Трамп: Шаардлагатай бол Зэвсэгт хүчнийг дайчилна

185

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Миннеаполис хотод цагдаагийнхан баривчилгааны үеэр санамсаргүйгээр өнгөт арьст Жорж Флойдын амь насанд хүрсэн нь тус хотын оршин суугчдын бухимдлыг төрүүлж, иргэд арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байна хэмээн үзэж тайван жагсаал хийж эхлэсэн ч удалгүй энэ нь эмх замбараагүй байдал болон хувирсан юм.

Миннеаполис хотоос эхтэй эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал АНУ даяар дэгдэж, тус улсын олон хотод хөл хорих цаг тогтоогоод байв.

Флойдын хэрэг: Вашингтонд хөл хорих цаг тогтоож, Трамп “нуугджээ”

АНУ даяар тархсан энэхүү эмх замбараагүй байдалд цэг тавихын тулд тус улсын засгийн газар иргэний болон цэргийн бүхий л нөөцөө дайчлахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэнийг  NBC агентлаг дамжууллаа.

“Энэ бол эсэргүүцлийн тайван жагсаал биш харин дотоодын терроризмын үйл ажиллагаа. Гэм зэмгүй хүмүүсийг хөнөөх нь хүн төрөлхтөн болон Бурханы эсрэг үйлдэж буй гэмт хэрэг” хэмээн Трамп сүүлийн өдрүүдэд өрнөж буй эмх замбараагүй байдалтай холбоотойгоор ард түмэндээ хандан хийсэн мэдэгдэлдээ онцолсон байна.

Түүний өгүүлснээр, сүүлийн өдрүүдэд  АНУ мэргэжлийн анархистууд, хэрцгий хүмүүс, галдан шатаагч, тонуулч, гэмт хэрэгтнүүдэд эзлэгдсэн гэнэ. Энэ нөхцөл байдлаас гарахын тулд Үндэсний гвардынхныг шаардлагатай хэмжээгээр дайчлахыг мужуудын захирагч нарт санал болгожээ.

“Аль нэг хот эсвэл муж оршин суугчдын амь нас, өмч хөрөнгийг хамгаалахад шаардлагатай арга хэмжээ авахаас татгалзвал би Нэгдсэн Улсын зэвсэгт хүчнийг дайчлан, тэдний өмнөөс энэ асуудлыг шийдвэрлэнэ”  хэмээн Америкийн Ерөнхийлөгч мэдэгджээ.

Энд дуулгахад, өнгөрсөн долоо хоногт Миннеаполис хотод өнгөт арьст эр цагдаагийнханд баривчлагдах үеэрээ амиа алдсанаас үүдэлтэй эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал сүүлийн өдрүүдэд АНУ даяар өрнөж, байдал намжихгүй байгаа юм.

Орон даяар өрнөсөн эмх замбараагүй байдлын улмаас олон хүн гэмтэж бэртэн, амь насаа алдсан тохиолдол ч гарсан бөгөөд Калифорнид гэхэд л цагдаагийнхан жагсагчдыг зэрлэгээр зодсон хэрэг гарсан талаар АВС мэдээлсэн байна. Тухайн  үед цагдаагийнхан жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглан, үүний дараа бороохойгоор зодож эхэлжээ.

Харин Нью-Йоркийн цагдаагийнхны үйлдэл дэлхий дахины анхаарлыг татаж байна. Тэд Дональд Трампын эзэмшлийн зочид буудлын өмнө өнгөт арьст жагсагчдын өмнө өвдөг сөгдөн уучлалт гуйсан нь өнгөрсөн өдрүүдэд хэвлэлийнхний гол сэдэв боллоо. Түүгээр ч зогсохгүй Америкт хүчнийхэн  жагсагчдын эсрэг зогсохоос татгалзаж, цагдаагийнхан сэжигтэнд зэрлэгээр ханддагийг эсэргүүцэн, дуу хоолойгоо нэгтгэх болсон гэсэн мэдээлэл ч гарчээ.

Тэгш эрхийн төлөө эхлүүлсэн тэмцэл аажимдаа дээрэм тонуул болон хувирсан мэдээлэл Америкийн хэвлэлүүдээр олонтаа гарч байна. Тухайлбал Мичиганд эмх замбараагүй байдлын үеэр хүмүүс спортын дэлгүүр рүү дайран орч, гарт таарсан бүхнээ авч, дээрэмдэж байгаа бичлэг тархжээ.

 

АНУ: Амь нэхсэн жагсаалд өөр нэг амь хохиров

 

АНУ: Өнгөт арьстан VS цагаан арьст цагдаа буюу Фергюсоны хэрэг давтагдах уу?

 

Г.Бямбасүрэн


URL:

Tags: