М.Энхсайханы хорих ангиас бичсэн захидал

302

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан 409 дүгээр хаалттай хорих ангиас захидал илгээснийг нийтэллээ.

Сонгууль болдгоороо болно. Гэхдээ урьд өмнөх сонгуулиас өөр сонгууль болно.
Өөр гэдэг нь сонгуулийн дүн хэний ч сэтгэлд хүрэхгүй уур уцаар барна.
Хэргийн учир нь сонгуулийн тогтолцоонд байгаа юм.
Энэ тогтолцоо нь улс орнуудын сонгосон сонгуулийн аргаас хамгийн адгийнх нь бөгөөд Сири болон Африкийн ганц нэгэн улсад л хэрэглэгдэж байгаа, цөөнхийн мөнгөнд үйлчилдэг хэмээсэн байна лээ.
Ямарч л байсан сонгогчдын хүсэл зоригийг илэрхийлж чаддаггүй юм байна.
1989 оноос Ардчилал олон орныг хамарсан хэдий ч 2000 онд Сирийн ерөнхийлөгч Асадыг “Зөөлөн зантай шүдний эмч” гэх хүү Асад нь орлох болов.
Гэвч төд удалгүй тар нь танигдаж харгис хэрцгийгээр айдас террорт ард түмнээ автуулсан нь өнөөгийн иргэний дайнд живсэн Сири улс ажээ.
Тэнд өнөөгийн шинэчилсэн хэмээх манай өнөөгийн сонгуулийн тогтол цоог хэрэглэгдэж байгаа гэнэ дээ.
2008 онд сонгуулийн “Block vote” тогтолцоог Монгол Улс туршаад үзсэн. Үр дүнд нь 7дугаар сарын 1-ний эмгэнэлт явдал болсон билээ.
Түүнээс хойш хоёрхон сонгууль өнгөрөхөд бид гашуун түүхээ мартсан, аль эсхүл Сирийн жишгийг санаатай буюу санамсаргүйгээр авсан байж мэднэ.
Сонгууль болдгоороо л болно. Сонгуулийн дүн хэний ч санаанд хүрэхгүй. Тэглээ гээд битгий барьцалдаж арсалдаарай гэж хүсэвч сонгуулийн дараахь Улсын их хурал, Засгийн газрын легитив чанар, ЖДҮ энэ тэр гээд нэр төр чадамжаа алдсан өнөөдрийн УИХ-аас илүү байж чадах нь тунч эргэлзээтэй.
Засгийн газрын тогтвортой байдал ч тун эргэлзээтэй болно.
Оксфордын судалгаагаар өнөөдөр дэлхийд болж буй нийт сонгуулийн гуравны нэг нь “Стандарт бус” гэсэн.
Хууль нь хулгайчаасаа хоцорч байгаагаас ийм явдал болдог гэнэ.
Өрсөлдөгчөө харлуулна, сонгогчдыг худалдан авна гэх мэт сонгуулиас сонгуульд энэ аргууд нь хөгжсөөр сүүлдээ хялбарыг нь бодож сонгуулийн дүнг луйварддаг болчихсон орнууд бий болсон ажээ.
Сонгуулийн ийм цикл Монгол оронд минь ирчихээгүй байгаасай.
Хяналт, ажиглагчдад дотоод гадаад гэлтгүй өргөн бололцоо бий болгож сонгуулийн дүнгээр байгуулагдах УИХ, ЗГ-ын легитив чанар нь дотооддоо хүлээн зөвшөөрөгдөхөөс гадна олон улсад зөвшөөрөгдөх асуудал билээ.
Сонгууль болдгоороо л болно. Хүлээн зөвшөөрөгдөх чадамж буй легитив чанар нь сул болчихвол юун саарал жагсаалт, юун хар жагсаалт, юун Коронавирус болно.
2020 оны эхний улиралд Монгол Улсын эдийн засаг 10 хувь унасан гэж сонслоо. Сонгууль болох гээд төсвийн мөнгийг тараахдаа их л “Өгөөмөр” байгаа дуулдана.
Мөнгө нь авах ёстой эзэндээ хүрч чадаж байна уу, сонгуулийн дараа улс орноороо хэрхэн амьдрах билээ гэж санаа зовох, бүр шоронгоос шүү.
Сонгуулийн өмнө “Өглөгч” байгаад сонгуулийн дараа “Бүсээ чангалагч” төртэй болчихвол өнөө легитив чанар алдагдаж, хямрал биежинэ.
Улс төрийн өрсөлдөгчөө сонгуулийн өмнө зохиомол хэргээр шоронд хийх нь мөн л сонгуулийн легитив чанарыг алдагдуулж буй хэрэг юм.
М.Энхсайхан, Н.Номтойбаяр гээд жагсаалт үргэлжлэх бололтой дог.
Энэ мэт олон шалтгаан хуралдсаар эрх баригчдын хүлээн зөвшөөрөгдөх легитив чанар сонгуультай сонгуульгүй нүд ирмэхийн зуур алдагдахад тэд өөрсдөө гайхсаар түүхийн тавцангаас буух нь яг л дээрээс “Тэнгэр уначихтай” адил ажээ.
Бусдын гашуун түүх сургамж болох болтугай.
2020.06.01.
409 ДҮГЭЭР ХААЛТТАЙ ХОРИХ АНГИ
Мэндсайханы Энхсайхан

URL: