Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад 6 жилийн хорих ял оноолоо

olloo_mn_1543311226_olloo_mn_1498730734_Untitled-1

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат  нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан энэ сарын 2,3-ны өдрүүдэд  дараалан үргэлжилсэн. Улмаар шүүгдэгч С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг 2020. 07.06-ны буюу өнөөдрийн 09:00 цагт товлосон юм.

Шүүх хурал дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Тодруулбал шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт зургаан жилийн хорих ял оноолоо.  Мөн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг 6 жил нийтийн албанд томилогдохгүй байхаар шийдвэрлэлээ.

 Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолоор баталсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт хамааралгүй газарт нөхөн олговор олгохдоо бусдад давуу байдал олгосон хэмээн буруутгасан юм.

Тодруулбал, УИХ-ын 2011 оны тавдугаар сарын 5-ны 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд, Хантай, Бүтээлийн нуруунд байрлах ашигт малтмалын хайгуулын 43 мянга шахам, ашиглалтын 407.5 га талбай нь багтсан “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулсан нь Ж.Эрдэнэбатыг буруутгах гол үндэслэл болсныг прокурорууд шүүх хурлын үеэр тайлбарлаж байв.

Уг нь 2017 оны Засгийн газрын 90, 91 дүгээр тогтоолоор Ноён уул болон Тост, Тосон бумбын нурууны хамгаалалтын бүсэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор болгож, өөр газруудад хайгуул хийх зөвшөөрөл олгохоор тусгах ёстой байжээ. Харин Засгийн газрын тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д Өмнөговь аймгийн Хүрмэн, Гурвантэс, Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Гучин-Ус, Дорнод аймгийн Дашбалбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Ховд аймгийн Алтай сумд ашигт малтмал хайх найман тусгай зөвшөөрлийн солбицлыг баталсны улмаас “Азаргын гол чонот” ХХК-ийн захирал Д.Түвшинжаргал, уг компанийн үүсгэн байгуулагч Б.Отгонбаатар нарт давуу байдал бий болгон албан тушаалаа урвуулсан хэрэгт буруутайд тооцсон юм.

Мөн Тост, Тосон бумбын нурууны хамгаалалтын бүсэд багтсан, Өмнөговь аймгийн Гурвантэс сумд байрлах “Улаан сайр-2” нэртэй талбайг дүү Ж.Эрдэнэтөгсийнхөө хамт үүсгэн байгуулсан “Хэрх илч” компаниар дамжуулан таван сая төгрөгөөр худалдан авч өөртөө болон төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсөд давуу байдал бий болгосон гэм буруутайд шүүхээс тооцлоо.


URL: