“Ремдесивир” эм нааштай үр дүн үзүүллээ

214

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын “Gilead” компанид гарган авсан “ремдесивир” вирусний эм “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийг эмчлэхэд нааштай үр дүн үзүүлж буйг сүүлийн үе шатны туршилт харуулсан байна.

“Манай компанийн “энгийн” туршилтаар “ремдесивир”-ийн таван өдрийн эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдийг энгийн асаргаанд байсан өвчтөнүүдтэй харьцуулахад 65 хувийнх нь биеийн байдал 11 дэх өдрөөс сайжирсан” гэж “Gilead” компани даваа гарагт мэдээлжээ.

Мөн Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн өөр нэгэн судалгаагаар “ремдесивир” уусан өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэх хугацаа идэвхгүй нэгдэл уусан өвчтөнүүдийнхээс 31 хувиар буурсан байна.

Япон нь “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийг эмчлэхэд “ремдесивир”-ийг ашиглах зөвшөөрлийг албан ёсоор олгосон цорын ганц улс юм. АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар /FDA/ уг эмийг яаралтай тусламжийн эмийн зориулалтаар буюу хүнд өвчтөнүүдэд уулгахыг зөвшөөрчээ. “FDA” энэ эмийн талаарх судалгаануудын үр дүнг сайтар судалж байгаа бөгөөд албан ёсны зөвшөөрлийг хараахан олгоогүй байна.


URL: