Залуучууд аа, шинэчлэлийг хүсэж байна уу, тэгвэл сонгуулиа өг
Z үеийн төлөөлөл болсон нэг реппер залуу “Төрд байгаа хүмүүс биднийг ойлгодоггүй, тийм учраас залуучууд сонгууль өгдөггүй юм” хэмээн ярьсан байсан. Тэд өөрсдийг нь ойлгох, шинэ хүмүүсийг хүсээд байна, тийм үү. Төр засагт Z үеийн биш юм гэхэд, шинэ цагийн репперүүдийн дууг сонсдог, тэдний илэрхийлэх санааг ойлгодог, 30 гаруй насны төлөөлөл хэрэгтэй байгаа гэсэн үг биз дээ. Хамгийн дээд тал нь 28 жил УИХ-ын гишүүн хийсэн хүн байна. 16-20 жил Төрийн ордонд “амьдарсан” гишүүд ч цөөнгүй байгаа. Тэднийг сольё, залуу үедээ боломж олгоё гэж амтай болгон л ярьж байна. Тэр дундаа залуучууд шинэ бүхнийг, зоригтой өөрчлөлтийг, эх орны хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ зориулах нэгнийг хайж, хүсээд байгаа. Зүгээр л яриад, цахим орчинд бичээд, бухимдаад, “биднийг өмнөх үеийнхэн ойлгодоггүй” гэж гомдоллоод суугаад байхаар чинь асуудал шийдэгдэнэ гэж арай бодоогүй биз дээ.
Та нар үнэхээр өөрчлөхийг хүсэж байна уу, залуус аа. Энэ жил сонгууль өгөх насанд хүрч байгаа 18-тай сонгогчид юу хүсэж байна. Хоёр дахь удаагаа санал өгөх гэж буй 22-той залуус аа, та нарын хүсэл юу вэ. Өндөр хөгжсөн, эдийн засаг нь өссөн, өссөн эдийн засгийнх нь тэлэлт ард түмэндээ очдог, тэрбумын хадгаламжтай бизнесмэн төрд гарахын төлөө улайран зүтгэдэггүй. Төрийн байгууллага нь авлигад идэгдсэн, түшмэдийн халаас түнтийж задрах шахсан. Хурган даргын оймсноос боодол боодлоор ам.доллар гарч ирдэггүй, шударга, цэвэр нийгмийг хүсэж байна уу. Тэгвэл сонгуулиар гэртээ хэвтэлгүй, дэмий тэнэлгүй, хэн мөнгө тараах бол гэж горьдож суулгүй саналаа өг. Залуучуудаа дэмж. Сонгуулийн насны залуучуудын тал нь төрд төлөөллөө илгээх хариуцлагатай үүргээ биелүүлэхгүйгээс болоод насаараа нам дагаад, үзэл бодлын хайрцагнаасаа гарч чадахгүй ахмадууд бидний хүсээгүй хүнийг дахин дахин сонгоод байна.
2016 оны сонгуульд иргэдийн сонгогчдын оролцсон байдлыг хараад үз. Дөрвөн жилийн өмнө 18-25 насны 410.7 мянган сонгогч бүртгэгдэж байж. Гэвч тэдний ердөө л 50.8 хувь нь буюу 208.8 мянга нь саналаа өгсөн. Үлдсэн 49.2 хувь нь төрд төлөөллөө илгээх чухал үүргээ умартаад явж байж. 25-30 насны 291.2 мянган бүртгэгдсэнээс 65.2 хувь нь буюу 190 мянга нь л саналаа өгсөн. Үлдсэн 34.8 хувь нь яагаад саналаа өгч, өөрийнхөө дэмжиж буй хүнийг сонгосонгүй вэ. Хамгийн өндөр хариуцлагатай байх ёстой, энэ улс орныг нуруундаа үүрч яваа, ухамсарын түвшин нь аль хэдийнэ 100 хувь хүрчихсэн байх ёстой 30-45 насныны 32.8 хувь нь саналаа өгөөгүй. Тодруулбал, энэ насны 653.2 мянган хүн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 504.3 мянга нь сонгуульд оролцож, төр барих эрхээ эдлээгүй байна.
Гэтэл хоёр том намыг насаараа дэмжсэн, МАН, АН-аас нэр дэвшсэн “бор халзан хонь”-ийг ч сонгож мэдэхээр буюу 45-50 насны 166.2 мянган сонгогчийн 139.3 мянга буюу 83.8 хувь нь саналаа өгч. 50-60 насны 247.8 мянган сонгогчийн 90.3 хувь нь саналаа өгсөн 60-аас дээш насны 163.1 мянган хүний 97 хувь нь саналаа өгсөн байна гээд бод доо. Ийм байхад залуучууд бид улс төрд яаж өөрчлөлтийг хийх юм бэ. Угтаа 4 жилд нэг удаа олддог санал өгөх эрхээрээ л бид ажиллаж, засаглаж, хөгжүүлж чадахгүй байгаа, сан хоосолж, төр самардаг хүмүүсийн өгзөг рүү “амбаардаж” чадах юм.
2016 оны сонгуулиар саналаа өгөөгүй 18-45 насны 452 мянган сонгогч саналаа өгөөд, өөрсдийнхөө хүсээд байгаа залуучуудыг дэмжсэн бол хүмүүсийн дургүйцээд байгаа насаараа төрд “жаргасан” хөгшчүүл ялахгүй байлаа. 30 жил төр бариад, улсыг хөгжүүлж чадаагүй гэх АН, МАН-ын “ах нар” ялагдах байсан юм. Гэвч залуучууд сонголтоороо шинэчлэл хийж чадсангүй.
Одоо хагас сарын дараа 2020 оны сонгууль болох гэж байна. 2016 онд 18-45 настай байсан хүмүүс 22-49 хүрсэн. За 49 нас хүрсэн хүмүүсийг залуучуудын тоон оруулахаа түр хойшлуулъя. 2016 онд 18-30 настай байсан залуучууд 22-34 хүрчихлээ. Өмнө сонгуулиар саналаа өгөөгүй энэ насны 303 мянган залуу энэ удаад санал авах байр руу явах хэрэгтэй. Очоод саналаа өг, ард түмний боломжоос хулгайлсан, авлига, хээл хахуул, гэмт хэрэг, бүх муу муухайн автор болсон хуучуулыг хуйгаар нь соль. Шинэ залуучуудаа дэмж, төрд эрс шинэчлэлийг хий. Бид одоо л өөрчилж, муу муухай бүхнийг хийсэн, нэр холбогдсон хүмүүсийг сольж, тэдэнд залуучууд тооцоо бодож чаддаг гэдгийг мэдрүүлэхгүй бол оройтох гээд байна.
Залуучуудаа сонгохыг уриалахаар цахим ертөнцөөр элийрдэг, балайрдаг, мөнгөө үр ядсан, үе залгамжилсан нөхдүүдийг дэмж гэж байгаа юм биш шүү. Салбар салбарын эрдэмтэй, мэдлэгтэй, чадвартай, боловсролтой залуучуудыг дэмж. Гуравдагч хүчин, бие даагчдад боломж олго л гэж байгаа. Хоёр том нам дунд ч эвдрээгүй, идээгүй, уугаагүй, сан “дэлбэлээгүй” хүмүүс олон бий. Тэднийг дэмж. Нэг л өдөр гэртээ хэвтэлгүй, санал авах байр руу яв, шинэчлэлийг хийсэн шиг хийх, авлигачид, төрөөс төрсөн тэрбумтнуудад, ард түмнийг доромжлогсодтой тооцоо бод. Ердөө л үзэгнийхнээ үзүүрээр.
URL: