КОРОНОГИЙН БУЯНААР ХУЖИРТЫН ЗАРИМ РАШААН СУВИЛАЛ ОВЖИН АРГААР БАЯЖИЖ БАЙНА

404
Өвөрхангай аймгаас төрж гарсан сэтгүүлч Б.Эрдэнэбат нь “Монголын мэдээ”, “Нийгмийн толь” сонинуудад олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн шилдэг сэтгүүлчдийн нэг билээ. Тэрээр саяхан Хужирт нутагт очиж маш чухал зүйлийг сурвалжлан бичсэнийг бүрэн эхээр нь толилуулья.
Одоогоос хоёр жилийн өмнө их аварга Д.Дагвадорж фейсбүүк хуудсандаа “Миний нутгийн шидэт усаар зоос ологч нар сайн байна уу. Удахгүй уулзана! Наад бохир өмхий шээс баасаа эртхэн шиг янзалчихвал хожмын ажилд чинь сайн байх шүү гэж хэлье. Та нарыг үхтэл чинь шахна даа…” гэсэн пост оруулж, үүнд нь олон зуун дагалдагч нар нь эсэн бусын сэтгэгдэл бичсэн байж билээ. Энэ бол “Хужирт рашаан сувилал”-ын бохирын ус гадагшаа хальж урсаад Хужиртын гол руу цутгаж ирсэн ноцтой асуудлын тухай юм. Гэвч харамсалтай нь их аварга Д.Дагвадорж ингэж сүржигнэсээсээ хойш өнөөдрийг хүртэл нам жим байсаар ирлээ. Яагаад гэвэл мань эр хоёр жилийн өмнө 2020 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгаас нэр дэвшинэ гээд ид хөөрцөглөж явсан. Тэгээд л элдэв бохирдлоор дүүрсэн Хужиртын голоор шоу хийж, ард олны дунд шударга тэмцэгч хүн болж харагдах гэж ийнхүү хийрхэж явсан хэрэг шүү дээ. Одоо харин тэр энэ жилийн сонгуульд нэр дэвшихээ больсон тул Хужиртын гол түүнд огт хамаагүй болж байх шиг. Д.Дагвадорж аваргын дээрхи хийрхэлийн дагуу Хужирт нутгаас төрж гарсан сэтгүүлч Б.Ойдов тэр үед “Бохирдон эмгэнэж буй Хужиртын гол” хэмээх томоохон нийтлэл бичиж байв. Гэвч өнөөдөр “Хужирт” рашаан сувилалын бохирын ус Хужиртын гол руу цутгаж орсон хэвээрээ л байна. Үнэндээ Дагвадорж аварга хэлсэн амандаа хүрээд “Хужирт” рашаан сувилалын хүйтэн сэтгэлтэй дарга нарыг “Үхтэл нь шахаж” чадсангүй. Сонгуулийн дуулианаар л амилан босч ирдэг ийм нэгэн хийрхэлээ бид одоо зогсоох цаг болсон мэт.
Саяхан миний бие Хужиртад үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн амралт сувилалын газруудаар сурвалжлага хийгээд ирлээ. Гэхдээ миний сурвалжлага бохирын усны тухайд биш өөр нэгэн чухал асуудлыг хөндсөн болно. Тэр нь юу гэвэл короно вирустай холбогдуулан гаргасан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртгийн жин, журам батлах тухай” тогтоол юм. Энэхүү тогтоол нь эрүүл мэндийн даатгалд хамрагдан үйл ажиллагаа явуулж буй рашаан сувилалууд болоод эмнэлэгүүдэд хамааралтай. Маш товчхоноор ойлгуулж хэлбэл эмнэлэг болоод сувилалд амарч, эмчлүүлж байгаа хүн бүхэнд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 250 мянган төгрөг олгох тухайд юм. Гэхдээ уг мөнгө бол сувилуулагч нарын гарт олгогдохгүй. Харин тухайн амралт, сувилалын газрууд сувилуулагч бүрээс авах төлбөрийн хураамжнаасаа 250 мянган төгрөгийг хасах ёстой. Жишээ нь хэн нэгэн амрагч 500 мянган төгрөгөөр арав хоног сувилууллаа гэж бодоход 250 мянган төгрөг төлнө. Харин дараа нь тухайн сувилалын газар даатгалын сангаас уг хүний 250 мянган төгрөгийг нөхөж авах журамтай. Энэ нь үнэн хэрэгтээ короно вирусын “буян” юм л даа. Сувилуулагч нарт ч ашигтай, сувилалын газруудад ч ашигтай. Гэхдээ энд нэг чухал заалт бий. Амралт сувилалын газрууд өрөөнийхөө үнийг нэмж болохгүй, хуучин тарифаараа хүмүүсийг амрааж сувилна, гэхдээ түүнээсээ 250 мянган төгрөг хасна гэсэн ерөнхий утга бүхий нэг заалт байгаа. Харамсалтай нь Хужирт суманд үйл ажиллагаа явуулдаг зарим сувилалын газрууд дээрхи тогтоол гарснаас хойш хөөрхөн заль хэрэглэх болжээ. Тиймдээ ч сувилалын нийт зардлыг нь даатгалын сангаас 250 мянган төгрөгөөр хөнгөвчлөх тухай сураг сонссон зарим үйлчлүүлэгч нар бөөн гомдол мэдүүлсэн болно. Яагаад гэвэл зарим сувилалын газрууд өрөөнийхөө үнийг ер буулгасангүй. Өрөөний үнэ өмнө нь ямар байсан, одоо яг л тэр хэвээрээ. Өнөөдөр Хужирт суманд “Хужирт” рашаан сувилаас гадна Хужирт хэмээх эрхэм нэрийг ардаа зоосон таван амралт сувилалын газар үйл ажиллагаа явуулж байна. Жишээ нь “Хан-Хужирт”, “Сэмжид-Хужирт”, “Газарчин-Хужирт”, “Ананд-Хужирт”, Элма-Хужирт” гэх мэт. Мөн ”Жем интернэшнл” компани “Хужирт” хэмээх байгалийн эрдэст усны үйлдвэр ажиллуулж байна.
Шунхлай уулын бэлд байх жижигхэн газар дээр ийнхүү бөөн бөөнөөрөө шахцалдан мөнгө хийх болсон нь “Хужиртын хөх сувд” гэж алдаршсан халуун рашаан, “Хужиртын хар сувд” гэж алдаршсан лаг шавар хоёрын л ач гавъяа юм. Эдгээр нь үе мөчний архаг өвчин, төв мэдрэлийн үйл ажиллагааны сульданга, саажилт, эмэгтэйчүүдийн болон арьсны өвчин, ясны бэртэнги, булчин шөрмөсний үрэвсэл, артикулит зэрэг өвчнийг гаажтай анагаадаг гэдгээрээ эртнээс алдартай. Гэхдээ рашаан, шавар эмчилгээ нь нэг удаа хийлгээд л бүрэн дүүрэн анагаачихдаг зүйл биш бөгөөд курс эмчилгээ буюу давтан эмчлүүлж байж л үр дүнд хүрдэг. Жишээ нь гурван жил дараалан сувилуулбал маш сайн нөлөөтэй. Ямар сайндаа л хөгжлийн бэрхшээлтэй иргэд удаа дараа ирж эмчлүүлээд эдгэж илааршсаныхаа тэмдэг болгож Шунхлай уулан дээр тэргэнцэр, таяг зэргээ “өргөж” байсан ч удаатай. Тийм болохоор Хужирт руу хөврөх хүмүүний цуваа үл тасарна. Харин энэхүү үл тасрах цуваан дээр амралт сувилалын газрууд жинхэнэ мөнгө хийдэг, тэгсэн хэрнээ Хужиртын гол руу бохир усаа урсгахдаа ер тоохгүй.
Ингээд сувилалын газруудын өнөөдөр мөрдөгдөж байгаа тарифуудыг жагсаая. Нэг өдөрт төлөх мөнгөний хэмжээ.
“Сэмжид-Хужирт”-ын энгийн өрөө 45-48 мянга, люкс өрөө нь 80 мянга.
“Ананд-Хужирт”-ын энгийн өрөө 38-42 мянга, люкс өрөө нь 60-80 мянга.
“Хужирт” рашаан сувилалын энгийн өрөө 48-50 мянга, люкс өрөө нь 75 мянга.
“Газарчин-Хужирт”-ын энгийн өрөө нь 49-53 мянга, люкс өрөө нь 59 мянга.
“Элма-Хужирт”-ын энгийн өрөө 22-31 мянга, люкс өрөө 32-46 мянга.
“Хан-Хужирт”-ын энгийн өрөө 260 мянга, үүн дээр тусгай хоол болон эмчилгээний мөнгө 140 мянган төгрөг нэмэгдэнэ. Люкс өрөө нь 320 мянга, үүн дээр тусгай хоол эмчилгээний 140 мянган төгрөг нэмэгдэнэ. Мөн “Хан-Хужирт” сувилалд “Нойргүйдлийн эмчилгээний багц” гэж бий. Энэ нь бүр талийж өгнө. Энгийн өрөө нь өдөрт 320 мянга, люкс өрөө нь 380 мянга. Үүн дээр тусгай хоол эмчилгээний 200 мянган төгрөг нэмэгдэнэ. Тэгэхээр нэг хүн өдөрт 580 мянган төгрөг төлнө гэсэн үг. Энд зөвхөн Монголын баячууд л амардаг гэнэ дээ. Хужиртын рашаан, шаврын шид чадал уг нь бүхий л сувилалын газруудад яг адилхан л үйлчилж баймаар. Тэгтэл уг рашаан, шавар “Хан-Хужирт”-д очихоороо тэнгэрт тулсан үнэтэй болчихдог нь юуных вэ? Эсвэл тус сувилалын газар нь Хужиртын рашааныг архи дарс болгочихдог, шаврыг нь алт эрдэнэс болгочихдог ид шидтэй юм болов уу? Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ? гээд арай дэндүү даварчихсан ийм нэг газар Хужиртад байна. “Хан-Хужирт” бол өдгөө УИХ-ын сонгуульд нэр дэвшээд буй Улсын гарьд Ц.Цэрэнпунцагийн амралт. Мөн энэ нөхөр Шунхлай уулын бэлд “Хужирт” хэмээх ус хийж олон жил зарж баяжиж байгаа. Тэгээд үүндээ бас ханахгүй “Хан-Хужирт” хэмээх мөнгө хүүлдэг газрыг байгуулаад удаж байна. Авилгад идэгдсэн төрийн хувалзнууд мөнгөө багтааж шингээж ядахдаа энэхүү “Хан-Хужирт”-ад ирж тансаглан тухалдаг гэнэ дээ. Энэхүү амралтаа яагаад ингэж нэрд гаргав гэвэл яруу найрагч гэгддэг Эмүжин мэтийн шоучин нөхдийг үнэгүй амраагаад, эд нар нь цахим ертөнцөд “Хан-Хужирт”-ыг тэнгэрт тултал магтсан лайв хийсээр байгаад өнөөдөр тус амралтыг ийнхүү хаданд гаргачихжээ. Ямар сайндаа л хүлээн авалтын бүсгүйгээс нь “Танай сувилал короно вирустай холбогдуулж Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан тогтоолыг хэрэгжүүлж байгаа юу?” гэж асуухад “Тэр манайд хамаагүй” гэж хээв нэг хэлж байх жишээтэй. Энэ ер нь ямар даварчихсан газар вэ? Ёстой мөнгөөр туйлна гэж л үүнийг хэлдэг байх. Нэг ёсондоо Өвөрхангай болоод Хужирт сумын авилгачин дарга нарыг хэдийнэ мөнгөөр базчихсан бололтой. Тэгээд л ингэж дураараа дургиж байхгүй юу. Тэгсэн хэрнээ өөр юманд бол мөнгөндөө маш нарийн харамч ажээ. Жишээ нь Хужирт сумаас төрж гарсан Ж.Амарсайхан, Б.Ойдов, С.Оюунчимэг нарын таван найрагч хамтарсан шүлгийн түүврээ хэвлүүлэх гээд “Хужирт” рашаан сувилал, “Хан-Хужирт” мэтээс ном хэвлүүлэх хандивын өчүүхэн мөнгө хүсэхэд огт хөдөлж өгсөнгүй. Хужиртын “Хар сувд”, “Хөх сувд” хоёроор ойгүй их мөнгө хийж буй эдгээр газрууд тус нутгаас төрж гарсан таван найрагчийн ганц номыг гаргаад өгчих сэтгэл дутсан нь үнэхээр ичгэвтэр. Ердөө л их хэмжээний мөнгө хийх л зорилго агуулсан энэ мэтийн нарийндаа хатсан газрууд байна аа, байна.
Одоо зарим сувилалын газрын жинхэнэ “но”-г бичье. Жишээ нь “Хужирт” рашаан сувилалын энгийн өрөө нь урьд өмнө нь өдрийн 50 мянга байсан бол одоо ч бас 50 мянга хэвээрээ байна. Тэгээд зохих ёсны хүнээс нь асуулаа. “Танай сувилал яагаад Эрүүл мэндийн даатгалын газраас гаргасан тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ? 50 мянгын өрөө чинь 25 мянга болох ёстой юм биш үү” гэхэд “Манайх амралтынхаа өрөөнүүдэд засвар хийсэн. Тэгээд 50 мянгын өрөөгөө 75 мянга болгосон. Одоо тэгээд тэр 75 мянгаас 25 мянга нь хасагдаад 50 мянгаар амрааж байна” гэдэг байгаа. Жинхэнэ овжин заль хэрэглэж байгаа биз. Короновирусын хөнгөлөлтийн сургаар өрөөнийхөө үнийг 25 мянган төгрөгөөр нэмчихсэн байгаа юм даа. Одоо тэгээд Эрүүл мэндийн даатгалаас амралтандаа амруулсан хүн болгоны 250 мянган төгрөгийг нөхөж авна. Ямар муухай заль вэ? Тэрхүү 75 мянгын өрөө нь ямар ид шидтэй юм бол гээд сонирхож бас үзлээ. Тэгтэл аль соц нийгмийн үеийн давчуухан өрөөндөө паркетан шал шахаж, хананд нь шинээр обой нааснаас цаашгүй. Ингээд л тэр муу навсгар өрөөгөө 75 мянга гээд үнэлчихсэн байгаа юм. Сүүлийн үед шинээр ашиглалтанд орсон “Ананд-Хужирт”, “Элма-Хужирт”-ын энгийн өрөөнүүд эднийхээс хамаагүй гоё.
Зарим амрагч нар бол Эрүүл мэндийн даатгалаас 250 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлснийг ч огт мэдэхгүй байна. Жишээ нь “Өнгөрсөн жил энд амрахад 50 мянга л байсан, одоо 50 мянган л байна” гэж ярьж байна. Тэгтэл цаагуур нь “Хужирт” рашаан сувилал өрөөнийхөө үнийг битүүхэн нэмчихээд л Эрүүл мэндийн даатгалаас амрагч болгоны 250 мянган төгрөгийг суйлж авахаар шийджээ. Тус сувилал 500 хүний ортой юмсанж. За яахав, 500 биш дунджаар 400 хүнээр бодъё. 400 хүнийг арав хоног амраалаа гэхэд Эрүүл мэндийн даатгалаас 100 сая төгрөг, энэ нь сард 300 сая төгрөг. 400 хүнийг өдөрт 50 мянгаар амраалаа гэхэд 20 сая төгрөг, сард 600 сая төгрөг. Нийтдээ сард 900 сая төгрөг олж байна. Үүнээс гэрэл цахилгаан, ажилчдын цалин, эмчилгээ, хоолны мөнгө хасагдлаа гэхэд үсрээд л 100-200 сая төгрөг хасагдах болов уу. Мөнгө хийх гээд бүр улайрчихжээ. Тэгэхдээ мөнгийг бол ёстой овжин аргаар цөм хийж байгаа биз. Үүнд короно вирусын буян гэж тоймгүй. Энд зөвхөн ганцхан сарыг л 500 биш 400 хүнээр тооцож гаргаж байна. Үүнийг Эрүүл мэндийн даатгалын тогтоол мөрдөгдөж эхэлсэн 2020 оны 2-р сараас эхэлж тооцвол дариу дөрвөн сарын асуудал яригдана. Тэгэхээр дээрхи 900 сая төгрөг өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хичнээн сая болж нэмэгдэхийг чөтгөр бүү мэд.
Дээр нэр дурдсан сувилалын газруудаас “Сэмжид-Хужирт” сувилалын газар яг л “Хужирт” рашаан сувилал шиг хөөрхөн заль гаргажээ. Учир нь короно вирусын сургаар өрөөнийхөө өдрийн үнийг 70 мянган төгрөг болгосон байгаа юм. Тэгээд яахав мөнөөх эрүүл мэндийн даатгалын тогтоолыг хэрэгжүүлж байна гэдгээр эдүгээ өдөрт 45-48 мянган төгрөгөөр хүмүүсийг амрааж байна. “Газарчин-Хужирт”-ын хувьд гэвэл рашаан сувилал биш амралтын газар болохоор Эрүүл мэндийн даатгалын тогтоол бол эднийд хамаарахгүй. Харин Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолыг өнгөрсөн таван сарын хугацаанд яс хэрэгжүүлж ирсэн газар гэвэл “Ананд-Хужирт”, “Элма-Хужирт” хоёр л байх шиг.
Ер нь бүтэн таван сарын хугацаанд зарим нь өрөөнийхөө үнийг нэмээд, зарим нь яг тогтоол шийдвэрийн дагуу явж ирснийг улсын болоод аймгийн эрүүл мэндийн газрын дарга нар яагаад мэдэхгүй явж ирсэн юм бол? Хариуцлагагүй л байна. Эрүүл мэндийн хөгжлийн төв, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт даргын үүрэг гүйцэтгэгч Г.Баясгалан гэж хүн бий. Энэ хүн ийм будлиантай юмнуудыг ойлгохгүй яваа бололтой. Тиймээс Г.Баясгалан дарга та 2020 оны 1-р сарын 31-нээс мөрдөгдөж эхэлсэн Эрүүл мэндийн даатгалын гэрээ чухам хаанаа хэрэгжээд, хаанаа хэрэгжихгүй, элдэв янзын заль хэрэглээд байгааг нэн даруй тодотгох нь зүйтэй биз ээ.
Сэтгүүлч Б.Эрдэнэбат

URL: