НҮБ-ын тэргүүн эсэргүүцлээ тайвнаар илэрхийлэхийг Америкчуудад уриаллаа

712-15910785375ed5f0bd30b20НЬЮ-ЙОРК. /Reuters/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш арьс өнгөөр ялгаварлах үзэл, цагдаагийн ажилтны гэм буруутай үйлдлийг эсэргүүцэгчдэд тайвнаар жагсахыг, жагсагчдаа сонсож, хүлээцтэй хандахыг АНУ-ын эрх баригчдад уриалжээ.

АНУ-ын өнгөт арьст иргэн Жорж Флойд нэг долоо хоногийн өмнө Миннеаполис хотод цагдаа нарт баривчлагдсаны дараа нас барсныг эсэргүүцсэн иргэд орон даяар жагсаал цуглаан өрнүүлж байгаа юм. Харин зарим хотод тайвнаар эхэлсэн жагсаал эмх замбараагүй байдал болон хувирсан байна.
“Ард иргэд гомдол эсэргүүцлээ илэрхийлэх нь зүй ёсны үйлдэл боловч үүнийгээ тайван замаар хүргэх хэрэгтэй. Эрх баригчдын хувьд жагсагчдад хүлээцтэй хандах ёстой” гэж А.Гутеррешийн хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик даваа гарагт мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ж.Флойдын нас барсан хэргийг мөрдөн шалгахыг Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчооноос хүссэн хэдий ч үүсээд буй нөхцөл байдлыг намжаах томоохон мэдэгдлийг хараахан хийгээгүй байгаа ажээ. Мөн тэрбээр хэд хэдэн жиргээндээ, жагсагчдыг “танхай этгээдүүд” хэмээн нэрлэж, тэдний эсрэг “хатуу” арга хэмжээ авахыг захирагч нарт уриалсан байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL: