С.Эрдэнэ АН-ын гишүүдийн хандивласан мөнгийг АН-аасаа харамлаад “таг” болжээ

67

Ардчилсан намын дарга С.Эрдэнийг улс даяар эрэн хайсан УИХ-ын сонгууль энэ өдрүүдэд болж буй нь гайхалтай сонин үзэгдэл. Тэрбээр УИХ-ын сонгуулийн сурталчилгаа үргэлжилж буй энэ өдрүүдэд Баянгол дүүргийнхээ иргэдтэй УИХ-ын сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигчийн хувиар уулзалт хийсэн ч намынхаа нөхдөд дэмжлэг, нөмөр нөөлөг болохын тулд, сонгогчдод урам зориг өгч, намдаа сэтгэл итгэлийг нь татахын тулд нэгээхэн ч удаа нийтийн өмнө ил гарсан нь үгүй

Арга ч үгүй биз, алдар нэрийнх нь араас арав хорин гэмт үйлдлийн баримт жагсаж, хорих ялаар шийтгэгдсэн хоёр ч түүх нь энэ өдрүүдэд түүний шархыг сэдрээх гэмтэй юм. Дээр нь, олон нийтийн зүгээс С.Эрдэнэ хэмээх хүнийг ирээдүйн Ерөнхий сайд гэж харахгүй байгаан дээр, итгэл хүлээлгэх тухайд бүр ч бэрхтэй болсон нь туйлын үнэн.
Учир нь, тэрбээр өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын дарга болсон цагаасаа эхлэн “Монголын зэс корпораци” болон “АПУ”, “Ажнай” зэрэг цөөхөн групп компанид намаа хуваан эзэмшүүлсэн бөгөөд үүнийхээ төлөө төлбөр авах уулзалтаа өнгөрсөн долоо хоногт хийсэн нь нэгэнт ил болсон.
УИХ-ын гишүүн асан Д.Зоригтын эзэмшлийн “Highland park” ресторанд 5000 ам.долларын гишүүнчлэлтэй такстай тусгай хүлээн авалт хийсэн бөгөөд уг уулзалтад бол харин Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нүүрээ гаргаад авсан байгаа юм. Арга ч үгүй биз, уг уулзалтад оролцсон Монголын толгой 30 баянаас хоёр тэрбум төгрөгийн хандив нэмж авах тохиролцоог хийхийн тулд  юу эсийг хийх билээ дээ. “Шунхлай” группын ерөнхийлөгч П.Батсайхан, “Түмэн шувуут” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр, “Бридж” группын ТУЗ-ийн дарга Д.Ганхуяг, “Монгол шуудан” банкны захирал асан Д.Зоригт, “Оюуны ундраа” группын ерөнхийлөгч С.Отгонбаяр, МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин, “Ачит ихт” ХХК-ийг үүсгэн байгуулагч П.Цагаан, “Хөргөгч сервис” ХХК-ийн ерөнхий захирал Л.Даваасүрэн, “Женко” группын ерөнхийлөгч Х.Баттуул, “Нутгийн буян” ХХК-ийн ерөнхий захирал Л.Бат-Орших, “Манай трейд” группын ерөнхий захирал Р.Ганзориг, “Ээрмэл” ХК-ийн захирал С.Мөнхжаргал, “Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монос фарм трейд” ХХК-ийн ерөнхий захирал Л.Эрдэнэчимэг тэргүүтэй бизнес эрхлэгчид очсон гэх бөгөөд тэд харин ойрын хугацаанд С.Эрдэнэ даргын гэгээн мэлмийг тольдсон ховорхон тохиолын эзэн болсон нь энэ.
Гол нь, тэд ийн мөнгөө өгсөн ч гэсэн УИХ-ын энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам үнэмлэхүй ялалтбайгуулах боломжгүйн дээр гагцхүү хамтарсан Засгийн газар байгуулах эс бол одоогийнхоо суудлын тоог ганц нэгээр нэмэх хэмжээний илүүгээр тодорхой хэдэн тойрогт ялалт байгуулна гэдэг тооцооллыг С.Эрдэнэ дарга аль хэдийнэ тархиндаа, түрийвчиндээ хийчихсэн бололтой юм билээ. Энэ тохиолдолд тэрбээр Ардчилсан намын даргын албан тушаалаа автоматаар өгөх бөгөөд дараагийн шинэ даргыг их удалгүй нэр дэвшүүлэх учиртай. Ингэснээр С.Эрдэнэ сонгуулийн ялагдлаа хүлээгээд зогсохгүй хувь хүнийхээ хувьд дахин улс төрийн тавцанд гол тоглолтыг хийх эрхгүй болно. Тэртээ тэргүй, Ардчилсан намд С.Эрдэнийн ялагдал дээр тойрон бүжихэд бэлэн хэр мянган лидерүүд ч, жирийн гишүүд ч байгаа нь үнэн. Тиймээс цаашид С.Эрдэнэ даргын хувьд яах вэ гэдэг асуудал бол өөрөө мөнгө, мөнгө, бас дахин мөнгө болчихоод буй.
Магадгүй түүнийг энэ бодол нь хэт шатааснуу яаасан нэр дэвшигч бүрээсээ эхний ээлжинд хуримтлуулсан 100 сая төгрөг болон дараа дараагийн нэр дэвших хугацааны зардал болгон татсан мөнгөн төлбөрөө төдий л сонгуулийн ажилд зарцуулахгүй байгаа бөгөөд “Хамгийн тарчиг, мөнгөгүй сонгууль”  хэмээн тус намын ажилтнууд гайхшрах болсон.
Угтаа бол С.Эрдэнэ дарга Ардчилсан намын нэрээр хангалттай хандив цуглуулсан. Бүр тэрбум төгрөгөө өгөөд хүртэл нэр дэвших эрхээ Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболдолд булаалгасан тухайгаа НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй сошиалд өөрийн цахим хуудсаараа ил тод мэдэгдсэн. Ингэж бүхэл бүтэн тэрбум төгрөг хандивласан хүн гудамжинд нэр дэвших эрхгүй болж, агсарч байхад одоогийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид нь чухам хэдэн төгрөг хандивласныг хэлэхэд бэрх. Ямар ч л байсан тэрбумаас илүү ихийг хандивласан нь тодорхой л болов уу.
Гэсэн ч Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нэр дэвшигчдийнхээ болон нэр дэвшихийг хүсэгчдийнхээ мөнгийг намаасаа төдийгүй УИХ-ын сонгуулийн зардлаас харамлаж таг болсны дээр өөрөө өөрийгөө олны нүднээс нуух онцгой сонин арга ч сэдэж олсон гэх. Энэ янзаараа магадгүй тэрбээр Ардчилсан намын даргын суудлаас хамгийн их бэлэн мөнгөтэй буух рейкордын эзэн болох ч юм билүү хэн мэдлээ. Шуудай шуудай бэлэн мөнгийг өрөөндөө тоолоод авсан л гэх юм билээ шүү, ер нь бол.

URL: