Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс найман заалт л өнөөдрөөс хэрэгжинэ
- УИХ болон Засгийн газрын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулснаас 23 заалт шууд хэрэгжих боломжгүй болжээ
- Хуваарийн дагуу 40 хуулийг үндсэн хуульд нийцүүлэх ёстойгоос 10 гаруй хуулийг л баталж амжжээ
Энэ парламентын хамгийн том ажил хэмээн нэрлэгдэж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд өнөөдөр 12:00 цагаас эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх ч таван багц асуудлаас гурав нь л хэрэгжиж эхлэхээр байна.
Өнгөрсөн оны сүүлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийснийхээ дараа “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Тус тогтоолоор холбогдох хуулиудад хэрхэн “засвар” хийх хуваарийг ч хавсралтаар баталсан юм. Тогтоолын хавсралт ёсоор 40 гаруй хуулийг Үндсэн хуульд нийцүүлж батлах ёстойгоос хаврын чуулганаар УИХ болон Засгийн газрын тухай хууль, Төрийн аудитын тухай, Шүүхийн багц хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай зэрэг 10 гаруй хуулийг л баталж амжив. Түүнээс улбаалаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орсон зарим заалт өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэх боломжгүй болжээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр 12:00 цагаас хэрэгжих боломжтой заалт арав хүрэхгүй байна. Үүнд, байгалийн баялагтай холбоотой, УИХ-ын сонгууль явуулахаас өмнө жилийн дотор хуулийг өөрчлөхгүй гэсэн, ард нийтийн санал асуулга явуулах зэрэг нийтлэг заалтууд шууд хэрэгжих боломжтой. Мөн УИХ хаврын чуулганаараа шүүхийн багц хуулийг баталсан тул шүүхийг тойргийн зарчмаар байгуулах, шүүхийн ерөнхий зөвлөлийг сонгох, Шүүгчийн сахилгын хороотой болохтой холбоотой гурван заалт шууд хэрэгжих боломжтой юм.
Харин нутгийн удирдлага, зохион байгуулалттай холбоотой зарим заалт нь хэрэгжиж болох ч зарим нь холбогдох хууль батлагдаагүйгээс шууд хэрэгжихээргүй болж байна. Жишээлбэл, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтоох эрх болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг УИХ, Засгийн газар шийдвэрлэх боломжтой болсон. Харин Үндсэн хуулийн 59.2-т заасан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болно” гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд нутгийн удирдлагатай холбоотой хуулиудыг баталж чадаагүй байгаа тул шууд хэрэгжих боломжгүй гэсэн үг. Эдгээрээс гадна УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны шинэчлэл болох 23 заалт, Ерөнхийлөгчид хамаарах хоёр заалт мөн л хойшлох нь.
Ерөнхийлөгчтэй холбоотой заалтуудын хувьд УИХ-аар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиудыг хэлэлцээгүй байгаа учраас Үндсэн хуулийн 30.2-д заасан “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт хэрэгжих боломжгүй юм. Онц болон дайны байдал зарласан үед Ерөнхийлөгчид бүрэн эрх олгох заалт ч мөн хэрэгжих боломжгүй. Харин УИХ, Засгийн газартай холбоотой заалтуудыг энэ удаагийн сонгуулиар байгуулах парламент, Засгийн газар хэрэгжүүлж эхлэхээр шийдвэрлэсэн тул өнөөдөр хэрэгжиж эхлэхгүй юм. Цаг хугацааны энэхүү хайч өнөөдөр ч хуульчдын дунд маргаантай сэдэв хэвээр байна. Тэр дундаа Засгийн газрын тухай хуулийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулсан нь маргаан дагуулсаар байгаа. Зарим хуульч Үндсэн хууль хэрэгжиж эхлэхээр Цэцэд хандаж Засгийн газрыг огцруулах, хуульд нийцүүлэх асуудлаар зарга үүсгэхээ мэдэгдсэн бол УИХ-ын гишүүд Үндсэн хууль боловсруулсан хуульчид сарын дараа хэрэгжих боломжтой хэмээн мэтгэлцсээр байна.
Засгийн газрын мэдээ
URL: