МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан залуучуудыг төлөөлсөн ТББ-уудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав

25a33f80fd7318e6132e0074526e86c9

МАН-ын дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг дэмжихээ илэрхийлж залуучуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын хүүхэд  залуучуудын сайн сайхны төлөөх “Гэгээн үйлс төв” ТББ, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл,  Оюунлаг залуусын давлагаа, Монголын оюутны холбоо, Монголын урлагийн залуучуудын холбоо, Монголдоо хайртай залуучуудын санаачилга ТББ, Залуус өөрчлөлтийн төлөө үндэсний хөдөлгөөн зэрэг  17 төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

МАН сонгуулийн  мөрийн хөтөлбөрөө ард иргэд,төрийн бус байгууллага, мэргэжлийн  холбоодтой хамтран хэрэгжүүлснээр  улс орны хөгжил дэвшил хурдасна. Мөн залуучуудын эрх ашгийг хамгаалах бодлого гаргах, тэдний хүсэмжилж байгаа улс төрчдийг төрүүлэн гаргахад онцгой анхаарч ажиллаж байгаагаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан онцлов.

  Монгол Улсын нийт хүн амын 35 орчим хувь  нь, хөдөлмөр эрхэлж байгаа хүн амын 50 орчим хувь нь 45  хүртэлх насны залуучууд бөгөөд  МАН-ын гишүүдийн  насны дундаж 36 гэсэн статистик гарчээ.  МАН-ыг 99 жилийн түүхтэй болохоор хөгшчүүлийн нам гэж ойлгодог ч  сүүлийн 15 жилийн хугацаанд зохион байгуулсан улс төр, бодлого үйл ажиллагааны шинэчлэлийн хүрээнд залуучууд МАН-ыг дэмжих нь  эрс нэмэгдэж, залуусын нам болжээ.

 Санамж бичигт гарын үсэг зурах үеэр зарим ТББ-ын тэргүүний санал бодлыг сонслоо.

Монголын урлагийн залуучуудын холбооны дэд тэргүүн Б.Мөнхбаяр:

-Монголын соёл урлагийн салбарт 20 мянга орчим залуучууд харьяалагддаг. Эдгээр залуучуудын нийгмийн асуудлыг шийдэх нь манай холбооны эн тэргүүний асуудал. МАН энэ удаагийн УИХ-ын сонгуулийн  мөрийн хөтөлбөртөө залуучуудын нийгмийн асуудалд чиглэсэн бодлогыг цогцоор нь тусгасан.  Мөн үндэсний өв уламжлал, түүх, соёл урлагийн бие даасан яам агентлагууд байгуулахаар тусгасанд бид туйлын их  баяртай байна. Нийгмийг соён гэгээрүүлдэг урлагийн салбарт олон ажлыг хийхээр  зорьж байгааг дэмжиж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байна. Соёл урлагийн салбар бол нийгмийн маш чухал хэсэг юм.

Монголын оюутны холбооны тэргүүн Г.Сүхбат:

-Монгол Улсад 94 боловсролын сургалтын байгууллагад суралцагч 148 гаруй оюутан залуучууд байна. Оюутан, залуучуудын өмнө тулгарч буй бэрхшээлийг тодорхойлж шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаа учраас МАН-тай хүчээ нэгтгэж байна. Хүчээ нэгтгэж байгаа өөр нэг шалтгаан нь МАН урьд урьдынхаас илүү ихийг хийж, бүтээсэн  он жилүүдийг ардаа орхиж байна. Үүний  тод жишээ бидний толгойны  өвчин болоод байсан нийслэл хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадлаа.  Цаашид залуучууд бид асуудлыг яриад өнгөрөх биш шийдвэрлэх арга зам, аргачлалыг нь гаргаж тавьдаг, түүн дээрээ ажиллах нь чухал гэж үзэж байгаа учраас МАН-тай хүчээ нэгтгэж байна.

-Монголын хүүхэд залуучуудын сайн сайхны төлөөх “Гэгээн үйлс” төв ТТБ-ын тэргүүн, лектор Б.Ангараг:

-Манай ТББ өнгөрсөн хугацаанд НАМЗХ, НАМОХ-той хамтарч залуучууд руу  чиглэсэн “Би болно” сайн дурын нэгдэл хөтөлбөрийг санаачлан зохион байгуулж, олон талт ажлыг хийсэн. Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан коронавирус цар тахлын улмаас хөтөлбөрийн маань зарим ажлууд цуцлагдсан ч бодлогын хүрээнд МАН-тай олон санамж бичгүүдийг байгуулж цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Санамж бичгийн хүрээнд залуучуудыгаа дэмжих, тэднийгээ илүү ихээр хөгжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээ авах болсондоо баяртай байна.

-Yess MPP залуучуудын байгууллагын тэргүүн Д.Баярсайхан:

-Манай Yess MPP  залуучуудын байгууллага залуучуудын өсөлт хөгжил боловсролыг дэмжих, нийгэмд үйлчлэх чиглэлээр ажилладаг. Уг чиглэлийнхээ хүрээнд өнгөрсөн хугацаанд олон залуусын боловсролыг тэлэх, бизнесийн гараа эхлэхэд нь  шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн. Мөн гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан орчин үеийн санхүүжилтийн хэлбэрүүдийг нэвтрүүлж, санхүүгийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэхэд залуучуудаа дэмжих үүднээс МАН-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. МАН ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртөө гарааны бизнес эрхлэгчид, оюутан залуусыг дэмжих тухай тусгасан нь бид маш их талархаж байгаа.

МАН  мөрийн хөтөлбөртөө ЗАЛУУЧУУДЫГ ДЭМЖИХ чиглэлээр дараахь зорилтыг тусгажээ.

1.5.14. Залуучууд, залуу гэр бүлийг орлогод нь нийцсэн, уян хатан төлбөрийн нөхцөлтэй орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлнэ.

1.5.15. Залуучуудын хөгжлийг дэмжих сан байгуулна.

1.5.16. Гэр бүл, хүүхэд, оюутан, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин бий болгоход зориулсан төвүүд байгуулна.

1.5.17. Хүүхэд, оюутан, залуучууд, өсвөр үеийнхнийг гаднын сөрөг нөлөө, бусдын дарамт, гэмт хэрэгт өртөх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхээс сэргийлэх, цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

1.5.18. Асрамжийн газарт өсөж, 18 нас хүрсэн залуучуудыг бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлнэ.

1.5.19. Залуу гэр бүлийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаа, сэтгэл зүй, хөгжлийн хэрэгцээг дэмжсэн “Залуу гэр бүл” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

1.5.20. Хүн амын өсөлтийн бодлогын хүрээнд гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн тооноос хамаарсан татварын хөнгөлөлт үзүүлэх “Тогтвортой амар амгалан гэр бүл” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.

1.5.21. “Цалинтай ээж” хөтөлбөрийг үргэлжлүүлж, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд ялгаварлалгүй олгоно.

1.5.22. Уртын ээлжээр ажиллаж буй иргэдийн ажил амралт, амьдралын зохистой горим бий болгоно. ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭ (ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ)- ТЭЙ ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР

1.5.23. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)- тэй иргэдийн эрх, оролцоог хангаж, нөхөн сэргээх эмчилгээ, сувилгаа болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.

1.5.24. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэд хэрэгцээт үйлчилгээгээ авах нөхцөлийг төрийн болон бусад бүх байгууллагад бүрдүүлнэ.

1.5.25. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэнд ажлын байр бий болгосон ажил олгогчид санхүүгийн урамшуулал олгож, тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд төлөх төлбөрийн хэмжээ, төрийн байгууллагын удирдах ажилтны хариуцлагыг нэмэгдүүлнэ.

1.5.26. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй 0-16 насны хүүхдээ асран ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эх (эцэг)-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлөх боломжийг бүрдүүлнэ.

1.5.27. Байнгын асаргаа шаардлагатай тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэд, ахмадуудад зориулсан төрөлжсөн асрамж, сувиллын үйлчилгээний тогтолцоог сайжруулна. 1.5.28. Хүнд хэлбэрийн тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй хүүхдийн асрамжийн төв барина.

МАН-ын сонгуулийн штаб


URL: