Б.Баярмагнай: Хэрвээ зэвсэгт хүчинд золиос гэж байх ёстой юм бол тэр нь би байг

1590634500_12Монгол Улсын зэвсэгт хүчний үе үеийн генералуудаас үзэл бодлоо чөлөөтэй, зоригтой илэрхийлж чаддаг хүний нэг нь бэлтгэл генерал Б.Баярмагнай.
Тэрбээр үүрэгт ажлаа хүлээлгэж өгснөөс хойш хэсэгтээ нам жим байсан ч шуугиан дагуулсан бичлэг, нийтлэлээ сошиалд байршуулснаар олны анхаарлыг татаад буй. Өдгөө Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, Монголын артиллерийн цэргийн холбооны тэргүүн гээд сонгуульт ажлыг хашиж буй түүнтэй хэвлэлийнхэнд тэр бүр ам нээж байгаагүй сэдвээр энэ удаа ярилцсан юм. Ингээд бэлтгэл генерал Б. Баярмагнайтай ярилцсанаа хүргэе.
-Ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа. Тантай уулзах амаргүй байлаа?
-Заримдаа зав маруухан болчих юм. Хоёулаа миний өмнө нь өгч байсан ярилцлагуудаас өөр сэдвээр ярилцана биз дээ.
-Тэгэлгүй яахав. Цахим орчинд тагнуул, прокуророос гадна зэвсэгт хүчнийхэн хэр баргийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэггүй. Илэрхийлсэн ч маш цензуртэй ханддаг. Гэтэл та “Монгол Улсын тусгаар тогтнолд гаднынхан заналхийлж байна”, “Үндэсний аюулгүй байдал алдагдлаа” гэдгээс эхлээд нэлээд ноцтой асуудлаар үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ нь олон хүнд хүрч, ихээхэн дэмжлэг авсан харагдана лээ. Үе үеийн генералууд дунд тан шиг ингэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, зоригтой дуугарсан хүн бараг байхгүй болов уу. Та бэлтгэл генерал гэдэг утгаараа үүнд хандав уу. Эсвэл хувь хүний өөрийн тэсрэлт байв уу?
-Тангараг өргөсөн цэргийг эрхээ хасуулсан алба хаагчид гэж хэлж болно.
“Монгол Улсын иргэн би Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлнэ” гэж тангараг өргөж үүрэг хүлээдэг Үүргийнхээ дагуу дарга, захирагчийн өгсөн даалгаврыг ягштал биелүүлэх ёстой. Бид бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гаднын зэвсэгт халдлага, түрэмгийлэгчдээс хамгаалах үндсэн чиг үүрэгтэй бэлтгэгдэж, сургагдсан цэргүүд. Түүнээс биш дотоод руу хандах үүрэг байхгүй. Тайван цагт гүйцэтгэх үүрэг гэж хуульчилсан Ю-аад үүрэг бий. Энэ нь бидний зэвсэглэл техник, гүйцэтгэх үүрэгт зохицсон байдаг. Жишээлбэл, онцгой байдал, цагдаагийн байгууллагын алба хаагчид иргэдтэй харьцдаг учир аливаа эрсдэлээс сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээлэл түгээх нь тэдний үүрэг Гэтэл бид бол зэвсэг бариад эх орноо харийн дайснаас хамгаалдаг учраас “Бид харийн дайснаас эх орноо ингэж хамгаалж байна” гэж ярих нь зохимжгүй.
Эрх нь хасагдсан гэж хэлсэн. Нэгэнт эрхээ хасуулсан алба хаагчид дарга, захирагчийнхаа өмнөөс өөрийн үзэл бодлоо илэрхийлэх зохимжгүй бөгөөд байх ёсгүй зүйл. Тиймээс би 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр цэргийн жинхэнэ албанаас бэлтгэснээр халагдаж, бэлтгэл генерал болсон учир энгийн иргэний хуваарь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Тиймээс ч үгээ илэрхийлсэн.Өөрийн үзэл бодлоо илэрхийлдэггүй, дотроо хадгалж явдаг олон генерал, хурандаа бий.Яахав, зарим нэгнийх нь хувьд албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаатай холбоотой. Нөгөө талаасаа зарим нэг нь “Нэгэнт тэтгэвэртээ гарч 60 насны босго давсан. Хэндээ хандах вэ” гэдэг утгаар гавьяаныхаа амралтыг эдэлдэг. Энд нэг зүйл цохож хэлэхэд, манай генерал, дарга нар улс төрийн намын нөлөөлөл, шахалтаар томилгоонд ордог болсон. Та ч мэдэх байх. Сонгуулийн дараа шахааны хүмүүс албан байгууллагуудад шургалдаг даа. Бусад байгууллагууд ийм хууль бус үйлдэлд автаж болдог юм байна гэж муйхраар бодъё л доо. Гэтэл хүчний байгууллагад ийм зүйл байх ёсгүй.Бид бол эх орноо хамгаалахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа энгийн цэргүүд.Нам болоод улс төрөөс хэзээд ангид байх ёстой. Улс төрийн томилгоо ороод ирэхээр албан тушаал, цалин хангамж буураад ч болов аль нэг албанд үлддэг л дээ. Гэхдээ л ингэж болохгүй. Генерал, хурандаа нарын хувьд тэтгэвэрт суух нас хүрэхээр тав хүртэлх жилээр нэг удаа сунгана гэж хуульд заасан байдаг. Энэ байдал манай салбарт хоёр янзаар өөрчлөлт орж байна. Нэгдүгээрт, эдийн засаг тогтвортой байдал нь цэргийн алба хаагчид албаа үргэлжлүүлэн хаах сонирхлыг нэмэгдүүлдэг. Гэтэл эдийн засгийн савлагаанд орж ирэнгүүт алба хаагчид эргэлзэж эхэлсэн.Бараг 5,000 алба хаагчид ажлаа хүлээлгэж өгч, тэтгэвэртээ суух өргөдөл өгсөн байх.Яагаад гэхээр энэ албанд насаараа зүтгэснийхээ төлөө 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг нэг удаа авах ёстой байтал үүнийгээ авч чадахгүй үлдэх вий гэсэн айдас төрсөн нь энэ. Улс орны төсөв энэ их ачааллыг даахгүй нь ойлгомжтой. Хоёрдугаарт, хурандаагаас дээш шатанд улс төрийн нөлөөлөл оронгуут “Хөөгдөн барин ажиллах шаардлага байна уу. Эртхэн ажлаа хүлээлгэж өгье” гэдэг хандлага ихэссэн. Яг ийм сэтгэхүйгээр албаа хүлээлгэж өгсөн тохиолдол маш ховор. Ховор тохиолдлынх нь нэг нь би. Өөрийгөө болон гэр бүлээ золиослон байж албан тушаалаа хүлээлгэж өгсөн. Хүүхдүүд маань их дээд суралцах насных. Төрийн албыг ашиглаж нэгийг нь ч тэтгэлгээр сургаж чадсангүй.

ГЕНЕРАЛ ЦОЛ БОЛ ХУВЬ ЗАЯАНЫ ЦОЛ

-Та дөнгөж 45-хан насандаа чөлөөнд гарсан. Гэр бүлээ хохироон байж ажлаасаа чөлөөлөгдөх шаардлага байсан юм уу?
-Ийм бусармаг зүйлийг эсэргүүцэж хэн нэгэн дуу хоолойгоо хүргэх ёстой. Хэрвээ золиос гэж байх ёстой юм бол тэр нь би байг.
-Тэгээд жишиг болж чадсан уу?
-Үгүй яахав. Нэг хүний үйлдлээр дуусчих асуудал биш. Та надаас ярилцлага авч байна гэдэг нь миний гаргасан шийдвэр нийгэмд тодорхой хэмжээгээр нөлөөлсний илэрхийлэл. Миний бичсэн нийтлэл сошиалд маш олон хандалт авч, түгээгдсэн. “Энэ юу болж байна вэ. Цэргийнхэн яагаад залуугаараа тэтгэвэрт гарч, дуугарч эхлэв” гэдгээс эхлээд анхаарал хандуулж байна гэхээр миний гаргасан шийдвэр үр дүнд хүрсэн л гэсэн үг. Хуульд зэвсэгт хүчин улс төрөөс ангид байна гэж заасан хэр нь энэ нь амьдралд хэрэгжиж байна уу.Уг нь энэ хатуу заалтыг ягштал биелүүлэх ёстой биз дээ. Манай төрийн бүх яам, агентлагуудад хэлтсийн даргаас дээших бүх албан тушаалыг улс төрийн нөлөөгөөр томилж байна. Сонгуулиар сөрөг нам ялахад хуучин улс төрийн томилгоотой албан тушаалтнуудыг шинэ улс төрийн томилгоотой хүнээр солино. Улс төрийн томилгоогоор очсон хүн халаагаа өгөхдөө бүх мэдээллээ устгадаг буруу жишиг тогтсон нууц биш. Энэ нь маш их хортой үр дагавар дагуулдаг. Жишээ нь, Гадаад харилцааны яаманд гэхэд бүх мэдээллийг устгалаа гэхэд гадаад харилцаанд ноцтой үр дагавар учирна. Ингэхээр гаднын байгууллагынхан “Өмнө нь ярилцсанаараа хамтын ажиллагаагаа үргэлжлүүлье’’ гэхээр шинээр ирсэн дарга нь “Ямар хамтын ажиллагаа. Мэдэхгүй” гээд суучихдаг. Катарын генерал найз маань “Надад 2-3 чемодан бичиг байна. Дарга солигдохоор бүх зүйлийг эхнээс нь хийх болох юм” гэж үгээ барсан. Ийм тогтолцоо зэвсэгт хүчинд тохирохгүй ээ. Бид чинь буу бариад эх орноо хамгаалдаг цэргүүд. Хэрвээ буу барьсан цэргүүдийг, дарга нарыг улстөржүүлбэл худалч хүнд дайн болно биз дээ. Цагдаа, тагнуулыг өөрсдийн эрх ашигт ашигладаг шигээ зэвсэгт хүчнийг ашиглаж болохгүй. Тиймээс л би үүний эсрэг зогсох ёстой гэж бодсон юм.
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2009 онд ажлаа хүлээж авсныхаа дараахан танд генерал цол олгосон. Гэтэл 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн та албан тушаалаа хүлээлгэж өгсөн. Уг нь таны тэтгэвэртээ суух нас болоогүй, дээр нь хуулийн дагуу тав хүртэлх жилээр албаа сунгуулах эрх нээлттэй байсан. Ажлаа хүлээлгэж өгсөн шалтгаанаа та дээр тайлбарласан л даа. Гэхдээ магадгүй “Олны үг оргүй” гэдэг шиг таныг экс Ерөнхийлөгчийн хүн гэж харддаг байсантай холбоотой байхыг үгүйсгэж боломгүй юм шиг ээ?
-Энэ асуултыг асуусанд маш их баярлалаа. Би их азтай хүн. Генерал цол бол хувь заяаны цол. Хувь заяа түших л юм бол генерал болдог гэж цэргийнхэн ярьдаг. Хэрвээ би Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гурав, дөрөв дэх генерал болох хувь тавилан байсан бол өнөөдөр миний мөрөн дээр генералын мөрдэс байхгүй байсан болов уу. Яагаад гэвэл, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж үүрэгт ажлаа дөнгөж хүлээж аваад зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэрээ “Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын зэвсэгт хүчний нэр төрийг өндөр өргөж яваа, энхийг сахиулах ажиллагааг биеэр удирдсан, гадаадад цэргийн дээд боловсрол эзэмшсэн ийм алба хаагчдаа дэмжинэ” гэж хэлсэн. Тэгэнгүүт Батлан хамгаалахын сайд асан Л.Болд “Ийм хүнийг ол” гэж даалгавар өгч судлуулсан юм билээ. Тухайн үед би Дархан-Уул аймагт ангийн захирагчаар ажиллаж байлаа. Судалгаа энэ тэрийг ч мэдээгүй. Энхийг сахиулах ажиллагааг биеэр удирдсан, гадаадад цэргийн дээд боловсрол эзэмшсэн 30 гаруй хүний судалгаа гарсан гэсэн. Эндээс 084 дүгээр ангийн штабын дарга, хурандаа С.Түвшинбаяр, Батлан хамгаалах яаманд ажиллаж байсан хурандаа Д .Ганхуяг бид гурвыг үлдээж. Ингээд “Ярилцлага хийе” гэж яамнаас дуудахаар нь “Зэвсэгт хүчний жанжин штабын даргын зөвшөөрөлгүй очих ёсгүй” гэтэл “Танай дарга нарт хэлсэн. Сайд дуудаж байна” гэхээр нь очлоо, уулзлаа. Их юм асууж байна. “Өөрийгөө танилцуул” гэхээр нь Иракын эрх чөлөө ажиллагаанд анхны монгол цэрэг явсан ажиллагаа, анхны Сьерра Леон ажиллагаа хоёуланг нь удирдсан. Дээр нь АНУ-ын Хуурай замын цэргийн дайн коллеж болон Хуурай замын цэргийн Команд штабын коллежийг төгссөн гэдгээ хэлсэн. Ингэхээр экс Ерөнхийлөгчийн шаардлагыг 100 хувь хангаж байгаа биз. Гэхдээ хувь хүн талаасаа Б.Баярмагнай гэж хэн бэ гэдгээс их зүйл шалтгаалсан болов уу. Хожим сонсоход өнөө хоёртой маань ч гэсэн ярилцлага хийсэн байна лээ. Дараа нь Л.Болд сайд дуудаад “Чамайг ийм шалтгаанаар сонгосон.
Гэхдээ сайдын эрх мэдлийн хүрээнд зөвхөн Ерөнхий хянан шалгагч гэдэг алба тушаалыг томилох эрхтэй юм байна” гэж хэлсэн. Ингээд өнөө албан тушаалд нь томилогдлоо. Гэтэл хошууч генерал месттэй албан тушаал байж таарсан. Удалгүй миний местийг хурандаа месттэй болгож, өөрчилсөн. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд дээд офицерын цолын зэрэглэл, ангиллыг баталдаг шүү дээ. Дараа нь Жанжин штабын дэд .даргыг сайд томилдог хуулийн заалт шинээр орж ирсэн юм. 2009 онд Жанжин штабын даргаар Ц.Бямбажав генерал томилох үед би дэд даргаар томилогдсон. Намайг ажлаа авахын өмнө ЗХЖШ таван орлогчтой байж байгаад миний үед гурав болж цөөрөөд, сүүлдээ бүр нэг болгож цөөрүүлж би ганцхан орлогч болсон.
-Тэгэхээр танд тааруулахын тулд олон өөрчлөлт хийсэн болж таарах нь?
-Энэ нь надад тохируулсан өөрчлөлт биш, нэг талаар ЗХЖШ нь барууны цэргийн жишиг бүхий шинэ бүтцэд шилжсэнтэй холбоотой. Нөгөө талаар сайд ЗХЖШ-ын орлогчийг томилдог байх хуулийн өөрчлөлт орсонтой холбоотой.
-Нэг хүнийг албан тушаалд томилохын тулд бүхэл бүтэн журам өөрчилсөн гэхээр иргэд хардаж, сэрдэх нь аргаггүй л юм байна?
-Эрх мэдлийн хувьд манай улсад буруу жишиг тогтчихсон. Би аль болох энгийнээр тайлбарлахыг хичээе. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч нь Монгол Улсын Ерөнхийлөгч биз дээ. Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-тай зөвшилцөж шууд томилох эрхтэй. Сайдыг УИХ-аас томилдог. Гэхдээ Ерөнхий сайдын мэдэлд байна. Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд хоёр хуулийн хүрээнд харилцах ёстой. Өөрөөр хэлбэл, Батлан хамгаалахын сайд иргэний хяналтыг тавих, төрийн захиргааны удирдлагыг хариуцах эрхтэй. Харин цэргийн мэргэжлийн удирдлагыг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хариуцдаг. Хоёр тусдаа удирдлагатай учраас эдгээрийн хооронд дандаа зөрчил үүсдэг. Жанжин штаб нь Монголдоо хамгийн том агентлаг хэр нь Цөмийн энергийн газар юм уу, Усны асуудал эрхэлсэн газар зэрэг 20, 30-хан ажилтантай агентлагтай ижил төвшинд байдаг байв. Дээр нь Батлан хамгаалах яамны цорын ганц агентлаг.
-Залуугаараа генерал мөрдэс зүүж, карьераа амжилттай эхлүүлсэн хэр нь богино хугацааны дараа чөлөөнд гарсан. Энэ нь танд хэр шударга санагддаг вэ?
-Өнөөгийн нөхцөл байдлыг үнэлсэн юм. Энэ талаар надаас олон хүн асуусан. Гэхдээ хэнд ч тайлбар хэлээгүй. Зөвхөн танай сонины уншигчдад хэлье. 2015 онд Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар Д .Даваа генерал томилогдохдоо “Би таны удирдлага дор зургаан жил ажилласан. Таныг түшиж ажиллана” гэж хэлсэн болохоор ажил өөрчлөгдөх талаар юм бодож явсангүй. Гэтэл аравдугаар сард нь эмнэлэгт хэвтэж байтал “Өнөөдөр” сонины 26-ны өдрийн дугаарт “Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга Б.Баярмагнай НҮБ-ын секторын командлагчаар үүрэг гүйцэтгэх болсон тул ажлаас нь чөлөөлөхөөр болжээ” гэдэг нийтлэл гарсныг манай найз авчирч өглөө. Гэтэл ямар юмаараа тийм юм байхав гээд өнгөрсөн. Хамгийн хачин нь 27-ны өдөр нь намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон гаргасан. Намайг мэдэхгүй зарим хүн НҮБ-д үүрэг гүйцэтгэх гэж ажлаа хүлээлгэж өгч гэж бодсон байх.
-Ц.Цолмон сайдтай уулзсан уу?
-Уулзсан. “Ажлаас чөлөөлсөн үндэслэлээ хэлээч” гэхэд хуулийн үндэслэл огт байгаагүй. “Намын дарга сонгуулийн жил учир 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө өөрийн хүмүүсээ байршуул гэж хэлсэн. Та энэ албан дээр зургаан жил ажиллаж. Нөгөө талаасаа нутгийн хүмүүс намайг ятгаад байна. Солихоос өөр аргагүй боллоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Би амралтаа аваад хэд хоног бодъё” гэж хэлчхээд Сэлэнгийн Ерөө суманд аавын дүүгийндээ очоод хэсэг бодсон. Аав, ээжээсээ ч, эхнэрээс ч асуулгүйгээр ажлаас гарах шийдвэр гаргасан. Эргэж ирэхэд Нью-Иорк хот дахь Байнгын төлөөлөгчийн газарт цэргийн зөвлөхөөр ажиллуулахаар төлөвлөчхөж. Ажиллаж байсан хүнийх нь гэрээ дуусахад хоёр сарын хугацаа дутуу байхаар нь “Ажлаасаа гарахдаа хүртэл хэн нэгэнд гай болоод яахав. Хоёр cap ч болтугай ажлаа тайван хийг дээ” гэж бодоод өргөдлөө цохуулсан. Ц.Цолмон сайд гайхаж “Дараагийн ажлыг чинь бэлдээд байхад яаж байгаа юм бэ. Чамайг халаагүй. Зүгээр л чөлөөлсөн” гэхээр нь “Ажил хийх сонирхол алга” гэж хэлчхээд гарсан.
-Хэтэрхий түргэдсэн юм биш үү?
-Огт тэгж боддоггүй. Ажлаа хүлээлгэж өгөхдөө ‘Тушаалыг 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр гаргачхаарай. Амралтаа дуусгаад ажил хүлээлгэж өгөх бэлтгэлээ хангая” гэж хэлсэн. Тушаал ч энэ дагуу гарсан. Ажлаа хүлээлгэж өглөө. Юу хийх, яахаа мэддэггүй. Төлөвлөсөн зүйл юу ч байхгүй. 60 хүртлээ ажиллана л гэж бодож явсан хүн шүү дээ. Ганцхан зүйлийг л их бодсон.
Байлдагч байхаасаа шал арчиж, шанаа авч, даргадаа загнуулаад өвлийн хүйтэнд шалдан зогсож байсан жирийн нэг цэргээс эхлээд офицер болж, салаан захирагчаас эхлээд ангийн захирагч болж, цаашлаад Зэвсэгт хүчний жанжин штабын хошууч генерал цолтой дэд даргын алба хаасан бүх хугацааг эргүүлж бодсон. Ийм сайхан гэгээн түүхэнд улс төрийн бохир тоглоом оруулах муухай биз дээ.Цэвэр ариунаар нь хааж чадвал эргээд дурссан ч, эргээд харсан ч сэтгэлд өег байна гэж бодсон.
-Та ажлаас өгчхөөд ХҮН-д элссэн санагдаж байна?
-Салбар бүрийн шилдэг залуучууд эвлэлдэн нэгдэж, ХҮН-ыг байгуулсан юм. Бодлого нь зөв. Харамсалтай нь гаднаас том намууд хавчиж, дотроо эрх мэдлийн төлөө тэмцэлдэн нурсан. Улс төрийн нам яаж байгуулагддаг яаж санхүүждэг, санхүүжилтээ яаж босгодог, яаж таран бутардаг вэ гэдгээс эхлээд олон зүйлийг тэндээс сурч, мэдсэн. Дөрөвхөн сарын дотор шүү дээ.
-Дараа нь Дундговь аймагт бие дааж нэр дэвшсэн байх аа?
-Тэгсэн. Сонгууль болоход ердөө хоёрхон сарын хугацаа дутуу байхад нэр дэвшихээр шийдэж байлаа. Их бөх зүрхтэй байгаа биз. Өрсөлдөгчөө судалтал 8-16 жил тэр тойрогт ажилласан хүмүүс байдаг юм даа. Өөрийгөө харлаа. Намайг Дундговь аймгаас төрсөн гурав дахь генерал гэдгээр минь мэдэхээс биш хувь хүний талаар юу ч мэдэхгүй. Харин аав, ээж хоёр минь нутагтаа нэр хүндтэй хүмүүс байсан тулдаа сайнаар хүлээж авсан.
Аав маань аймгийн хангамжийн дарга, Уяачдын холбооны тэргүүнээр олон жил ажилласан учир сум бүрийн уяачдыг сайн танина. “Хар хамар” Бямбасүрэн гэхээр нутгийн хөгшид андахгүй л дээ. Мань хашир үүн дээр нь дөрөөлнө шүү дээ. Сурталчилгаа хийх гэхээр хуулийн хугацаанд 18-хон хоног байдаг. Тэгсэн харин нутгийн иргэдийн гарын үсэг зуруулах нэрээр тойрогтоо ажиллах боломж олдсон юм.Бие даахын тулд 801 хүнээр гарын үсэг зуруулах ёстой гэхээр нь аавыгаа дагуулаад хүргэнээ менежерээ болгоод явлаа даа.1,500 орчим сонгогчтой уулзсанаас 1,200 гаруй нь гарын үсэг зурж өгсөн. Ямар ч байсан нэр дэвшиж байгаа шүү гэдгээ харуулчихлаа. Дараа нь сонгуулийн зардал олох гэж их юм болсон. Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд өөрийн найз нөхдөө урьж хандив цуглуултал 100 гаруй сая төгрөг цугларсан. Үндсэндээ 80 хувь нь надад туслах гэж хандив өргөсөн бол 20 хувь нь бооцоо тавьсан юм шиг байна лээ.
-Тэрийг нь та яаж мэдсэн юм бэ?
-Би гадарлалгүй яахав. Хэн надад хэлэх вэ дээ. Ингээд мөнгө бүрдүүлчихлээ. Штабаа байгуулах гэтэл сумын аль хэл амтай гэснийг нь намууд ухуулагчаар ажиллуулах гээд өрсөөд авчихсан байсан. Ядахад бусад тойрогт нэг, нэг л бие даагч байхад манай тойрогт гурван бие даагч, дээр нь намуудын нэр дэвшигчид өрсөлдсөн. Хэцүүхэн сонсогдож байгаа биз. 18 хоногт аймгийн бүх сумаар ядаж гурван удаа орчих гэж их хичээсэн. 1500 сонгогчтой уулзаад 1408санал авсан даа.
-Тухайн үед бие дааж нэр дэвшсэн зарим хүн юуны төлөө нэр дэвшсэнээ ч ойлгохгүй шахуу яваа харагдсан. Сонгогчдоос оноо авахад мөрийн хөтөлбөр ихээхэн ач холбогдолтой. Магадгүй хуульч, эдийн засагч мэргэжилтэй бол энэ талаараа ярьж, хэлж болох байх. Гэтэл та цэргийн хүн шүү дээ. Сонгуульд ямар сэдвийг голлож барьж ажилласан бэ?
-Батлан хамгаалах салбар, үндэсний аюулгүй байдал гэж яривал хүмүүс ойлгохоосоо илүү төвөгшөөнө. Тэгэхээр би юун дээр төвлөрч ажиллах ёстой вэ, нутгийн иргэдэд ямар асуудал тулгамдаж байна вэ гэж бодсон. Их судалсны эцэст уул уурхай юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Жишээ нь, Баянжаргалан суманд гэхэд хятадын хөрөнгө оруулалттай компаниуд олборлолт нэрийн дор газрыг их хэмжээгээр ухсан. Үүнд нь олон зуун мал унаж үхдэг. Сумын удирдлагууд нь үүнийгээ хянаж чаддаггүй. Гурвансайхан сум гэхэд мөнгөний ордтой. Ариун цэвэр, эрүүл ахуй гэдэг үгтэнд огт үйлчилдэггүй.Угаагаагүй хэд хоносон нь мэдэгдэхгүй аяганд хооллож байна. Сумын төвөөр дүүрэн архичид. Хулд суманд 900 гишүүнтэй жоншны уурхай байгуулсан хэр нь сумынхаа удирдлагуудтай гэрээ байгуулж чадаагүй байх жишээтэй. Гэтэл сумын Засаг дарга нь дүүтэйгээ гэрээ байгуулж жоншны уурхайн тал хувийг эзэмшиж байна. Ерөөс сумын иргэд тэнд л ажиллаж, амьдарч байна шүү дээ. Сонгуулийн үеэр бид ийм л зүйлийг ярьсан.
-2020 оны ээлжит сонгуульд өрсөлдөх үү?
-Төлөвлөсөн зүйл алга. Сонгууль ямар шугамаар явдгийг үзэх гэж л орсон хүн шүү дээ.
-Үнэн үү?
-Итгэх эсэхээ та өөрөө мэд. Хэрвээ би 2020 оны сонгуульд өрсөлдөх байсан бол өдийд аймагтаа ажиллаж байгаа. Гэхдээ УИХ-ын гишүүн болчихоор л үг хэлэх эрх нээгддэг юм биш шүү дээ. Энэ утгаараа өнгөрсөн жилээс сэтгэлдээ тээж явдаг зүйлээ олон нийттэй хуваалцаж эхэлсэн. Бичсэн нийтлэлийнхээ нэг хэсгийг олон нийтийн сүлжээнд байршуулна. Заримыг нь хав дардаг гэх үү дээ. Жишээлбэл, “Монгол Улсын зэвсэгт хүчин хүчгүй байх нь хэнд ашигтай вэ” гээд нийтлэлээ бичсэн. Энэ нийтлэлдээ “Төрийн батлан хамгаалах бодлогын үндэс” гээд баримт бичгийн талаар бичсэн юм. 1998 оноос хойш шинэчлээгүй баримт бичиг л дээ. Шинэчлэх гэж олон жил ажилласан. Гэтэл дотор нь салбартайгаа уялддаггүй зүйл заалт олон байна.

НАМЫН НӨЛӨӨЛЛӨӨС ЛБОЛЖ ГЕНЕРАЛ, ХУРАНДАА НАРЫН НЭР ХҮНД УНАСАН НЬ ҮНЭН. ҮҮНИЙГ БИ ХААНА Ч ХЭЛНЭ

-Та салбарын хүний хувьд тодорхой хэмжээнд судалсан байх. Хуульчидтай санал солилцсон уу?
-Би ажлын хэсэгт нь зургаан жил ажилласан. Ажил үүргийнхээ хувьд ингэх үүрэгтэй байдаг юм. Уг нь Батлан хамгаалахын сайд асан Л. Болд анх ажлын хэсэг байгуулсан юм шүү дээ. Гэтэл дараа нь Ж.Энхбаяр сайд болонгуутаа ажлын хэсгийг өөрчилж, улмаар баримт бичгийг дахин боловсруулсан. Дараа нь Б.Бат-Эрдэнэ сайдаар томилогдсоныхоо дараа “Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаар биш, Эрдэм шинжилгээний хүрээлэнгээр бичүүлнэ” гэсэн. Ц.Цолмон сайдаар ирээд өмнөх сайд асан Б.Бат-Эрдэнийн ярьснаас тэс өөр зүйл хэлэх жишээтэй. Батлан хамгаалах яам 2010-2015 оны хооронд дөрвөн сайдын нүүр үзсэн. Энэ хугацаанд тэд тоглоом хийхийг үзүүлж өгсөн. Анхны ажлын хэсэгт УИХ-ын гишүүн М.Батчимэг байсан юм. Тэр үед Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэрэг, Зэвсэгт хүчний жанжин штаб гээд гол газруудын төлөөлөл оролцож ажиллаж байлаа. Гэтэл энэ бүхэн дөрвөн сайдын гараар ороод замхарсан. Бодлогын баримт бичгийг Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон УИХ-aap батлуулах гэж чуулганд суусан хэр нь өөрөө эсрэг кноп дарж байлаа шүү дээ.
-Яагаад?
-Зэвсэгт хүчин гэдгийн англи нэр томьёо нь Armed Forces эсвэл Defense Forces, оросоор Вооруженних Сил гэж орчуулагддаг. Энэ нь ямар ч тохиолдолд хоёр буюу түүнээс дээш төрөл цэрэг оролцож байж ийм нэршил авдаг. Гэтэл манай улс ганцхан хуурай замын цэрэгтэй байлаа шүү дээ. Тиймээс зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд байгаа агаарын цэргээ бэхжүүлээд бие даасан төрөл цэрэг болгох хэрэгтэй байв. Дээр нь хилийн цэрэг гэсэн нэг төрөл цэрэг байгаа ч тэр нь Хууль зүйн яаманд харьяалалтай. Цэргийг шүү дээ. Гэтэл зэвсэгт хүчин нь Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг. Хэрвээ хилийн цэрэг нь зэвсэгт хүчинтэйгээ хамт байсан бол нэршлийн хувьд асуудалгүй. За яахав. Үүнийг больё гэж бодъё л доо. Тиймээс л зэвсэгт хүчнээ хуурай замын, агаарын цэрэг болгож салгая гэж оруулж ирсэн ухаан нь энэ. Гэтэл дээр нь онцгой байдлын албыг энэ бодлогын баримт бичигт цэргийн байгууллага байхаар оруулж ирсэн. Зэвсэгт хүчинтэй ямар ч хамааралгүй газар шүү дээ. Би үүнийг шүүмжилсэн. Онцгой байдлыг анх байгуулахдаа зэвсэгт хүчнээс иргэний хамгаалалтыг, цагдаагаас ran түймэртэй тэмцэх алба, дээр нь улсын нөөцийг нэгтгээд Онцгой байдлын албыг байгуулсан юм шүү дээ, уг нь. 10 жилийн хугацаанд дүр төрхөө олоод, үйл ажиллагаа нь жигдэрсэн байхад цэргийн байгууллага болгочихсон. Цэргийн байгууллага болгохоор зөрчил үүснэ.Цэргийн байгууллага болсон бол цэргийн зэвсэг техникээр хангагдах ёстой.Дээр нь цэргийн хувцас өмсөж, тангараг өргөнө гэсэн үг. Тэгвэл гаднын донор байгууллагууд “Онцгой байдлын байгууллага биш цэргийн байгууллага байна” гээд тусламж өгөхгүй. Ийм процедур үүсээд байна. Яг үнэндээ цэргийн цол, хангамж, тэтгэвэр тэтгэмжид наалдчих санаатай хийсэн ажил л даа.
Хэрвээ тэгж их анхаармаар байгаа юм бол онцгой байдлын алба хаагчдын эрхзүйн байдлын тухай хуулийг нь батал л даа. Тэгэхгүй цэрэг рүү нялзаах нь буруу. 2015 оноос хэрэгжиж эхэлсэн “Төрийн батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгээр яг ийм зүйл заалт мөрдөж эхэлсэн. Үүнд хилийн цэргээ оруулахдаа хилийн ба дотоодын цэрэг гэж оруулсан. Батлагдах үед нь дотоодын цэрэг нь татан буугдсан байсан. Дараа нь дотоодын цэргээ дахин байгуулсан ч энэ хооронд маш их будлиан болсон.
Энэ юу ч биш. Цэргийн болон хилийн тагнуулыг төв тагнуулын байгууллагатай нэгтгэсэн, Тахар гэж шинээр байгуулсан Дотоодын цэргийг татан буулгасан, Хилийн шалганыг Иргэний харьяатад шилжүүлсэн гээд юу болгов. Улс төрийн бодлого юм байж гэж бодъё. Гэтэл 2016 оны УИХ-ын сонгуулиар гарч ирсэн нөхдүүд өмнөх Засгийн газрын шийдвэрийг үгүйсгэж, буцаагаад байранд оруулахыг юу гэж ойлгох вэ.
Төрийн бодлого мөн үү, төрийн залгамж халаа мөн үү, төрийн хар хайрцагны бодлого энэ мөн үү.Биш гэдгийг ямар ч тэнэг хүн ойлгоно. Нөхцөл байдал ийм л байна. Залхталаа хэллээ, ярилаа. Тоож сонсдог хүн алга.
-Та генерал, дарга нарын олонх нь улс төрийн нөлөөнд орсон гэж хэлсэн. Ер нь ажиглаад байхад уулын амыг модтой нь хашсан том барилгын цөөнгүй нь ямар нэг генералынх байх юм билээ. Бас хамгаалалтын албадын 99 хувь нь цагдаагийн хурандаа нарынх гээд тоочвол олон зүйл бий. Генерал, хурандаа, улстөрчдөө шалгахгүй хэрнээ энгийн ард иргэддээ хатуурхлаа гэж иргэд шүүмжилдэг. Магадгүй таны ярьсан зүйл зөв, зүйтэй байх. Гэхдээ иргэд үүнд тань итгэж, хүлээж авах болов уу?
-Намын нөлөөллөөс л болж генерал, хурандаа нарын нэр хүнд унасан нь үнэн. Би энэ үгийг хаана ч хэлнэ.Ядаж л генералуудын намтар түүхийг нь хар. Тэдний 90 хувь нь байлдагчаас эхэлж энэ салбарт хүчин зүтгэсэн хүмүүс. 10 хувь нь генерал, хурандаа цолыг ямар нэг аргаар авсан. Цэргийн амьдралын жаргал, зовлонг мэдрээгүй хэрнээ ийм өндөр цол зүүх нь шударга бус. Ийм л хүмүүс бидний нэр төрийг унагаж байна.
Насаараа цагдаа, онцгой, зэвсэгт хүчинд зүтгэж байж энэ мөрдсийг зүүсэн хүмүүс зөвхөн албаа л ярьдаг. Гэтэл иргэд Генералууд гүзээтэй байна” гэж шүүмжлэхийг яана. Бүх насаараа цэргийн албанд зүтгээд насандаа суусан хүн жин нэмээ л биз. Гэртээ олон жил суувал хэн ч жин нэмдэг л биз дээ. Та хараарай. Манай генералуудын олонх нь өндөр настай хүмүүс шүү.
Тэднээс гоолиг бие шаардаж яах нь вэ.
-Таны амьдралын түүхээс “анхны” гэдэг үгийг салгаж боломгүй санагдсан. Цэргийн анхны бакалавраас эхлээд Энхийг сахиулахын сургалтын төвийн анхны дарга, Иракын эрх чөлөө анхны ээлжийн цэргийн багийн командлагч гээд маш олон зүйлийг гарааг эхлүүлсэн юм билээ. Таны бичсэн цуврал нийтлэлээс үзвэл багагүй ач холбогдол өгдөг нь харагдсан?
-Анхдагчаа тодотгоод есөн цуврал нийтлэл бичсэн. Маш олон хүнд хүрсэн.Яагаад анхны бакалавр гэхээр анх удаагаа монголын боловсролын салбарт ийм тогтолцоо орж ирсэн юм. Одоогийнхтой адилгүй л дээ. Цэргийн сургууль төгсөх үед онц төгссөн гурван хүн диплом бич гэхэд нөгөө хоёр маань бүдэрчхэж магадгүй гэж эмээсэн.
Тэгээд л би диплом бичиж, хамгаалаад анхны бакалавр болсон юм. Магистр ч ялгаагүй. Нийтлэлээрээ тухайн үеийн боловсролын тогтолцоог харуулах санаатай бичсэн юм. Түүнээс биш миний намтар, түүх хүмүүст нэг их сонин биш байх.
-Та энхийг сахиулах ажиллагааны суурийг тавьсан хүн. 2002 онд анх Энхийг сахиулах ажиллагаанд явахдаа ямар ч туршлагагүй байсан бол өнөөдөр зүг чиг нь тодорхой болсон. Та болон энхийг сахиулах ажиллагаанд явсан үе үеийн цэргүүд тухайн үеийн нөхцөл байдал ямар байсныг олон удаа ярьсан учир үүнийг орхиод өөр өнцгөөс ярья тэгэх үү?
-Бололгүй яах вэ.
-Анхны ажиллагаанд явахад туршлагагүйгээс болж цөөнгүй бэрхшээл тулгамдсан гэх юм билээ. Тэр дундаа нэг удаа тарих ёстой тариаг хоёр удаа тарьсан. Үүнээс болж хэд хэдэн цэргийн шүд унахаас эхлээд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн гэх юм билээ?
-Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон аль ч оронтой харьцуулахад манай улс бүх талаараа дэвшилттэй үзүүлэлттэй байгаа. Би Сьерра Леонд очихдоо Нигерийн цэргээс 2006 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр ээлж хүлээж авсан юм. Тэгэхэд 6-12 сарын хугацаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн ангийн гурван цэрэг ХДХВ/ ДОХ-ын халдвараар, гурван цэрэг хумхаа өвчнөөр нас барсан байсан. Дээр нь сахилга, хүмүүжлийн зөрчил тоймгүй их.
Манай улс НҮБ-ын шугамаар 2002 оноос хойш үүрэг хүлээснээс хойш эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан тохиолдол хоёр, гурван удаа гарсан.Бусад улстай харьцуулахад яагаад ийм цөөхөн тохиолдол гарав гэхээр үүрэг гүйцэтгэхээр явах гэж байгаа цэргүүдийг эрүүл мэндийн үзлэгт маш сайн хамруулдаг. Ямар нэг өөрчлөлттэй бол явуулахгүй. Учир нь халуун орны цаг уур биед нуугдмал байсан өвчнийг ил болгодог юм билээ. Тэр битгий хэл насны хязгаарыг 40 гэж заасан шүү дээ. Ажиллагаанаас татсан тохиолдол ч бий. Тухайлбал, нэг цэрэг маань тархины хорт хавдартай гэдэг нь ажиллагаанд очсоны дараа илэрсэн учир Монгол руу буцааж байлаа. Уг нь энд байхад бүх талын шинжилгээ авахад юу ч илрээгүй. Ийм л аюултай. Тэр цэрэг маань Монголдоо ирээд яаралтай хагалгаанд орсон. Өнөөдөр эрүүл саруул сайхан амьдарч байгаа. Харин нас барсан тохиолдлын хувьд үүн шиг далд хэлбэрийн өвчлөлөөс болсон юм. Мөнгөншагай гээд ахлагч далд хэлбэрийн сүрьеэтэй байсан юм билээ. Очсон хойноо гэнэт энэ нь илэрч нас барсан. Ар гэрт нь мэдэгдэхэд ямар хүнд хэцүү байсан гэж санана. Сэтгэлээс нэг зүйл ураад авчих шиг болдог юм билээ. Эмний тухайд яг үнэндээ анхны үед ямар ч ойлголт байгаагүй.Ялангуяа намайг анх Иракт алба хаах үед ямар эм, тариа хэрэглэхээ мэддэггүй байсан үе.Өөрсдөө судалж, судалж шар чичиргэний эсрэг вакцин, гепатит A, В хийлгэх юм байна гэж хийлгэсэн. Энэ нь 2003 он шүү дээ. 2005 онд Сьерра Леонд үүрэг гүйцэтгэхийн өмнө Г.Рагчаа генерал бид хоёр Либер рүү туршуулын үүрэг гүйцэтгэхээр багаасаа түрүүлж явсан юм. Гэтэл малиарын эсрэг эм уух ёстой байсан юм билээ. Хэрвээ малиарын шумуулд хатгуулсан бол амь насаа алдах эрсдэлтэй байж. Үүнийг ч мэдэхгүй. Инээдтэй ч юм шиг. Азаар шумууланд хатгуулалгүй эсэн мэнд ирсэн дээ. Ирсний дараа хумхаагүйн эсрэг эм уудаг гэхээр нь бас судлаад мефлокин гэдэг эмийг сонгосон юм. Ажиллагаанд явахаас долоо хоногийн өмнө уугаад ажиллагаанаас ирснээс хойш хоёр долоо хоног уудаг эм. Таны асуусан тарианы хувьд шар чичиргэний эсрэг тариа л даа.Иракт хоёр удаа ажиллагаанд явсан цэрэгт хоёр удаа энэ тариаг хийчихгүй юу.Гэтэл 2005 оны үед НҮБ-аас ирүүлсэн вакцинжуулалтын товлолын дэвтэр дээр 10 жилд нэг удаа хийлгэх ёстой гэж бичсэн байсан. Үүнийг нь мэдэхгүй учир хоёр удаа хийсэн нь энэ. Иймэрхүү тохиолдол гарч байсан нь үнэн. Шүд суларч унасан гэдэг өрөөсгөл ойлголт. Африк, Иракт отсон ямар ч цэргийн шүд сулардаг. Ядаж л хоол ундаас нь эхлээд цаг уур нь ямар билээ. Тиймээс ааруул, ээзгий идүүлж, шүдийг нь бэхжүүлдэг.
-Та 2009-2015 он хүртэл бүх цэргийн хар Их хар сүлдийн “Сүлдэч” хэмээх хүндтэй албыг хашсан. Хамгийн олон жил сүлдэчээр ажилласан хүний нэг юм болов уу гэж харсан?
-Хамгийн анхны Их хар сүлдийг мөнх хөх тэнгэрээс буулгаж, Чингис хаан Мухулай жанжинд хариуцуулсан гэдэг. Эндээс уламжилж, 1992 онд Бүх цэргийн Их хар сүлдийг бүтээхэд үхэр жилтэй хүнд хариуцуулах ёстой гээд Б.Шагдар генералд “Сүлдэч” албыг хариуцуулахад 10 жил үүргээ нэр төртэй биелүүлсэн. Үүний дараа М.Борбаатар генерал дөрвөн жил, А.Ганбат генерал гурван жил, би зургаан жил “Сүлдэч”-ээр ажилласан. Бүх цэргийн Их хар сүлдийн “Сүлдэч” гэдэг хүн Ерөнхийлөгчийн зарлигаар rap хүрэх эрхтэй цорын ганц хүн шүү дээ. Ийм эрхэм дээд тугийг зургаан жил залах нь эрхэм дээд үүрэг юм даа.
-Х.Баттулга Ерөнхийлөгч генералуудтай уулзаж, багагүй зүйл ярилцсан. Танд юу бодогдов?
-Хоёр хэсгээс бүрдсэн уулзалт болсон. Эхний нээлттэй хэсэгт би огт юм хэлээгүй. Харин хаалттай хэсэг буюу камергүй хэсэгт нь Ерөнхийлөгчид хандаж хатуухан үг хэлсэн. Угаасаа хэлье ч гэж бодож очсон.
-Яг юу ярьсан юм бэ?
-Бүтээн байгуулалтад цэргүүдийг оролцуулах тухай яригдсан даа. Үүнийг нь бүрэн дэмжиж байна. Учир нь бүтээн байгуулалтад оролцуулах замаар зэвсэгт хүчнээ бэхжүүлж, хөгжүүлнэ гэж ойлгож дэмжиж байна гэж хэлсэн. Дараагийн нэг асуудал нь генералуудаас санал авсан тохиолдол түүхэндээ байхгүй. Энэ утгаараа дэмжиж гурван санал хэлсэн юм. Нэгдүгээрт, төрийн гурван өндөрлөг нэг ойлголттойгоор бүтээн байгуулалтыг эхлүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар гурвуулаа гурван тийшээ харж суучхаад гурван өөр зүйл ярьж байна. Тиймээс ‘Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр энэ асуудлаа сайн ярилц. Шаардлагатай гэвэл биднийг байлцуулаач” гэж хүссэн. Нөгөө хоёр, нь үндэсний аюулгүй байдал, цэргийн байгууллагын статустай холбоотой асуудлыг хэлсэн.
-Бүтээн байгуулалтад цэргүүдийг оролцуулсан түүх манай улсад бий. Гэхдээ өнөөгийн нийгэмд хэрэгжих бүрэн боломжтой гэж та харж байгаа гэсэн үг үү?
-Яагаад болохгүй гэж. Тендер нэрээр улсын мөнгийг яаж шамшигдуулж байгааг хараа биз дээ. Хэрэгжүүлэхийн тулд тодорхой хэмжээний зохицуулалт хийх нь ойлгомжтой. Тендерт шалгарсан хэрнээ ажлаа гүйцэтгэж чадахгүй компанид төр итгэж, ажил даатгах хэрэг байна уу. Дээрээс нь манай дотоодын компаниуд барилга, замын ажил аваад гаднын ажиллах хүчийг ашиглан дотоодын ажиллах хүчнээ ажилгүй байлгаж байна.
Тиймээс л ядаж зам, төмөр зам зэрэг их бүтээн байгуулалт цэргүүдийг түлхүү ажиллуулах гэсэн санаа бий. Уг нь бол шинэ зүйл биш. Барилгын цэргийн анги гэж өмнө нь байсан. 2010 онд Баян-Өлгий, Баянхонгор, Сүхбаатар аймагт барилга инженерийн анги байгуулсан. Тухайн орон нутгийн хувийн хэвшлээс илүү бүтээн байгуулалтыг тэд хийж байна. Увс, Архангай, Хэнтий гээд олон аймгаас ийм захиалга ирсэн. Ингээд бодохоор аль нь үр дүнтэй байна гэдгийг иргэд тунгаах биз.
-Сонирхож асуухад, төрсөн өдрөөрөө нэг минутад 100 удаа суниасан бичлэгээ сошиалд тавихад “Арай л хурдан суниалаа. Дутаа шахлаа” гэх зэргээр хүмүүс шүүмжилж байсан.
-Хэр баргийн хүн нэг минутад 100 суниаж амжихгүй. Бараг 100 үг хал гэхэд бүдрэх болов уу. Шүүмжилсэн хүмүүс эхлээд өөрсдөө 100 суниачих. Дараа нь нэг минутад амжуулчих. Тэгээд бусдыг шүүмжил. Яагаад суниасан бэ гэхээр би түрүүн хэлсэн дээ. Хийдэг юм аа хийчихсэн хүмүүсээс гоолиг бие шаардаж яах нь вэ. Ямар ч хүн 60 нас хүрэхээр хөдөлгөөн нь удааширдаг биз дээ. Залуудаа ямар сайхан жавхаалаг залуус байсан гэж санана.
Зарим генералууд маань өвчний улмаас таргалсан. Чойжамц генералын зургийг тавиад дор нь элдвээр хэлсэн харагдсан.Хүнийг бүрэн мэдэхгүй байж хөндлөнгөөс шүүмжлэхээ болих хэрэгтэй. Зарим хүн надаас генерал хувцастайгаа суниагаад үзүүлчих гэж гуйсан. Зунаас цэргийн сургууль юм уу, аль нэг цэргийн ангид очиж суниаж үзүүлнэ. Тэгээд шүүмжлэх эсэхээ мэднэ биз.

Г.НАЦАГ-ЭРДЭНЭ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

2018 ОНЫ 2 САРЫН 8


URL: