Х.Булгантуяа: Би Шар дэлгүүрийн өмнө сүү зардаг хүүхэд байлаа

405

УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Сангийн Дэд сайд Хүрэлбаатарын Булгантуяа, Гавьяат эмч Ж.Чинбүрэн, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан нар БЗД-ийн 09 дүгээр хорооны ард иргэдтэй уулзаж байна. Амралтын өдөр ч гэсэн есдүгээр хорооны иргэд гурван нэр дэвшигчийн уулзалтад сууж дүүргийнхээ асуудлыг сонсож, ярилцахаар хүрэлцэн иржээ. Нэр дэвшигч Х.Булгантуяа хорооныхоо асуудал, тулгамдсан бэрхшээлийг ярилцахаар амралтын өдөр цаг заваа зориулан ирсэн иргэддээ талархаж буйгаа илэрхийллээ.

Тэрбээр, “Халуун, хүйтэн, нартай, бороотойг үл тоон бидэнтэй уулзахаар, бидний үгийг сонсохоор ирж буй та бүхэндээ маш их баярлалаа. Иргэд дүүргийнхээ төлөө маш их санаа зовж байна. Сонгуульдаа хариуцлагатай ханддаг болсон байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд би У.Хүрэлсүхийн Засгийн газрын багт орж ажилласандаа баяртай байгаа. Намайг хүүхэд байхад л яригддаг байсан, 20 гаруй жил огтхон ч хийгдээгүй байсан олон ажлыг багаараа хийлээ. Бас хийгдээгүй яригдсаар байгаа олон ажил ч үлдэж байгааг ирэх жилүүдэд хиймээр байна. Манай улс авлига, өр, утаа, улстөржилтөөрөө дэлхийд тэргүүлж байлаа.

Харин өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олон ажлыг зоригтой хийж, эхлүүлснээр энэ бүхнийг бага ч гэсэн арилгаж чадсан.  Утаатай тууштай тэмцсэнээр өнгөрсөн өвөл анх удаа цэлмэг тэнгэр харж өвөлжлөө. Ард түмэн ойлгоод дэмжвэл хийх боломж байгааг бас харлаа. Ирэх жилүүдэд ч утааг дахиад 80 хувь болтол бууруулахын төлөө явна. Би агаарын бохирдлыг бууруулах хорооны гишүүнээр ажилладаг. Төсөв санхүүг нь батлуулах талаар ажилладаг.  Өнгөрсөн жил анх удаа сайжруулсан түлшийг туршиж байхдаа яах бол амжилт гаргах болов уу гэсэн айдас байсан. Гэсэн ч бид санхүүгээ шийдэж түлш үйлдвэрлэж эхэлснээр үр дүн гарлаа. Хэдийгээр эрсдэл гарсан ч алдаагаа засаад урагшаа явж байна. Өнөөдөр би дүүргийнхээ нэлээд олон бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Бизнес амаргүй байгаа ч эрүүл байвал болно гэж байна. Тэд маань ингэж л хичээж байгаа учраас бид ч бас төрөө зөв байгуулж, зөвхөн ажил хиймээр байна. Бид мөнгөгүйдээ ажил хийхгүй байгаа юм биш. Зөвхөн дээд, доод, дунд шатандаа л улстөржиж байна.

Ирэх жилүүдэд ядахдаа 20 жил хөгжлийн замаар улстөржихгүй явчих юмсан. Тэгвэл аль нам гарснаас үл хамааран урагшаа хөгждөг улсыг байгуулахыг хүсэж байгаа учраас улс төрд орж байгаа юм. Би Шар дэлгүүрийн урд сүү зардаг хүүхэд байлаа. 69 машинд 30-уулаа суугаад ирнэ. Мориндоо сүү ачиж ирээд л зарна. Сүүгээ заавал зараад ирээрэй гэдэг даалгавар авдаг байлаа. Миний амьдралын 20 гаруй жил энэ дүүрэгт өнгөрсөн. Тиймээс дүүргээ хөгжүүлэхийг хүсэж байна. Манай дүүрэг хогоо ч ачиж чадахгүй улстөржиж байгаад харамсаж байгаа. Тиймээс энд бид багаараа өөрчлөлт хийнэ. Би бизнесээ хийх ёстой, би эмчээ хийнэ гэж яваад байвал хэн энэ улсыг хөгжүүлэх вэ. Тиймээс улс орноо гадны бусад улс орнуудтай адилхан хөгжүүлэхийг хүсэж байна. Бид өнгөрсөн жилүүдэд цалингаа нэмлээ, тэтгэвэр нэмлээ. Гурван ээлжээр хичээллэж байсан сургуулийн асуудлаа шийдээд явж байна. Гэхдээ асуудал бүрэн шийдэгдээгүй. Би гурван хүүхэдтэй ээж хүн. Төрүүлсэн хүүхдээ сургууль, цэцэрлэгт сугалаагаар оруулахыг хүсэхгүй байна. Бие биенээ хойш татаж түгжилдсээр байвал ирэх 30 жилд дахиад л энэ бүхнээ яриад сууж байх учраас өөрчлөлтөд өөрөө гар бие оролцъё гэж шийдсэн. Баянзүрх дүүрэгт 300 ортой жишиг эмнэлэг байгуулах хэрэгтэй.

Залууст чиглэсэн соёл амралтын хүрээлэн ч байгуулна. Намын мөрийн хөтөлбөрт бид таван том асуудлыг тусгаж чадсан. Ахмадуудад гэрээсээ гараад орох газар алга. Улсынхаа төлөө ажил амьдралаа зориулсан ахмадууддаа зориулж соёл амралт, сувиллын төв байгуулна. Зээлийн хүүг буулгамаар байна. Ипотекийн зээл авмаар байгаа залууст нийгмийн даатгалын шимтгэлийг нь барьцаалах байдлаар хямд үнэтэй орон сууцаар хангах бодлого барина. Үүнийг 2012 оноос хэтэрхий задгай байлгаснаас болж, цөөхөн хэдхэн хүн л баяжсан, хоёр гурван байртай болсон. Харин манай нам илүү шалгууртай болгож чадсанаар өнгөрсөн жилүүдэд цөөнгүй залуус байранд орсон. Биднээс та нар амлаад явдаг хийж чадах уу гэж хүмүүс асуудаг. Үүнийг би ганцаараа мэдээж хийж чадахгүй. Харин бид багаараа хийнэ” гэлээ. Уулзалт иргэдийн асуулт хариултаар үргэлжлэв.

 

Нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяагийн сонгуулийн штабаас бэлтгэв


URL: