Самуунд турхирагчид дариа нухаад эхэлчихэж

Юмтай байна гэдэг эв нь олдохгүй бол хоосон байхаасаа ч дор аж. Баялаг гэгч байхгүйн гачлангаасаа ч илүү зовлон тээж ирдэг байна. Өмнө нь жагсаал цуглаан, хөдөлгөөн тэмцэл өрнөж л байдаг, оролцох нь оролцож, ажиглах нэг нь харзнаж, зарим тохиолдолд тэмцэгчдийн уухай түрлэг онилсон байндаа тусч, эрх баригчдаар хүссэн шийдвэрээ ч гаргуулж л байлаа.

Тэгвэл уудам Монгол орны хаанаас л бол хаанаас эрдэс баялагийн орд нөөц дуу дуугаа аван илэрч, илрүүлж, тэдгээрийг эв зүйтэйгээр ашиглаж олборлоод эхэлбэл ард олны ахуй амьдрал хийгээд улс гүрний хөгжилд ахиц дэвшил авчирч мэдэх дүр зураг харагдаад эхлэхтэй зэрэгцэн ажин түжин байсан иргэний хөдөлгөөнүүд амь орж, тэдгээрийн удирдагчид бүр амь тэмцэн орилолдож байна.

Ингэхдээ ихэд балмад арга хэрэглэх маягийн юм ярьж, түүндээ олон нийтийг уриалж эхэллээ. Хувьсгал хийнэ л гэнэ. Галт зэвсэг хэрэглэнэ л гэнэ. Эх орноосоо нэр бүхий хүмүүсийг хөөж зайлуулна л гэнэ. Нэр бүхий албан тушаалтнуудыг устгаад зогсохгүй, тэднийг гэр бүл, ах дүүс, хамаатан садантай нь хамт хоморголон “устгана” л гэнэ. Юу болж байгаа хэрэг вэ. Хэзээнээс эхлэн монголчууд ингэж нэг нэгэндээ байтугай, өөрөө өөртөө танигдахаа больчихов оо. Баялаг гээчийнх нь хараал эдийн засагт бус эгэл жирийн иргэдэд тусч байгаа нь энэ үү.

Гол усаа хамгаалдаг хөдөлгөөний хэдэн нөхөр дургуйг нь хүргэсэн уул уурхайн компанийн машин техник рүү буудаж элдэвлэсэн нь магад энэ балмад үйл явдлыг түүчээлсэн ч байж мэднэ. Тэд өнөөдөр ч зэвсэг энэ тэр ярьсаар л яваа. Уул уурхай гэж уулгалан дайраагүй, мах ноолуур, улаан буудай энэ тэрхэнтэйгээ л эргэлдэж байсан бол ингэж улайрч элдэвлээ ч үү, үгүй ч үү. Монголчууд бүгд мунхаг биш тул газрын хэвлийн баялагтаа найдан гар хумхиж суулгүй, их бага, том жижиг гэлгүй үйлдвэр, шинэ санаагаар хөгжил түргэсгэх залуус өнөөдрийнхөөс илүү олноор гарч ирэхийг үгүйсгэхгүй. Гүвээ шиг алт, уул шиг зэс, нуруу шиг нүүрс байхгүй бол дээр байж гэсэн харамсал бас ч төрж байна.

Монголд шийдэх, тэгэхдээ тун яаралтай анхаарал хандуулах зүйл энгийнчилж хэлбэл захаас аваад замаар үргэлжилж байгаа. Ядуурал 30 хувийн босго давчихсан. Ажилгүйдэл, хөдөлмөрийн үнэлэмж хатуухан хэлэхэд хар Африкын улс орнуудаас нэг их дээрдэхээргүй байна. Туйлаас ядуу, архи хийгээд цөөн хэдэн халтар төгрөг үзүүлэхэд нүдээ ухаад өгөхөөс буцахгүй дунд насныхан хүн амын дуийлэнх хувийг эзэлж байгаа нь бусдын гар хөл болж, хөлсөөр жагсаал цуглаан зохион байгуулагчдад таатай өгөөш болж байж мэднэ.

Ходоод хонхолзуурынхаа төлөөсөнд толгой дохилзуур болж орхисон хүмүүсийн тархийг багахан угаахад л зэвсэг барин ухасхийнэ. Буу шийдэм олдохгүй бол тэд мод чулуу бариад л дайрна. Хуйларсан их хүч нэг л бүрэлдэж орхивол мянган цагдаа, түмэн цэрэг ч тэднийг зогсооход бэрх. Юун “долдугаар сарын 1-н” болно. Хөрөнгө мөнгийг тоодоггүй юм гэхэд хүний халуун амийг юугаар төлнө гэх вэ. Хэрэв яг энэ маягаар иргэдийн бухимдал дээр дөрөөлөн турхирсаар нэг өдөр л ядарсан иргэдийн тэвчээрийн чагт тасарвал ямар самуун өрнөхийг төсөөлөхөд ч бэрх юм.

Өчүүхэн эрх ашиг, тодруулбал өөрсдийнхөө л төлөө тэмцэлд уриалж байгаа этгээдүүдийн ярьж байгаагаар нь буюу том утгаар ойлгох гэж хичээвэл төрийн эрхийг зэвсэгт эргэлтийн аргаар авах гээд байна уу гэж харагдаж байгаа. Тэд тийм үр дүнд хүртлээ хаа ч юм. Гэхдээ бас зөнгөөр нь ингээд орхичихож үл болох дүр зураг харагдаад байна. Их бага нь хамаагүй үймээн самуун дэгдэж гэмээнэ хөлд нь энгийн иргэд олноор өртөж, зарим нь амиа алдаж, цөөнгүй нь шоронгийн хаалга татна.

Ганцхан хөх Монгол хоёр байтугай хорь хуваагдаж, эрх ашгийн бүлэглэлүүд тэднийг утсан хүүхэлдэй болгож байна гэж ярьж, бичдэг ч дотооддоо төрийн эргэлт, иргэний дайн зэргээс ангид явж ирсэн. Энэ байдал нь мөн чанараараа ардчилсан орон гэх ойлголтод ам бардам багтаж байж болох юм. Судан шиг, Либери шиг, Руанда шиг болох гээгүй л юм бол юундаа ингэж улайран зүтгэнэ вэ. Хариулт нь тодорхой. Дахин хэлэхэд өчүүхэн эрх ашгийн төлөө, эрх мэдлээ ардчилсан сонгуулиар алдсан нэгэн эрхэм хийгээд түүнийг тойрон хүлээлэгчдийн гар хөл болж байгаа л хэрэг шүү дээ. Зарим “уриалан турхирагч” тэгж ярих юм бол өөрсдийнхөө нь хэлээд байгаагийн эсрэг, гадаадынхны үзүүлсэн мөнгөний тоонд дөрлөгдөж байгаа нь тодорхой.

Өчигдөр хөдөлгөөнчин “Д.Нинж УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл С.Зориг агсаны аллагын хэрэгт шууд холбоотойг бид олж тогтоосон. Аллага гарсны маргааш үүрээр Токио руу нисэх онгоцоор хэн зугатаасныг ч мэдэж байгаа” хэмээн нэлээд албархуу мэдэгдлээ. Үүнийг нь хууль хяналтынхан анхаарна биз. Хэрэв хэлсэн ярьсанаа нотолж дийлэхгүй, Улсын баатрыг гүтгэсэн бол мань хүн хуулийн хариуцлага хүлээж таарна. Энэ сарын 20 гэхэд эрх баригчид эх орноосоо цөм цугаар гарч явахгүй бол хэрхэхийг харж байгаагаарай гэж занангаа “Буцаж орж ирэх гэж хилээс нааш нэг л алхах юм бол нам буудна” хэмээж байлаа. Хэн хэнийг хааш нь хөөх, хэзээ хэнд ямар ял оноож түүнийгээ гүйцэтгэх нь Д.Нинжийн үзэмжээр шийдэгддэг болох нь л дээ.

Мөн хөдөлгөөнчин О.Магнай сар бүр жагсана, энэ тэмцэлд бүх хөдөлгөөн нэгдэж байгаа гэж байгаа. “Яг ямар хөдөлгөөнүүд нэгдэж байгаа вэ” гэсэн асуултад тэр зүгээр л “Бүгд” хэмээн иш мухаргүй хариулт өгч байна лээ. Нэгээс олон буюу, хоёр хөдөлгөөн нэгдсэн ч нээрэн бүгд л дээ. Бирдүүдийн авд мордсон УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “төрлөөр устгах” их ажилд эгэл түмнийг уриалж сууна.
Буруугийн эсрэг тэмцэхийг, эрх баригчдийн өмгөөлж хамгаалах нь го зорилго маань биш юм шүү. Гагцхүү төртэй, хуультай оронд тэр үйлдэлээ ёс зүй болон хуульд нийцүүлэх ёстой юм. Нуур амгалан бол нугас амгалан гэдэг дээ.
П.Баттулга
Зохиогчийн эрхийг:Өдрийн шуудан


URL:

Сэтгэгдэл бичих