухайн үеийн Засгийн газрын нийгэм хамгааллын эрхлэх ажлын хүрээнд өөрчлөлт ороод явдаг. Гэтэл буруутгаж байгаа зүйл бол зөвхөн 2016 онд Засгийн Газраар орж батлуулсан үйл ажиллагааныхаа эсрэг ажилласан гэж хууль хяналтын байгууллага буруутгаж байгаа юм. Зорилтот бүлэгт олгодог төслийн зээлийг банкаар олгоогүй мөн хүү тооцоогүй гэсэн агуулгатай.
Тухайн зээлүүд нь зорилтот бүлгэдээ дэмжлэг хэлбэрээр, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй байсныг Н.Номтойбаяр сайд болсон үедээ журамд өөрчлөлт оруулж, эргэн төлөгддөг болгосон гэх агуулга явж байгаа. Гэвч хэрэг дээр хохирол төлбөргүй гэж гарсан. Энэ эрүүгийн хэргийн улмаас яллах дүгнэлтэд авагдсан байдлаар авч үзвэл хохирол төлбөр яригдаагүй. Энэ нь өөрөөр хэлбэл хохирогчгүй гэмт хэрэг болчихож байгаа юм” гэв.
URL: