“Тун удахгүй шинэ уран бүтээлээрээ уулзана”

152

Энэ удаагийн “Өөр зочин”-оор “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн 2018 оны шилдэг оролцогч Б.Золжаргалтай ярилцлаа.

-Та танай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Б. Золжаргал гэдэг. Өмнөговь аймагт төрсөн. Аймгийнхаа арван жилийн сургуулийг төгсөөд, 2003 онд Улаанбаатар хотод ирж  МУИС-ийн Герман хэлний багш орчуулагчийн ангид элссэн. 2006 онд Герман улс руу Олон улсын сурвалжлагч мэргэжлээр суралцахаар явж, тэндээ долоон жил ажиллаж амьдарсан. 2013 онд эх орондоо ирээд Отгонтэнгэр их сургуульд Эрх зүйч мэргэжлээр суралцсан. Би цаг үргэлж өөрийгөө хөгжүүлж, сурч боловсрохыг зорьдог. Сурч боловсрох тусам өөрийгөө таньж, олон зүйлийн учрыг ойлгож явна.
-Дуу хөгжимтэй хэзээнээс амьдралаа холбосон бэ?
-Би багаасаа л дуунд дуртай, дуулах хоббитой хүүхэд байсан. Арван жилийн сурагч байхдаа урлагийн үзлэгээс эхлээд бүх л тэмцээн уралдааныг алгасалгүй оролцдог идэвхтэн байлаа. Гэхдээ хөгжимтэй амьдралаа салшгүй холбосон үе бол Германд сурч байсан он жилүүд юм. Учир нь тэнд би амьд хөгжмийн хамтлагт дуулж эхэлсэн. Манай хамтлаг гурван гишүүнтэй бөгөөд би долоон жил гоцлож дуулсан. Энэ үеэс л хөгжимд дурлаж, холдож чадахааргүй болсон.
-“The Voice of Mongolia” шоу нэвтрүүлэгт яагаад орох болов?
-Манай нөхөр Анууш энэ шоу Монголд болох гэж байгааг сонсоод намайг орохыг зөвлөсөн. Мэдээж надад маш их таалагдсан л даа. Гэхдээ би ганцаараа  орохыг хүсээгүй. Тиймээс нөхрөөсөө хамтдаа орохыг гуйсан. Тэгээд ярилцаж байгаад бид хоёр хамтдаа оролцсон.
-Та шүүгчээ сонгохдоо юуг нь голлож харсан бэ?
-Миний сонсох дуртай дуучин бол Celion Dion. Би түүний дуунуудаас хэзээ ч уйдахгүй. Тиймээс нэгдүгээр шатандаа Celion Dion-ний “Immortality” дууг дуулсан. Энэ дууны үг, утга нь маш их таалагддаг. Германд байхдаа энэ дууг дуулдаг байсан. Би “Voice”-н тайзан дээр ерөөсөө сандраагүй. Энэ том дэлхийн шоунд оролцож, өөрийгөө сорьж үзэхээр шийдсэн болохоор ч тэр үү, их тайван дуулсан. Дуугаа дуулж байхдаа шүүгч нар эргэж харахгүй болохоор нь эмээж байсан ч сайн дуулаад л дуусгая гэж бодсон. Гэтэл төгсгөлд нь шүүгч С.Ононбат, Д.Отгонбаяр, Ука гурав эргэж харсан. Тэгээд дасгалжуулагчаа сонгох хүндхэн даалгавартай тулсан даа. Би өөрийнхөө хамгийн сайн мэддэг хүнээ л сонгоно гэж бодсон. Тэр хүн бол мэдээж манай багийн дасгалжуулагч “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр ах байсан.
-Д.Отгонбаяр шүүгч багийнхнаа хэрхэн дасгалжуулдаг байсан бэ? 
-Манай дасгалжуулагч их чанга хүн. Өглөө 08:00 цагт цугла гэвэл яг цагтаа ирэхийг шаардана. Хоцорвол шийтгэлтэй, шийтгэл нь илүү цагаар бэлтгэл хийх. Бэлтгэлээ тараад гэртээ шууд харьж амар гэдэг. Хоорондоо танилцаад, найзууд болоод удаагүй хүмүүс чинь гадуур хааяа нэг уулзана. Тэр үед хэдийнэ мэдчихсэн “Та нар хаашаа явах гээд байна. Гэр рүүгээ харь. Харьж байна уу. Гэртээ байгаагаа шалгуул. Одоо унтаж амар, наад хоолойгоо амраа” гээд араас утасдана. Дасгалжуулагч маань бид нарт хамаг сэтгэлээ зөвлөж өлсөж, цангах, идэж уух бүх зүйлд анхаардаг байсан. Энэ нь бид нарт маш их хариуцлагыг өгдөг. Дасгалжуулагч ингэж хичээж байхад бид итгэлийг нь алдах ёсгүй гэж хичээнэ. Би энэ тэмцээнд орсноор маш их зүйлийг ойлгож, сурсан. Багийн ажиллагаа ямар байдаг, урлагийн хүмүүс яаж ажиллаж уран бүтээл хэрхэн төрдгийг мэдэж авснаар надад маш том туршлага болсон. Тухайн үед өөрийгөө тийм хол явна гэж бодоогүй. Багийнхаа шилдэг дөрөвт үлдэж чадсандаа үнэхээр их баярладаг.
-Тэмцээний үед танд хүндрэлтэй зүйлс тулгарч байв уу. Хөл хүнд байсан билүү?
-Тийм ээ, тухайн үед би гурван сартай жирэмсэн байсан. Өглөө 08:00 цагаас цуглаад хоёр цаг бэлтгэл хийнэ. Хоёр цаг амраад дахиад бэлтгэл хийнэ. Өдөр болгон энэ байдлаар бэлддэг байсан. Гэхдээ ядарсан ч гэсэн өөрийнхөө дуртай зүйлийг хийж байгаа болохоор жаргалтай байсан.
Сүүлийн шатанд “Харанга” хамтлагийн “Амьдрал” дууг дуулсан. Зөөлөн эмэгтэйлэг хувилбараар хүмүүст сонсгохыг хүссэн. Жирэмсэн хүний хоолой нь өөрчлөгддөг юм билээ. Зарим хүний хоолой хүчтэй, илүү тод болдог бол минийх эсрэгээрээ  бүр гарахгүй байсан.
-Таны нөхрийг дуучин, хөтлөгч Э.Гантулга гэдгийг хүмүүс мэддэг болсон. “The Voice of Mongolia” шоунд нөхөртэйгөө хамт оролцсон нь ховор тохиолдол байх?
-Бид хоёр шоунд оролцох болчихоод шүүгчид эргэж харах болов уу, ямар хүмүүс шүүх бол гээд ярилцдаг байсан. Шүүгчдийг нууц байлгасан учраас хүлээлт их байсан. Өөрөө дуулахдаа сандраагүй ч ханиа дуулахад маш их сандарсан. Миний хань дээр шүүгчид эргэж хараагүй. Тэр үед би нулимсаа барьж дийлээгүй. Яагаад уйлснаа ч ойлгоогүй, гэхдээ шүүгчдэд гомдоод уйлсан байх./инээв/
-Нөхөртэйгөө хамтарч уран бүтээл хийх төлөвлөгөө байна уу?
-Байлгүй яах вэ. Манай гэр бүлийн хамгийн том төлөвлөгөө мөрөөдөл юм. Одоо бид хоёр нэг уран бүтээл дээр хамтран ажиллаж байгаа. Цаашдаа нэлээд олон уран бүтээл гаргах төлөвлөгөөтэй. Үзэгчиддээ гэнэтийн бэлэг барина.
Манай хүн маш олон талын авъяастай. Ханиасаа үлгэр дуурайлал авдаг. Надад зөвлөгөө байнга өгдөг. Миний хань бол сайн хань, сайн багш бас хамгийн шилдэг аав. Би ханийнхаа зөвлөгөөг дагах их дуртай.
-Одоо бие даасан уран бүтээлдээ орсон гэсэн. Урын сандаа хэдэн уран бүтээлтэй болсон бэ? 
-Одоогийн байдлаар таван уран бүтээлтэй болжээ. Л.Балхжав ахын хоёр дуу, А.Болорхүүгийн хоёр дуу, нэг нь манай нөхрийн зохиосон дуу байгаа. Энэ таван дуугаараа цомог гаргасан ч, нээлтээ хийж чадалгүй завсарлачихлаа.
Гэхдээ дуртай дуучныхаа дуугаар Cover хийж дуулж байгаа. Үзэгчдээс энэ дууг дуулаач, дуулахыг чинь сонсмоор байна гэсэн хүсэлтүүд их ирдэг. Ирсэн хүсэлтүүдээс харж байгаад дуугаа сонгож дуулж байна. Хааяа хурим найранд уригддаг. Тэр үедээ эдгээр дуунуудаасаа ая дуугаа өргөдөг.
-Та гольф тоглодог гэсэн. Энэ спортоор хичээллэхийн давуу тал гэвэл?
-Сүүлийн үед гольфийн тамирчин болж байна гэхэд хилсдэхгүй. Гольф тоглоход хүн өөртэйгөө харьцаж сурдаг. Ямар нэгэн юманд төвлөрөх, өөрийгөө чагнаж сонсоход тустай, зөв төлөвшлийг олгодог юм шиг санагдсан. Өөрийнхөө үнэлгээг нэмэгдүүлэх, өөртэйгөө тэмцэж чадаж байгаа юу гэдгээ гольф тоглож байж мэддэг.
Б.Оюунзул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: