Ц.Баттуяа: Нас барсан хүнээр санал өгүүлсэн Сонгуулийн хороо шүүх дээр бүдэрнэ
ШИНЭ намын дэд дарга Ц.Баттуяатай УИХ-ын сонгууль тойрсон асуудлаар ярилцлаа.
-Сонгууль будилаантсан талаар тууштай тэмцэж яваа хүмүүсийн нэг нь та. Их хурлын сонгуульд нэр дэвшсэн хүний хувьд сонгуулийн процесс, дүнг хэрхэн харж байна вэ?
-Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, хүний эрх, шударга ёсыг хангахын тулд Үндсэн хуулийг баталдаг. Хууль бол дан ганц улс биш олон улсын түвшний нийгэм, эдийн засгийн бодлогын баримт бичиг байдаг. Гэтэл энэ удаагийн Их хурлын сонгуулийг харахад Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг дагаж гарсан маш олон дүрэм журмыг зөрчсөн. Үндсэндээ хууль бус ажиллагаа явуулж сонгуулийн дүнд ноцтойгоор нөлөөлсөн нь нотлох баримттайгаа гарч ирлээ. Энэ талаар хууль хяналтын байгууллагад хандсан ч яаран сандран сонгуулийн дүн, анхдугаар чуулганыг зарлаж тангараг өргөлөө. Эндээс харвал эрх баригчид, Сонгуулийн хороо хууль зөрчсөн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна гэж үзэж болно. Улсын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, эрхзүйт төр ёсны түүхээ нухчин булшилсан үйл явдал боллоо.
Сонгуулийн дүнг будилаантуулах хууль бус ажиллагаанд хэд хэдэн төрийн байгууллага оролцсон. Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэдийн мэдээллийг санаатайгаар хууль бусаар ашигласан нь илэрхий болсон. Иргэдийн жагсаалтыг гаргахдаа гадаадад байгаа, нас барсан хүмүүсийн нэрийг ашиглаж санал өгүүлэх мэтээр хүнлэг бус, бусармаг үйлдлүүд гаргасан нь үнэхээр харамсалтай. Сонгуулийн ерөнхий хороо хууль журам илт зөрчсөн. Мажоратор системийг Үндсэн хуулиар баталгаажуулна гэдэг бол эрх баригч нам олонх болох нь тодорхой байсан. Гэтэл МАН хэтэрхий их шунаж, дарангуйлал тогтоож байна. Магадгүй 76 суудал авна гэж санаархсан байх.
-Та бүхнийг шаардлага хүргүүлсний дагуу Ерөнхийлөгч чиглэл өгч дахин гар тооллого хийхэд дүн зөрөөгүй гэсэн мэдээллийг СЕХ-ноос өгсөн шүү дээ?
-Сонгуулийн ерөнхий хорооны хууль зөрчсөн үйлдлийг нам эвсэл, бие даан нэр дэвшигч, иргэд хууль хяналтын байгууллагад удаа дараа өгсөн. Сонгуулийн санал авах өдрөөс хоёр хоногийн дараа буюу зургадугаар сарын 26-ны орой “Та бидний эвсэл”, ШИНЭ эвсэл, Т.Ганболд тэргүүтэй бие даан нэр дэвшигчид Ерөнхийлөгчид гараар тоолуулах шаардлага хүргүүлсэн. Ерөнхийлөгч хүлээж аваад 27-ны өглөө Сонгуулийн ерөнхий хороонд чиглэл өгсөн. Уг нь заавал чиглэл өгч байж шийдвэрлэх асуудал биш л дээ. Сонгуулийн тухай хуульд 50 хүртэлх хувьд хяналтын тооллого хийж болохоор заасан.
Хамгийн хачирхалтай нь сонгууль дуусаад дөрөв хоног өнгөрнө гэдэг бол нотлох баримт устгах, өөрчлөгдөх хангалттай хугацаа. Мөн саналын хуудас, хайрцаг ямар ч битүүмжлэлгүйг иргэдийн гар утсан дээрх нотлох баримтаас харж болно. Сонгуулийн хуульд санал хураалт дууссаны дараа саналын хуудаст агуулагдсан мэдээллийн үнэн зөв, аюулгүй байдлыг хангахын тулд саналын хуудасны битүүмжлэлийг задлахгүйгээр аймаг, нийслэлийн архивт хадгална гэдгийг зөрчсөн.
Сонгуулийн өдөр нам, эвслийн ажиглагчдыг байлцуулж байгаад саналын хайрцгийг битүүмжлэх ёстой байтал санал авах байрнаас албадан гаргасан байдаг. Энэ нь саналын хуудсыг хадгалж хамгаалах үүргээ зориуд санаатайгаар хэрэгжүүлэхгүй ажиглагчийн эрхийг зөрчсөн үйлдэл. Мөн санал авах байрны дуу, дүрсний бичлэг бүтэн цагаар ажилласан эсэх нь эргэлзээтэй. Зарим санал авах байр камергүй, зориулалтын бус орчин подвольд байсан. Ерөнхийлөгч чиглэл өгсний дараа Нийслэлийн сонгуулийн хороон дээр зургадугаар сарын 27-нд очиход сонгуулийн хороо хяналтын тооллого хийхэд бэлэн биш байна гэж хэлсэн. Яг юуг бэлэн болгох гэж байгаа нь бүү мэд. Тэгээд маргааш нь буюу 28-ны оройны 20:00 цагт хяналтын тооллого хийсэн.
Гэтэл Хан-Уул дүүрэгт тоо зөрсөн байхад Сонгуулийн ерөнхий хороо хууль дагаж мөрдөхийг хүсэхгүй улайм цайм худал мэдэгдэл хийсэн. Сонгуулийн хуульд “Заасан тойрогт ноогдсон мандатын тооноос илүү, эсвэл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэсэн заалтын дагуу шийдвэр гаргах хууль зөрчин мэдээллийн бааз бүрдүүлсэн байгууллага, хувь хүнийг олж тогтоож хариуцлага хүлээх хэрэгтэй. 249 мянган хүн илүү санал өгсөн баримт тооцоолол бий. Хуульд саналын хуудас тусгай нууцлалтай, аймаг дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байхаар заасан байтал Сонгуулийн ерөнхий хорооноос саналын хуудасны баруун дээд буланд тойрог ялгах тэмдэглэгээнээс өөр ямар ч дугаар байгаагүй. Зөрчилтэй буюу хүчингүй саналын хуудсаар санал авахыг хуулиар хориглосон. Эндээс харахад өөрсдөө зөв гэж бодсоноо ярьдаг. Хууль батлах ямар ч шаардлагагүй болсон мэт.
Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн хугацаанд өргөдөл гомдолд ч хариу өгөхгүй хясан боогдуулж ирсэн. Иргэдээс 1000 гаруй гомдол гаргахад юу ч болоогүй мэт хандсан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг хясан боогдуулж, далд санаа зорилго нь илт гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг баримтжуулж шалгах боломжийг алдагдуулсан. Уг нь ил цагаан улайрч байгааг таслан зогсоож нотлох баримтуудыг устгаж арилгахаас хамгаалах, нөхөн бүрдүүлж баримтжуулах ажиллагааг мэргэжлийн ур чадвар гарган гүйцэтгүүлэх ёстой. Хэрэв ардчилсан, шударга нийгэм байсан бол ямар ч гомдол гаргасан шуурхай шийдвэрлэх байлаа.
-Хууль шүүхийн байгууллагад хандсан үйл явц ямар шатандаа явна вэ. Процесс цаашид хэрхэн үргэлжлэх вэ?
-Иргэд, сонгогчид сонгуулийн үйл явцыг ажиглаж, дүн шинжилгээ хийх хангалттай чадвартай болсон. Гэтэл иргэдийг дутуу үнэлж, хүчээр бүхнийг хууль бусаар хийж хуурч болно гэж бодоод байх шиг байна. Гишүүдийн тангаргийг өргүүлчихвэл бүх зүйл дуусчихна гэж андуурч болохгүй. Мэргэжлийн хүмүүс тал бүрээс нь дүн шинжилгээ хийж хуулиа дагахыг шаардах ёстой. Тэгэхгүй бол дараа, дараагийн сонгууль ийм л хууль бус, булхай луйврын аргаар хийгдэнэ гэсэн үг.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс санал авах байрны стандарт журмыг хангаагүй.Хүний эрхийн гэрээ конвенциудыг ноцтой зөрчсөн гээд маш олон хууль зөрчсөн үйлдлүүдээс ганц, хоёрхон наад захын энгийн зүйлсийг дурдлаа. Ухаж үзвэл шалгах зүйл ихтэй, маш олон зөрчил, хууль бус үйлдэл бий. Хууль хяналтын байгууллага хаанаас нь алиныг нь ч барьж аваад шалгасан сонгууль хууль бус болсон гэдгийг хангалттай нотолно. Монголчууд тэнэг биш. Бүхнийг ажиглаж, харж байна.
Сонгуулийн зөрчлийг хуульд заасан хэлбэр агуулгаар нь үндэслэл, баримттайгаар захиргааны давж заалдах шатны шүүх, УЕПГ, тагнуул, цагдаа зэрэг хэд хэдэн байгууллагад хандсан.Үндсэн хуулийн цэцэд ч гомдол гаргах боломжтой.Өнгөрсөн хугацаанд бид цагдаа, тагнуулын байгууллагад маш олон гомдол мэдээлэл гаргасан ч шалгасангүй. Одоо шүүх, прокурор хэр шударга ажиллахыг харах үлдлээ. Бид маш илэрхий хууль зөрчсөн гомдол гаргаж өгсөн учраас хугацаа алдах, сунжрах асуудал байхгүй.
Сонгууль бол зөвхөн ялагдах асуудал огт биш. Хууль хэрэгжих, шударга ёс, Үндсэн хуулийн үнэт зарчим зөрчигдөж байгаа эсэх асуудал яригдаж байна. Хуулийн дагуу ялж, ялагдах ёстой. Монголчууд үнэнийг мэдэх эрхтэй. Үүний тулд илүү мэдлэгтэй болох хэрэгтэй. Монгол Улс хүний эрхийн чиглэлээр олон улсын 20 гаруй гэрээ конвенцид нэгдэж орсон. Энэ үүргээ биелүүлэх ёстой. Дотооддоо боломжит бүх газраар явж шударгаар шийдвэрлэхгүй бол олон улсын байгууллага, шүүхэд хандана. Шударга ёс тогтоохын төлөө эцсээ хүртэл явна.
-Дунд шатны төрийн албан хаагчид нам, даргын шахалт, дарамтаар сонгуулийг будилаантуулж байна. Тиймээс төрийн албан хаагчдыг сонгуулиас хол байлгах хэрэгтэй гэх хүмүүс ч байдаг. Үүнийг хэрхэн харж байна вэ?
-Сонгууль шударга явуулахын тулд эрхзүйн орчин, тогтолцооноос эхлээд олон зүйлийг өөрчлөх шаардлагатай. Сонгуулийн тогтолцоо 30 жил өөрчлөгдсөнгүй. Сонгууль төрийн албан хаагчдаас болж будилж байна гэхээс илүү тэдний удирдлагад хамаг учир бий. Төрийн албан хаагчид босоо системээр дээрээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй бол дарамт, заналхийлэлд өртдөг байж болзошгүй. Мөн нийтийн эрх ашгийг уландаа гишгэж намчирхал талцал газар авч намын дарангуйлал тогтсон. Төрийн албаны мерит зарчим алдагдаж нам нь ялбал ажилтай болно гэдэгт үнэмшчихсэн. Сонгуульд гарсан нам нь дунд шатандаа байр сууриа эзэлдэг гэсэн улс төрийн муухай соёл тогтчихлоо. Үүнийг халахын тулд сонгуулийн хуулийг эргэж харж, тогтолцоог бүхэлд нь шинэчлэх хэрэгтэй.
Төрийн байгууламжийн тогтолцоо буруу явж байна. Сонгуулийн ерөнхий хороо байнгын ажиллагаатай байх ёстой ч юм уу. Магадгүй орон тооны бусаар ажиллаж сонгуулийн өмнөх бэлтгэл ажлыг гардан гүйцэтгэж болно. Гэхдээ санал авах хуудсыг хэвлүүлэх эрхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гаргадаг байх зэргээр нарийвчилсан зохицуулалт хэрэгтэй. Улсын бүртгэлийн газрыг үндсээр нь өөрчлөх шаардлагатай. Өнөөдөр иргэдийн мэдээллийг дураараа ашиглаж, өөрчилж байгаа юм чинь маргааш гадны байгууллагад худалдахгүй гэх баталгаа алга. Иргэний мэдээлэл хадгалах системийг анхаарахгүй бол аюул тэнд байна шүү.
Тухайлбал, Израйлийн иргэний мэдээлэлд хэн ч халдаж чадахгүйгээр хамгаалсан байдаг. Энэ бүхнийг өөрчлөх хүсэл сонирхол энэ парламентад байгаа эсэх нь эргэлзээтэй. Парламент ард түмний төлөөллийн байгууллага болохоос одоогийнх шиг дээдсийн хүрээлэн биш л дээ. Иргэдийн дуу хоолой, хяналтыг замхруулах Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх бодлого орж ирлээ.
-Та ярианы эхэнд нас барсан хүний нэр ашигласныг дурдлаа. Энэ нотолгоотой юу?
-Санал өгөх үеэр тухайн хороонд амьдарч байгаад нас барсан хүний зураг гарч ирснийг нотлох баримт бий. Дэлгэцэн дээр нас бараад нэлээн удсан настай хүний зураг гарч ирээд гацчихсан. Санал авах байранд байсан таньдаг хүмүүс нь орилж, хашгираад сүйд болсон юм билээ. Нас барсан хүнийг өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ашиглана гэдэг хүний ёсноос гажсан жигшүүрт үйлдэл.
Мөн зургадугаар сарын 28-ны өдөр дахин хяналтын тооллого хийлгэх санал, гомдол гаргахад МАН хачирхалтай мэдэгдэл гаргасан байдаг. Мэдэгдэлд дурдахдаа, Сонгуулийн хорооноос хэсгийн хороодод хяналтын тооллого явуулж ямар нэг зөрчил гараагүйг баталж хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож үнэмлэх олгох тогтоол гаргасан гэсэн байгаа юм.
Уг нь Сонгуулийн ерөнхий хороо энэ мэдэгдлийг гаргах ёстой. Гэтэл зүгээр л олон нийтийн байгууллага буюу ТББ болох МАН Сонгуулийн ерөнхий хорооны өмнөөс мэдэгдэл хийж байгаа нь хууль зөрчсөн. Хяналтын тооллого дуусаагүй, Сонгуулийн хороо зарлаагүй байхад МАН шууд баталгаажуулж байдаг ямар том эрх мэдэл вэ. Мөн нэр бүхий нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн ноцтой үйлдэл гаргалаа гээд шууд шүүхийн байгууллага болж хувирсан. Өөрөөр хэлбэл, сонгуулийн хорооны өмнөөс дүн, хяналтын тоолллогыг хэлж, баталгаажуулж үзэл бодлоо илэрхийлсэн иргэн, нам эвслийн гэм бурууг шууд тогтоож шүүхийн байгууллагын ажлыг баригч нам хийж байгаа нь хууль шүүхийн дээр гарч суусан, дарангуйлагч болсныг харууллаа.
Мөн иргэд, нам эвслийн үзэл бодлоо илэрхийлэхийг хориглож, дарангуйлж заналхийлсэн үйлдэл гаргасныг олон нийт харлаа. Сонгуулийн дүнг хүлээн авч, анхдугаар чуулганыг зарлан хуралдуулахыг Ерөнхийлөгчөөс шаардаж шахсан үйлдэл гаргасан.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: