Онцгой байдлын албаны “онцгой бус” дүр зураг

28

Ердөө хоёрхон хоногийн өмнө Монголын эртний түүхтэй барилгуудын нэг УИД-т галч гарч, Монгол Улс ихээхэн гарз хохирол амслаа.  6, 7-хон давхар барилгад гал гарахад Улаанбаатар хотын бүх гал унтраах ангийн тал нь дайчлагдаж, 230 гаруй албан хаагч улаан гараараа улалзах галын өөдөөс тулсан.  Улаан гараараа гэж онцолж байгаа нь ч учиртай.  230 гал сөнөөгч ажиллаж байхад дунд нь гуравхан шүршигч хоолой байсан. Бүхэл бүтэн 5 цагийн турш “ноцолдож”, Улсын их дэлгүүрийн дээвэр, дээд давхрууд шатаж дууссаны дараа арай гэж унтраасан. Жил болгон л том том барилга шатаж, их хэмжээний гал гардаг. “Говь” компанийн агуулах шатаад, Улаанбаатарын бүх гал унтраах ангийнхан очоод,   шатаж дууссаных дараа шахуу л арай гэж унтрааж байсан түүх саяхных.

Гал сөнөөгчид муудаа тэгээгүй юм шүү. Тэд нүцгэн гараараа гал унтраах нь холгүй ажиллаж, амь насаараа дэнчин тавьж байна.  Гэтэл гал унтраах машин нь, техник хэрэгсэл нь хүрэлцдэггүй, дутмагаас л болсон. Ямар сайндаа л Ус сувгийн удирдах газрын хэдэн машин ус зөөж туслах вэ дээ. Сая Их дэлгүүр шатахад, “Сүү” ХК-ийн машинууд ус зөөж  тусалж байх жишээтэй.  Томоохон гал гарах болгонд л хэдэн хэвлэл гал сөнөөгчдөөс ярилцлага авч, зовлон, жаргалыг нь яриулдаг.  Том гавьяа байгуулбал нэг одон өгөөд л, асуудлыг нь шийднэ гэж хэн нэг дарга амлаад л гүйцээ.  Сая ч бас л тэгсэн.  Амтай болгон л Онцгой байдлын албаныхны эр зоригийг магтаж, техник хангамж мууг гайхлаа.

Энэ удаа ч тэгсэн юм биш. Гал гарах болгонд л ийм үйл явдал давтагддаг.  Ердөө л саяхны хэдхэн жишээг аваад үзье. Богд уул шатаад, гал унтраах машин өөдөө гарч чадахгүй, хэцүүдсэн. Эцэстээ залуучууд уулын хормойгоос орой хүртэл жагсаж зогсоод, хувингаар ус дамжуулж зөөж, гал унтрааж байх жишээтэй. Хүн бүр л залуучуудын ухамсар сэргэж, эх орныхоо төлөө сэтгэлтэй болсныг гайхсан. Зөв өө, залуучуудыг буруутгахгүй.  Гэхдээ 21 дүгээр зуунд, 2020 он болчихоод байхад хувингаар ус зөөгөөд, гал унтраах гэж явахаасаа ичих хэрэгтэй.  Үнэхээр эмгэлэн шүү. Бүхэл бүтэн улс байтлаа гал унтраачих ганц нисдэг тэрэг авчихгүй, өнөөдрийг хүртэл юу хийж байсныг бодоод олохгүй байна.  Хэдий болтол бид гал сөнөөгчдийнхөө ур чадварт, залуучуудын сэтгэлд найдаж явах юм. Улаанбаатар хотын хэмжээнд ердөө л гуравхан л сунадаг шат байдаг гэж байгаа. Тэр нь 9-өөс дээш давхарт сунаж хүрэхгүй. Үүнийг одоо инээдэм гэх  үү, эмгэнэл гэх юм уу.

Гурван жилийн өмнө  “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудалд гал гарах үед аврах шат нь дээд давхруудддаа хүрэхгүйгээс галтай хоёр цаг орчим “ноцолдсон”. Энэ нь ч өндөр барилга дээр гарсан галыг нисдэг тэргээр л ажиллаж, үүрэг гүйцэтгэхгүй бол бусдаар боломжгүй гэдгийг харуулсан юм. Тухайн үед энэ талаар  ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж “Өндөр, шилэн барилга дээр гал гарлаа гэхэд Улаанбаатарт үүрэг гүйцэтгэж байгаа манай машины шат 32 метрын урттай сунана. Өөрөөр хэлбэл, 9 давхраас дээш хүрэхгүй гэсэн үг. Тиймээс өндөр барилга дээр гарсан галыг нисдэг тэргээр л ажиллаж үүрэг гүйцэтгэхгүй бол бусдаар боломжгүй. Бид сая хүний хүчээр л унтраалаа” гэж мэдээлж байсан юм. Гэтэл энэ үед нисдэг тэрэг, өндөр барилгууд дээр ажиллах автомеханик шатын талаар ярьж байсан ч одоог хүртэл шийдэгдээгүй л байна. Сонгууль дөхсөн энэ үед үүнийг тоох хүн битгий хэл нохой ч алга.

Сүүлийн үед манайд хотын үзэмжинд өнгө нэмсэн өндөр барилгууд сүндэрлэн босож байна. Барилгууд өөрийн дотуур усан хангамж, автомат гал унтраагуураа шийдсэн ч гал гарах үед шат 9-12-оос дээш давхарт хүрэхгүйгээс үүсэх хохирлын хэмжээ ч төдий хэмжээнд ихэснэ.  Манай улсад дээд тал нь 50 метрийн аврах автомеханик шат байдаг гэнэ. Нийслэлд байгаа гурван шат нь 30-35  метр сунах зориулалттай бөгөөд  есөн давхар барилгад хүрч очиж ажиллах боломжтой. 15-аас дээш давхарт гал гарсан тохиолдолд бид ажиллаж чадахгүйгээр барам нэгнээ буруутган суух цаг ирэх вий.

НОБГ-ын гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Б.Мөнхсайхан нэгэн ярилцлагадаа “Ой хээрийн томоохон түймэр гарсан тохиолдолд газар орны байршлаас шалтгаалаад объектын гал түймэрт ажиллах хүн хүчээ дайчлан гал унтраах үйл ажиллагааг явуулж байгаа. Уулын оройд автомашин очих боломжгүй газруудад гараар ус зөөж, галаа унтраах байдлаар ажилладаг” гэж байсан.

Хэрвээ үнэлгээ тавих эрх олддогсон бол онцгой байдлын алба хаагчдад “Онц” харин техник хэрэгсэлд нь “муу” үнэлгээ тавихаар байна. Түшээд маань ухаарсан юм шиг л онцгой байдалд ийм, тийм ч юм хэрэгтэй байна. Тэд маань хүнд нөхцөлд ажиллаж байна гэх мэтээр ярьсаар л. Хэзээ ажлаа хийж, алба хаагчдынхаа ажлаа хийх нөхцлийг бүрдүүлж өгөх юм бэ. Тэгж ч өр тэглэлээ, ингэж ард түмнээ бодлоо гээд өч төчнөөн мөнгө тараагаад л байна.  Тэр мөнгөнийхөө багахан хэсгээр ядаж Онцгой байдлынхандаа техник хэрэгсэл аваад өгчих сэтгэл хэн нэг даргад нь байсангүй юу.  Гэтэл жил ирэх тусам  хэлж биш хийсэж ирдэг галын аюул нүүрлэсээр л, нэмэгдсээр л. 2019 оны эхний 10 сард л гэхэд улсын хэмжээнд обьектын гал түймрийн нийт 3611 удаагийн дуудлага ирж, үүнээс гал түймэр унтраах аврах анги ажилласан 1396, зөрчил 2059, мэдээлэл 161 бүртгэгдсэн байна.

 Өчигдөр хотын дарга С.Амарсайхан “Улаанбаатар хотод онцгой албаны нисдэг тэрэг буух талбайг мэргэжлийн байгууллагуудтай хамтран судалж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Удахгүй МУ-ын Засгийн газар, гадаадын улс орнуудтай хамтарсан хөнгөлөлттэй зээлээр 71 гал унтраах машиныг Онцгой байдлын албанд нийлүүлэх гэж байгаа” хэмээн мэдэгдэв. Энэ удаад парк шинэчлэлийн ажлаа сонгуулийн шоу болгохгүйгээр өгчихөөсэй.

Өнөөгийн нийгэмд хамгийн бага цалинтай хэмээн өөрсдийгөө тодотгодог мэргэжлүүдийн дэргэд хортой, хүнд нөхцөлд ажиллаж буй гал сөнөөгчид хавьгүй бага цалин авдаг. Тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэж чадаж байгаа эсэх нь ч эргэлзээтэй. Гэвч гал сөнөөгчид төрөөс мөнгө нэхэж, суулт зарлаж гомдоллосонгүй. Өчигдөр л гэхэд бэлтгэл ээлж, амарч байсан бие бүрэлдэхүүнийг татан оролцуулсан гэх. Онцгой хувцсаа өмсөөд амь өрссөн даалгавар авах бол тэдний  энгийн үеийн л ажлын нэг хэсэг. Иймд хэдэн саяар нь дэмжлэг өгөхгүй ч ядахдаа аюулгүй ажиллах нөхцөл, техник, төхөөрөмжөөр нь хангаж өгчих хэрэгтэй байна. Байгууллага бүртээ хэдэн зуун саяын машин бэлэглэж, шагнал урамшууллаар түрийвчийг нь түнтийлгэхийн оронд онцгой алба хаагчдынхаа ажилд бодит дэмжлэг үзүүлээч, түшээд ээ. 


URL: