Л.Мөнхтүшиг: Алтанбулаг боомтоор 594 оюутныг авчрахаар боллоо

78

Улсын шуурхай штабын мэдээлэл хийх үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л. Мөнхтүшиг Монгол иргэдийг татан авах ажлаас гадна Монгол иргэд гадаадад зорчихтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “УОК, Засгийн газрын шийдвэрээр гадаадад байгаа иргэдийг шат дараатай зохион байгуулан татан авч байна. Өнөөдөр өглөө агаарын замаар 170 иргэн ирсэн. Тавдугаар сарын 26,27 –ний өдрүүдэд Алтанбулаг боомтоор ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй бусад оюутнуудыг татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдөр юмуу маргааш Алтанбулаг боомтоор 594 оюутан орж ирэх тооцоо гарсан байна. Эдгээр оюутнуудыг Алтанбулаг боомтоор нэвтрүүлсний дараа төмөр замаар Улаанбаатар хотын тусгаарлах байрнуудад тусгаарлахаар ажиллаж байна. Эдгээр оюутнуудын дотор энгийн сургуулийн сурагчид болон Хуульзүйн яамны харъяа агентлагуудын шугамаар суралцдаг 244 сонсогч ирнэ. Өнөөдөр, маргааш ОХУ-аас сүүлийн багцийн иргэдийг татан авах ажил дууссаны дараа, дараагийн чиглэлийн татан авах ажлын төлөвлөгөөг эцэслэн гаргана. Монгол улс хүн амынхаа 0.28 хувийг гадаадаас татаж авсан байна. Мөн Зүүн-Өмнөд Азид байгаа ирэдийг хэрхэн татаж авах талаарх төлөвлөгөөг гаргаж байгаа.  Эдгээр төлөвлөгөөнүүд ОХУ-аас ирэх оюутнуудын шинжилгээний хариу гарсны дараа ХӨСҮТ-ийн нөөц бололцоонд тулгуурлан дараагийн ажлын төлөвлөгөөг гаргана. ” хэмээлээ.  Мөн иргэдээс БНХАУ-д зорчих хүсэлт нэмэгдэх болсон байна.

Улсын шуурхай штабын орлогч дарга Б. Мандахгэрэл

Өнөөдрийн байдлаар коронавирусээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний хүрээнд гадаадаас ирсэн 1248 иргэн тусгаарлагдсан байна. Эдгээр хүнээс 790 хүн нь Улаанбаатар хотод байна. Үлдсэн 458 хүн орон нутагт тусгаарлагдаж байна. Тухайлбал Дархан-Уул аймагт 135, Орхон аймагт 117, Өмнөговь аймагт 71 хүн тусгаарлалтад байна. Өнөөдөр өглөөний 06:30 минутад Москва-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгээр ОХУ-д суралцаж байсан 170 оюутан ирсэн. Эдгээр оюутны 89 хувь эмэгтэй, 11 хувь нь эрэгтэй оюутан байна.


URL: