Баян Нигерийн ядуу хувь тавилан баян Монголыг тосож байна

0_500x500НЭГ: УИХ-Д НЭР ДЭВШСЭН НЬ СЭТГҮҮЛЧ НАДАД ОНОГДСОН НИЙГМИЙН  ДААЛГАВАР
Амьдралдаа УИХ-д нэр дэвшихийг хэзээ ч дэмждэггүй байлаа. Монголын Хэвлэлийн Хүрээлэн/1993-2000/, Монголын Үндэсний Телевизийн /2000-2004/ ерөнхий захирлаар ажиллах үеэс улс төрийн МАХН /өнөөгийн МАН/, ИЗН-аас өгсүүлээд кандидат болж сонгуульд өрсөлдөх санал тавьж ирсэн. 2004 онд өнөөгийн МАН-аас Баянгол дүүрэгт өрсөлдөхийг даалгаж байсан. Би зөвшөөрөөгүй. Сэтгүүлчийг би улстөрчөөс дээгүүр  биш юм гэхэд, доогуур   тавьдаггүй. Энэ миний үзэл бодол. Гэхдээ давахгүй гэсэн даваагаар гурав давж, уулзахгүй гэсэн хүнтэйгээ гурав уулздаг гэсэн ардын үг биелэх нь.
Улс орон нам дамнасан гэмт бүлэглэлийн гарт орсон. Улс төрчид барьцаалагдсан. Гэмт хэрэгтнүүдийг хаацайлдаг, жирийн иргэдийг өчиггүй ялладаг хуулийн орчин бий болсон.
Монголын баялгийг гаднын эдийн засгийн алуурчидтай хамтран  цөлмөн дээрэмдэж, түүнээсээ хальж Монгол улсыг бүхэлд нь  залгих гэж буй улс төр, бизнес, банк санхүүгийн гэмт бүлэглэлийн  оролдлогыг зүгээр хараад, шүүмжилж бичээд, ярих хангалтгүй болжээ.
Тусгаар тогтнол алдагдах аюул нүүрлэсэн байна. Тиймээс энэ бүхнийг таслан зогсоох чинхүү хүсэл эрмэлзэлтэйгээр УИХ-ын сонгуульд нэр дэвшлээ.
Сүхбаатар дүүрэгт  ШИНЭ ЭВСЭЛ-ээс нэр дэвшсэн Цэндийн ЭНХБАТ, Бямбын Мөнхжаргал, Чимид-Осорын Мэндсайхан нарыг багаар нь дэмжээрэй, Сүхбаатар дүүргийн оршин суугчдаа.
ХОЁР: МӨНГӨГҮЙ СОНГУУЛЬ ГЭЖ БАЙХГҮЙ Ч, БАГА МӨНГӨӨР ОРОЛЦОХ ЖИШИГ ТОГТООЛОО
ШИНЭ намаас нэр дэвшигч МӨНХЖАРГАЛ, МЭНДСАЙХАН гэсэн хоёр сайхан залуугийн хамт Сүхбаатар дүүрэгт нэр дэвшлээ. БНН-аас болон ШИНЭ намаас 20 штаб байгуулж өглөө. Нэг портер нэмж гаргаж өгнө, танилцуулгын зардалд мөнгө нэмэрлэнэ, ингээд болно шүү  гэж БНН-ын дарга Б.Жаргалсайхан хэлсэн. Олон хүнийг дэмжиж буй тул надад битгий найдаарай гэсэн үг хэмээн  тус намаас нэр дэвшигч би ойлгосон.
Нэрийн хуудас, жижигхэн, нэгдсэн танилцуулга хэвлүүлж тараалаа. Айлд орж чадахгүй тул А самбар нэг зууг хэвлүүлж байрлууллаа. Шонд хэдэн зураг өлгөсөн болов. Энэ бол бидний хөрөнгө зарсан сурталчилгааны зардал. МОНЦАЭМ-гийн Чимгээ, Эрдэнэтуяа нар фото зураг авч өгч дэмжлээ.   ШИНЭ намын штаб дээр ухуулагч авсан байв.  Нэг ухуулагчийн хөлс нь 500000 / таван зуун мянга/ төгрөг. Цар тахлын журмаар ухуулга хийх боломжийг хязгаарласан. Айлын хаалга үүд тогшихыг журмаар хориглосон. Ухуулагч нь материал тараагч л юм. Тиймээс ШИНЭ нам, БНН-аас санал болгосон ухуулагч нараас татгалзсан. Зөвхөн сайн дураараа ажиллахыг хүссэн залуусыг үлдэхийг хүссэн. Арваад залуу чин сэтгэлээсээ ажиллаж буйд талархаж байна. Хэвлэлийнхэн маань боломжоороо дэмжлээ. Ах дүү, найз нөхөд, сайхан сэтгэлтэй дэмжигчид олноороо гарч ирч, анх удаа нэр дэвшиж буй надад урам, дэм өгч өнөөг хүрлээ.
Ажил дөнгөж эхэлж байхад ганц нэг хүн штабыг орхиж байсан ч, хүрээлж, дэмжих нь ихэссэн. ТВ9 телевизийн Соёлт найруулагчийн хүү Эрдэнэбаяр, сэтгүүлч Б.Отгон, Цэцгээ нар нэвтрүүлэг хийж, бусад нь өөр өөрийнхөөрөө дэмжлээ.
Мөнгөөр, хүн  хүчээр МАН, АН-ыг “зодож” дийлэхгүй нь ойлгомжтой. Тэд сонгуулийг мөнгө, хүн хүчээр зодож авсаар сурсан мэхэндээ өнөө ч эрдэж байна. Харин монголчууд ухаарч, сэхээрчээ.
Энэ л энэ сонгуулийг эргүүлэх төв цэг нь болно гэдэгт итгэж байна.
ШИНЭ ЭВСЭЛ-ийг олноор дэмжээрэй, сайн санаат монгол ахан дүүс ээ.
ГУРАВ: АМЬДРАЛЫН ГҮН ДЭХ ТОМИЛОЛТ:
-Сайн яв, тойргоороо. Ард иргэдтэйгээ уулз, тэднийг сонс. Энэ бол Б.Жаргалсайханы өгсөн зөвлөгөө. Найруулагч Сүх, Эрдэнэбаяр бид гурав ард иргэдтэй уулзалт хийж, түүнийгээ “Амьдралын гүн дэх томилолт” цувралаар хүргэсэн. Сүхбаатар дүүргийнхээ иргэдтэй уулзаж явахдаа “Надад өгсөн нэг ёсны томилолт, даалгавар юм. Энэ даалгаврыг сайн биелүүлэх ёстой юм байна” гэдгийг ухамсарласан. Уулзалтын үр дүнд “Эр хүний нулимс үнэтэй”,  “Халуун нь  буурдаггүй Монголын нийгэм”, “Барьцаалагдсан төр”, “Өдөр хоногоор амьдралаа торгоож буй Монголчууд”, “Орчин цагийн боолын нийгэм гэж ийм л амьдралыг хэлнэ”, “Монгол хүнээ мартсан Монголын төр” гэхчилэн цуврал сурвалжлагыг цахимаар,Control.MN  сайтаар дамжуулж, нийт олны хүртээл болгосон.
30-60 гэр бүлийг хамарсан нам дамнасан бүлэглэл Монгол Улсад ноёрхлоо тогтоожээ. Тэднийг бүх ард түмнээс сонгогдсон Х.Баттулга Ерөнхийлөгч, шударга ёсыг тогтоохоо зарласан эрх баригч намын дарга, улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ч хүчрэхгүй, хүчин мөхөсдөж байгааг харлаа. Ийм л бүлэглэл Монголыг багалзуурдан муужруулжээ. Тиймээс арван сайхан  монгол залуугийн тав нь үгээгүй ядуу болжээ.
Монголчууд эх орондоо боол шиг бүдчиж явна. 45 настай монгол аав, 20  настай хүүгээ дагуулаад Хятадын компанид ажиллаад хөлсөө ч авч чадахгүй, эрүүл мэндээрээ хохирч, нулимсаа асгартал уйлж байхтай нь таарлаа. Сарын өмнө шуудай нь 10 мянган төгрөг байсан цементийн үнэ 18 мянган   болсныг хараад халаасаа тэмтэрч буй тэтгэврийн хөгшин нүдэнд харагдаж байна. Таван уутыг авахаар 50 мянган  төгрөгтэй ирээд гурван ч уутыг авч чадахгүйд хүрсэн. Ердөө л нэг сарын дотор барилгын гол материал цементийн үнэ 80 хувь, төмрийн үнэ 80 өссөн. Махны үнэ сүүлийн дөрвөн жилд  300 хувь өссөн нь ард иргэдийг нирвэж байна. Монголын эдийн засаг савлаж байна. Тэгэж байхад, сангийн сайд эдийн засаг сайжирсан тухай ярьж, багш, эмч нарын өчүүхэн цалинг 40-70 хувиар нэмснээс өөр сайрхан хэлэх үггүй байна.
“Төрөө хямралаас, Түмнээ ядуурлаас гаргана” / МАН/, “Эх орондоо хүн шиг амьдарна “/АН/  амлалтаа биелүүлсэнгүй. Тэд улсаа өрөнд идүүлж, ард иргэдээ л ядууруулж, өөрсдөө “хөлжиж”  чадсан байна. МАН, АН-ын мянга мянган шударга гишүүдээ ч хөсөр хаяжээ.
Явах тусам, амьдралын гүн рүү нэвтрэх тусам УИХ-ын сонгуульд зориглон нэр дэвшсэнээ зөвтгөж, найз нөхөд, ах дүү, сайн санаат дэмжигчдийн хүч хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө мөнгийг дэмий үрчих вий гэсэн айдсаас салсан. Орчин цагийн боолын энэхүү нийгмийг халах, ард иргэдээ зовлонгоос нь салгах, улс орны тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө үүнээс илүү хөрөнгө зарах, үүнээс ч илүү хүч хуримтлуулах ёстой гэдэгт уулзалтаас уулзалтанд улам бүр  итгэсэн.
Одоо тултал явна. Та бүгд  ШИНЭ ЭВСЭЛ-ээс нэр дэвшигчдийг орон даяар  дэмжээд өгөөрэй.
ДӨРӨВ: ИРГЭД ЗАЛБИРЧ, ШААРДАЖ, ХҮСЭЖ БАЙНА
-Шударга ёс тогтоож өгөхийг залбиран гуйж байна. /Сүүлийн 30 жил Монголын төрийг хослон барьсан МАН, АН-ын удирдлага энэхүү үгийг улиг болтол ярьсан/.
-Улс орны баялгийг тонон дээрэмдсэн гэмт хэргийн бүлэглэлтэй хариуцлага тооцож өгөхийг шаардлаа.
-Эх орондоо ажил хөдөлмөр эрхэлж, амьдралаа залгуулж, адлагдах боол шиг биш, эрх чөлөөт иргэн шиг уужуухан амьсгалж, хараа дээгүүр харсан шиг, хангалуун амьдрахыг хүсэж байна.
Ийм л зүйлийг ШИНЭ ЭВСЛЭЭС хүсэж хүлээж байгаагаа илэрхийллээ. Энэ бүхнийг хийж чадах, заавал хийх улс төрийн хүчин бол ШИНЭ ЭВСЭЛ. Түүнээс өөр ийм хүсэл эрмэлзэлтэй улс төрийн нам, эвсэл байхгүй. Тиймээс ШИНЭ ЭВСЭЛ-ээс 29 тойрогт нэр дэвшигчдийг олноор нь гаргаж өгөхийг хүсье.
Ингэж байж монголчууд бид “ ХАР ДАРСАН ЗҮҮД”-нээс сална.
ШИНЭ ЭВСЭЛ-ээс нэр дэвшигчдийг дэмжицгээе.
ТАВ: СОНГУУЛИЙН ЗАРДАЛ БУЮУ СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
Сонгуулийн ерөнхий хороог өөрчилнө. Би ингэж бодож байна. Яагаад?
СЕХ бол хуулиар бие даасан нэртэй ч, дарга нар нь эрх баригч намаас томилогддог учир “дуулгавартай байгууллага”, “зарц” ч гэж хэлж болно.
Сонгогчдын эрх ашгийг  хамгаалах гол үүрэгтэйгээ мартдаг. Томилсон дарга нартаа захирагддаг. Энэ жил гэхэд л, нэг намаас бүрдсэн төр, засгийн газар СЕХ-нд үүрэг өгч байна. Ингэж болох уу? Сонгуулийн ерөнхий хороо бол сонгуулийг зохион байгуулах цорын ганц эрх бүхий байгууллага. УИХ  бол сонгуулийг явуулах төсөв л баталж өгөх үүрэгтэй.
Энэ байгууллага сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сонгуулийн хуулийг иргэдэд таниулан ухуулах, сонгуулийг шударга явуулах, саналын тооллогын хяналт хийх нөхцөлийг бүрэн дүүрэн хангах үүрэгтэй. Энэ ажил туйлын хангалтгүй шатанд байна.
Санаачлагагүй байна. Улсын зардал, нэр дэвшигчдийн сонгуульд зарах үргүй зардлыг бууруулах талаар ганц санаачлага зүтгэл гаргасангүй. Амьгүй, аймхай. Сонгуулийг зарлах, тоолох. Ийм л хоёр ажлыг хийх ёстой гэдэг буруу  ойлголт газар авсан байна.
Сонгуульд зарим нэр дэвшигчид хоёр тэрбум төгрөг зарж байх шиг. Түүнээс бага мөнгөөр сонгууль хийдэггүй гэж ярихыг уншигч Та сонссон ч байж магад. Энд тэндгүй л мөнгө ярьсан хүмүүс.
Саналыг мөнгөөр худалдан авах тухай асуудал ч ил далд яригдаж байна гэж дуулдана. Сонгуулийн ерөнхий хороонд энэ асуудал хамааралтай л баймаар.
Миний хувьд сонгуулийн компанит ажилд шинэчлэл хийхийг зорьсон. Зардал бага гаргах. Энэ нь бас эсэргүүцэлтэй тулгарч л байна. Гэхдээ түүнийг давж байж өөрчлөлтийг хийнэ.
Би ердөө л 5 ухуулагчтай. Сонин, сэтгүүл хэвлүүлэхээс татгалзсан. Цахим сонин гаргасан. Мэдээллээ цахимаар явуулж буй. Тэгснээрээ өчнөөн төчнөөн мод огтлохоос татгалзаж чадсан. Яагаад гэвэл, мод тарихад ямар их хөдөлмөр ордгийг би мэднэ.
Сонгуулийн   үр ашиггүй зардлыг яаж  танаж болдог жишээг хэдхэн хоногийн дараа ил болгоно.
Сонгуульд зарж буй мөнгө бол нам үл харгалзан Монголын л хөрөнгө юм. Тиймээс үр ашиггүй зардлыг бууруулах саналыг СЕХ –нд  дэвшүүлнэ.
Монголын ялзарсан төрийг таягдан хаяж, Ардын төрийг байгуулна.
ШИНЭ ЭВСЭЛ-ийн нэр дэвшигчдийг бүгдээрээ дэмжихийг хүсье.
ЗУРГАА: МОНГОЛЫН ТӨР ТАТВАРЫН МАШ БУРУУ БОДЛОГОТОЙ
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн Амбулаторид цусны  шинжилгээ хийлгэж явсан Антони Милнэр гэгч англи эртэй таарлаа. УИХ-д нэр дэвшсэн, танилцуулгаа өөрөө тарааж яваагаа дуулгатал,  – Амжилт хүсээд, -Таныг мэднэ гэв. Тэр гаднын хүн боловч, өөрөө санхүүжилтээ гаргаж, өөрөө судалгаагаа хийж, монголчуудад танилцуулдаг юм байна.- Дуулгах ёстой хүн бүрт өөрийн судалгааны тайлан илтгэлээ үзүүлж, дуулгадаг. Танайхан сонсох, толгойгоо сэгсрэхээс цаашгүй. Де Факто Жаргалсайхан ч ач холбогдол өгөөгүй тухай дурдаад өнгөрөв. Тэр чинь сэтгүүлч хүн биш шүү дээ гэхээс өөр үг олж хэлж чадсангүй. Монголын амьдралыг сайжруулах гэж гаднын хүн зүтгэж байхад тоосон хүн алга.
Танай Монгол Улс дэлхийн хамгийн баян орны нэг. Яг л Африкийн Нигер улс шиг. Нигерийн төр гаднынханд урхидуулж, баялгаа цөлмүүлж, дэлхийн хамгийн ядуу амьдарч буй үндэстэн болсон. Яг энэ зам мөрөөр Монгол явах гэж байна гэдгийг л миний судалгаа өгүүлдэг.
Тоож үзэж буй нэг ч төрийн зүтгэлтэн алга. Би гурван жил Монголд судалгаа хийж байна. Монгол баян. Гаднаас, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн Банкнаас зээл авах ямар ч шаардлагагүй. Буруу явж буй татварын бодлогоо шинэчлэхэд л Монгол цэцэглэнэ. Уул уурхайгаас авах татвараа нэмэгдүүл. Рио тинто, Турк ойлс компани Казахстанд ч уул уурхайн бизнес эрхэлдэг.
-Танай улсын газар нутагт бизнес эрхлэх зөвшөөрөл олгооч?
-Танай энэ   газрын хөрсөн дор байгаа баялгийг бид олборлоё, олборлосноо гадагш нь худалдая?
Ингэж эздээс нь гуйдаг. Эзэд нь хариуд нь татвараа төл л гэдэг. Байгаль орчинд хортой, хохиролтой, баялгийг олборлож, худалдаж, ихээхэн ашиг олж буй тул 45 хувийн татвар төл гэхэд зөвшөөрдөг. Ингэж л Казахстан хөгжиж байна. Энэ бол ээлтэй уул уурхай.
Харин Монгол Улс 12  хувийн татварын системтэй.  Монголын хүн амын дөнгөж тал нь ажил хөдөлмөр эрхэлдэг гэж бодвол төсөвт татвараар маш бага мөнгө ордог.
Харин уул уурхайн компанийн татварыг ядаж 30 хувьд хүргэж чадвал, нэг жилийн төсвийг давсан мөнгө татвараар орж ирэх боломжтой. Өөрөөр хэлбэл танайх гаднаас мөнгө зээлэх шаардлагагүй гэж Антони сэтгэл нь зовсон өнгөтэй хэлэв. Эзэндээ ээлгүй уул уурхайн бодит жишээ энэ.
Харийн хүн бидний төлөө санаа зовж байхад, өнөөгийн  Монголын эрх баригчид хоноцын сэтгэлээр хандсан хэвээр.
Үүнийг л ШИНЭ ЭВСЭЛ өөрчилнө. Биднийг олноор нь дэмжээрэй.
ДОЛОО: ХЭН Ч БИШ БОЛГОНО ШҮҮ, ЧАМАЙГ
УИХ-ын танхимаас анх хальсан үг. Хэн ч биш болгоно гэдэг нь бүх бизнесийг нь хураагаад, бүх боломжийг булаан гудамжинд өшиглөн гаргахыг хэлж буй гэж ойлгогдоно. Монголын ердийн ард иргэд үнэндээ хэн ч биш. ЖДҮ-г авах эрхгүй. Шударгаар төрийн албанд орох боломжгүй. Ажил эрхлэе ч гэсэн ажлын байр олдохгүй. Орлогогүй, түүнээс болж, ядуусын эгнээнд бөөнөөрөө шилжиж байна. Нэг хэсэг ажилгүй бол тэр хүний залхуугийнх. Нэг хэсэг хүн ажилгүй бол тэдний арчаагүйнх. Харин нийтээрээ ажилгүй, орлогогүй, ядуу бол тухайн төр засгийн буруу. Өнөөдөр ийм л дүр төрхтэй байна.
Ажилгүй нэгийг нь мөнгөөр урхидах, ажилтай албатайг нь намдаа санал өг гэж дарамталж байна гэх мэдээлэл сонсдож байна. Ингэж л энэ хоёр нам ээлжилж, төрийг зайдагнасан.
Иргэд өөрийнхөөрөө саналаа ч өгөх эрхгүй болж байна. Тэр тусам нь ШИНЭ ЭВСЭЛ-ээс нэр дэвшигчдэд саналаа өгөхийг уриалья.
НАЙМ: ЭЗЭН НЬ ХЭН БЭ? ГЭДГЭЭ ХАРУУЛЬЯ
Өрөнд идэгдсэн, гэрэл гэгээ нь тасарсан, ядуурсан, авилга хээл хахуульд автсан, шударга ёс алдагдсан. Хамгийн аймшигтай нь ард иргэдийн итгэл алдарч, сэтгэлийн гал буурсан. Монголчуудын дийлэнх нь хоногийн хоолоо  л залгуулж байна. Мянга мянган өрх хоолгүй хонож байна. Тэтгэврийн хөгшиний өчүүхэн орлогоор  олон ам бүлтэй өрх  амь зуулгаа залгуулах гэж зүдэрч, бүдэрч явна. Талхныхаа мөнгийг олох санаатай худалдаа эрхлэхээр нь торгоно, хөөнө, тууна. Амь зуух ч эрхгүй, нийгмийн шаар болж адлагдсан дүр зургийг “Амьдралын гүн дэх томилолт”-ын даалгавраар ажиллахдаа олж харлаа. Сэтгүүлчид бид ч амьдралын гүнд хангалттай хүрч чаддаггүй байна.
Амьдралын гүний  томилолтоос буцах бүр ард үлдэж буй хүмүүсийн хашгираан, цөхөрсөн үг хэл, гал нь унтарсан нүдний харц, гашуун юм амссан эрчүүдийн гашуунаас гашуун амьдрал аажим аажмаар холдовч, сэтгэл өвтгөнө. Гарт гав, хөлд гинж, хүзүүнд дөнгө алга. Ташуурдаж ороолгож харагдахгүй. Энэ бол амьдрал биш. Боолын орчин үеийн нийгэм. Гэхдээ ганц л давуу тал байна.  Монголчууд боол биш гэдгээ, Монгол Улсын эзэн нь гэдгээ харуулах цаг ирлээ.
Хэн ч биш болгосон жирийн монголчууд, ХЭН БЭ? гэдгээ үзүүлнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
Монголчууд бид ийм төрийг хүсээгүй. Ийм амьдралыг зөгнөөгүй. Газар нутагтаа эзэн нь болцгооё. Эх орондоо боол шиг биш, эзний ёсоор уужуу амьдарцгаая.
ХЭН Ч БИШ ГЭЖ НОХОЙНООС ДОР ҮЗЭЖ БУЙ ЭРХ БАРИГЧДАД ЭЗЭН НЬ ХЭН НЬ БЭ? ГЭДГЭЭ ҮЗҮҮЛЦГЭЭЕ, МОНГОЛ АХАН ДҮҮС ЭЭ.
 
“ШИНЭ ЭВСЛИЙГ” ДЭМЖИЖ ӨГӨХИЙГ ЭЛЭГ НЭГТ МОНГОЛ ТҮМНЭЭСЭЭ  ГУЙЖ БАЙНА
Нийгмийн даалгавар- илгээлтээр “Амьдралын гүн дэх томилолт”-ын товч тайланг илтгэсэн ШИНЭ ЭВСЭЛ-ээс Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч Цэндийн ЭНХБАТ-ын штабаас.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: