АТГ хүний нэр төрд халдахаас хэтрэхгүй нь
“АТГ миний нэр хүндэд халдсан” гэсэн гомдол гарч байсан эсэхийг мэдэхгүй. Одоо болтол ийм гомдол гарч байгаагүйг бодохоор шалгагдаж байсан албан тушаалтнууд авлига авсан нь үнэн бололтой. Гэтэл АТГ-ынхан албан тушаалтнуудын нэрийг дурьдаж “Авлигачин байж мэднэ” гэж бусдьш чихэнд шивнэх төдийхөн. Учир нь АТГ-ынхан шалгаж байгаа хэргээ бүрэн нотолж чадахгүй байна шүү дээ. Энэ тухай тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, комиссар Д.Цоодолсэнгэ “УИХ-ын гишүүн Х.Наранхүүг Төрийн өмчит байгууллагыг удирдаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж олон тэрбум төгрөгийн хөрөнгийг хувьдаа завшсан гэж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан.
Энэ хэргийг Нийслэлийн прокурорын хяналтаас Өршөөлийн тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон. Харин УИХ-ын гишүүн Д.Дондогийг залилангийн хэрэгт холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр Улсын ерөнхий прокуророос УИХ-ын даргад албан бичиг явуулсан. Гэтэл эрхийг нь түдгэлзүүлээгүй. Ийм асуудлаас болж уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч хэрэг хаагдсан. Мөн УИХ-ын гишүүн Л.Гүндалайн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ер нь, хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал бидний мэдлээс давсан асуудал” гэж тайлбарласан. Тэгэхээр энэ газар хүний нэр төрд халдахаас хэтрэхгүй болчихоод байна. Тодруулж хэлбэл, авлигачин мөн үү, биш үү гэдгийг хэн ч баталж чадахгүй болчихсон гэсэн үг.
Одоо Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр, Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат нарыг албан тушаалын хэргээр шалгаж байна. Үүнийг харахаар, АТГ-ынхан ажил хийгээд байгаа ч юм шиг. Гэтэл дээрх дарга нарын хэргийг прокурорын шатнаас хэрэгсэхгүй болговол яах бол. Бодвол бас л нэг шалтаг хэлээд сууж байх биз. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Жорж Чалмерс нарын хэрэг дээр АТГ хэдэн жил “ухнатсан”. Гэтэл одоо О.Чулуунбат гишүүн “Энэ хэрэг одоо юу болоод байгааг би ёстой мэдэхгүй байна. Надад холбогдуулсан хэргийг бол хэрэгсэхгүй болгосон. Ж.Чалмерстай намайг хамсаатан гэсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдгийг би өөрөө хэлэхээр хүмүүс надад итгэхгүй байх шиг байна. Тийм болохоор би энэ хэрэгт холбогдолгүй болсон. Яагаад УИХ-ын гишүүний бүрэн эрхийг минь түдгэлзүүлэх шаардлагагүй болсныг хуулийнхнаас асуу” гэж хэлдэг. Харин АТГ-ынхан “Хэргийн материалтай танилцаж байхад Жорж Чалмерс манай улсаас гарчихсан байсан болохоор шийдвэрлэх боломжгүй гээд түдгэлзүүлсэн юм билээ” гэж хэллээ. Үүнийг юу гэж ойлгомоор ч юм бэ дээ.
АТГ-ын дарга асан Ч.Сангарагчаа “Бид шалгаж, ажил хэрэг болгосны дүнд хэргийг прокурор руу шилжүүлдэг. Гэтэл прокуророос хэрэгсэхгүй болгодог” гэж хэлж байсан санагдана. Харин одоо шийэ дарга нь ямар бодолтой явдаг юм бол. Мөрдөн шалгах хэлтсийн дарга, комиссарын хэргийг шалгах гэхээр УИХ гацаагаад, прокурорт хянагдахдаа өөрчлөгдөөд байгаа юм бол, энэ эрхээ АТГ өөрөө авах хэрэгтэй.
Тодруулбал, УИХ-ын гишүүдийн эрхийг нь түдгэлзүүлэхийн тулд заавал Улсын ерөнхий прокуророор дамжуулдаг эсвэл албан тушаалтны хэргийг шалгаж дуусаад,прокурор руу бариад явдаг байдлаа болих хэрэгтэй. Түүнээс “УИХ-ын гишүүнийг шалгаж байгаа” гэж олонд “зарлачихаад” дараа нь “Юу болсон бэ” гээд асуухаар “УИХ-аас бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй. Прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон” гээд хол хөндий юм яриад сууж байхаар АТГ байгаад ямар хэрэг байна. Ийм ажлыг УМБГ-ынхан бараг амжуулчих ажил. Тэгэхээр “Авлигатай тэмцэнэ” гэдэг шигээ ялгарах ёстой.
Өнөөдөр хэдийгээр АТГ-ыг бие даасан байгууллага гэж байгаа ч, авлигын хэргийн шийдвэрлэлт прокуророос их хамааралтай. Учир нь прокурор ямар ч хэргийг хэрэгсэхгүй болгох, мөрдөн байцаалтад буцаах зэрэг эрх бий. Тиймээс авлигын хэргийг цаашид яаж шийдвэрлэх нь АТГ-т биш прокурорын мэдэлд байдаг гэхэд ташаа ойлголт болохгүй л болов уу.
Д.Бат
URL: