Дорноговь аймагт төмөр замын болон газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтууд хийгдэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын сонгуулийн 8 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нарын хамт Дорноговь аймгийн иргэд, сонгогчидтой уулзаж, хийсэн ажил, ирэх дөрвөн жилд хийх бодлого, хөтөлбөрөө танилцуулав. Тэрээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын эхний 50 км замыг барьж дууссаны баярт үйл явдлын нээлтэд оролцсоныхоо дараа Дорноговийн иргэдтэй уулзсан нь энэ юм.
“Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын ажил эрчимтэй өрнөж байна. Зүүнбаян өртөөнөөс эхлэн угсарч буй дэд бүтцийг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, эхний 50 км төмөр замыг тавьж дуусгажээ. Төслийн хүрээнд 5000 гаруй хүн хүч ажиллаж байна.Төсөлд оролцож буй бүх хүнд талархал илэрхийлье” хэмээн Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлэв.
МАН 2016 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө тусгасан бүтээн байгуулалтуудаа Дорноговь аймагт сайн хэрэгжүүлжээ. Тухайлбал, Матад сумын Тосон-Уулаас Баянхошуу боомт чиглэлийн 210 гаруй км авто зам, Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх 9,6 км, Сайншанд өртөөнөөс үйлдвэрийн талбай руу техник тоног төхөөрөмж, бараа материал тээвэрлэх 27 км төмөр замын салаа болон 17 км хүнд даацын авто зам, 110 кВт-ын цахилгаан дамжуулах шугамыг барьж байгуулжээ. Мөн 110 кВт-ын эрчим хүчний агаарын дамжуулах шугам барьж, үйлдвэрийн талбайг бэлтгэх, тэгшлэх ажлыг гүйцэтгээд байна. Газрын тосны боловсруулах үйлдвэр нь жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай байх юм. Уг төслийн хүрээнд нефть хими болон химийн аж үйлдвэрийн суурь, түүхий тос дамжуулах хоолой тавигдах ажээ. Газрын тосны боловсруулах үйлдвэр баригдсанаар түлш шатахууны импортын хамаарлаас гарч, валютын гарах урсгал 20 орчим хувиар буурна. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллараар өсч, 600 гаруй ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжих юм.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайн У.Хүрэлсүх УИХ-ын сонгуулийн 8-р тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нарыг багаар нь дэмжихийг уриалав.
Энэ үеэр тус нутгийн иргэдийн төлөөллүүд “Дорноговь аймагт МАН өнгөрсөн хугацаанд олон зүйл хийлээ. Зөвхөн манай аймагт ч биш манай улс эх орны бүтээн байгуулалтын суурийг тавилаа. Газрын тосны үйлдвэрийг ашиглалтад оруулахаар авто зам, дэд бүтцүүдийг шийдэж эхэлсэн. Цагаан суваргын ордоос Мандах, Хатанбулаг сумдад цахилгаан дамжуулах агаарын шугам татаж, хоёр сумыг байнгын цахилгаантай боллоо. Сайншанд суманд 100 мянган айлыг цахилгаанаар хангах Салхин цахилгаан станц, Замын-Үүдэд 25мВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцуудыг ашиглалтад оруулсан. Мөн Сайншанд, Замын-Үүлдэд 1056 айлын “Мандах наран” хорооллыг барьж ашиглалтад оруулсан. Бүх сумдад сургууль, дотуур байр, цэцэрлэг барьсан гээд яриад байвал олон ажил хийсэн. Сум аймаг орон нутагт маань хөгжлийг бий болгож байгаа МАН-аас нэр дэвшигчдээ багаар нь дэмжинэ” гэлээ.
МАН ирэх дөрвөн жилд Дорноговь аймагт дараах ажлыг хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
- Гэр хорооллын газрыг дахин барилгажуулах төсөл1500
- Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800
- Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 50
- Түрээсийн орон сууц- 150
2. Сайншандад 960 хүүхдийн суудалтай сургууль барина.
3. Сайншанд, Замын-Үүдэд хүүхэд, залуучуудын хөгжлийн төв, хүүхдийн парк барина.
4. Говийн бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газар шинээр барина.
5. 800 хүний суудалтай “Саран хөхөө” театр барина.
6. Дулааны станц шинээр барина.
7. Хатанбулаг-Ханги Мандал чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барьж, Ханги тосгоныг байнгын эрчим хүчээр хангана.
8. Данзанравжаагийн түүх, шашны өв соёлд тулгуурлан нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлж, Сайншанд-Хамрын хийд чиглэлийн авто замаас Зүүнбаян уул чиглэлийн 16 км хатуу хучилттай авто зам барина. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
9. Сайншанд-Зүүнбаян чиглэлийн хүнд даацын авто зам барина.
10. Сайншандад хог дахин боловсруулах үйлдвэр байгуулна.
URL: