Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч сувилал руу шилжиж ,тусгаарлалтад байсан жирэмсэн эмэгтэй амаржиж хүүтэй боллоо
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.
Тэрбээр“Долдугаар сарын 8-ны өдөр дөрвөн лабораторид нийт 701 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж танилцуулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 12, ажиглах байранд тусгаарлагдсан 548 хүний гурав дахь давтан шинжилгээ, мөн ажиглах байранд байгаа 80 хүний давтан шинжилгээ, ачаа тээврийн 33 жолооч, Сэлэнгэд тусгаарлагдсан дөрөв, Замын-Үүд боомтоор орж ирсэн иргэд болон Дорноговь аймгийн эмнэлэгт тусгаарлагдсан нэг иргэний шинжилгээ байгаа юм.
Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалт руу шилжиж байна.Өчигдөр ажиглах байранд байсан жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-д авчирч төрүүллээ. Хүүтэй болсон.
Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдоос сорьц цуглуулах ажил үргэлжилж байна. Орой Истанбулын онгоц бууна. Бид бэлтгэлээ ханган ажиллаж байгаа”гэж мэдэгдлээ.
URL: